Ш.Отгонбилэгийн менежментийн бодлогын үр өгөөж
- 2020-02-03
- Нийтлэл
- 2
Миний бие Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол талын ерөнхий захирал Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны ажиллаж байх тэр үед Баяжуулах үйлдвэрт жирийн ажилчнаар ажиллаж байсан.
Би түүнтэй биечлэн уулзаж байгаагүй, намайг тэр хүн огт танихгүй, түүнийг үйлдвэрийн цех хэсэгт ажилчидтай уулзалт ярилцлага хийж байхад холоос л харж байлаа.
Гэхдээ түүний алсын хараатай зөв мэргэн бодлого шийдвэрийн ач буяныг хүртэж ОХУ-н Санкт-Петербурги хотын Дэлхийд данстай олон зуун жилийн түүхтэй Уул уурхайн Их Сургуульд явж суралцаж төгссөн мэдлэг боловсрол эзэмшсэн хүний хувьд түүний маш их далайцтай сэтгэж өргөн цар хүрээтэй ажилладаг, шилдэг менежер байсан тухай өөрийн мэдэх зүйлийг хүргэх нь миний үүрэг гэж ойлгодог.
Ерээд оны эхэн үеэс Монгол оронд эмх замбараагүй байдал бий болж, эдийн засаг доголдож үндэсний үйлдвэрлэл унаж, өмнөх тогтолцооны үед бий болсон материаллаг баялаг үнэт зүйлсээ эвдэн сүйдгэж, зарим төв суурин газар балгас болж байсныг бид мэднэ.
Энэ үед унаагүй доголдоогүй хэвийн, харин ч урьд өмнөхөөс үр өгөөжтэй ажиллаж улс орны эдийн засгийн хүндрэлийг давж туулахад түүчээ нь болсон ганц газар бол Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байлаа гэж олон хүн ярьдаг бичдэг хүлээн зөвшөөрдөг.
Тиймээ тэр үед “Эрдэнэт” үйлдвэрийг чадварлагмэргэжлийн өндөр түвшинд удирдан чиглүүлж жигд хэвийн ажиллуулан Монгол Улс эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүн бол Ш.Отгонбилэг мөн билээ.
Тухайн үеийн ерөнхий сайд асан П.Жасрай гуай “Улсын төсвийн орлого маш хүнд байсан он жилүүдэд Эрдэнэт үйлдвэр улс орныхоо эрх ашиг, төсвийн шаардлагын үүднээс маш сайн ажиллаж, төсөвт оруулах мөнгөө цаг хугацаанд нь өгдөг байсан” гэж дурсан бичсэн байдаг.
Манай “Эрдэнэт” үйлдвэрийн туулсан зам, тухай үеийн цаг зуурын зөрчил бэрхшээлээс ангид байгаагүй ч хөгжил дэвшил, амжилт бүтээл, ололтоор дүүрэн байлаа.
Мөн тэр үед улс орны хэмжээнд боловсролын систем уналтад орж боловсон хүчний бодлого алдагдсан хүнд нөхцөлд түүний санаачилга алсын хараатай бодлого шийдвэрээр “Эрдэнэт”үйлдвэр ирээдүйн боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудаа гадаад дотоодын их дээд сургуульд өөрийн зардал хөрөнгөөр бэлтгэж эхэлсэн.
Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Сургалтын Төвийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн тэлж 1996 оноос уул уурхай салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх Технологийн Сургууль болгон өөрчилсөн бөгөөд тус сургуулийг 2001 онд “Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн Сургууль” болгосон. Тус сургуулийг үндэслэн байгуулагч түүний хүрэл хөшөөг хоймортоо сүндэрлүүлэн босгосон байгаа.
Өнөөдөр энэ оновчтой бодлого шийдвэрийн үр дүнд бэлтгэгдсэн олон инженер техникийн ажилтнууд “Эрдэнэт “үйлдвэрийнхээ цех хэсгүүдийг удирдан чиглүүлж үйлдвэрээ түүчээлэн авч явж байна.
Хамгийн тод жишээ гэхэд л үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, ерөнхий инженерийн албанд ажиллаж буй Т.Батмөнх гээд түүний оновчтой менежментийн бодлогын үр өгөөж өнөөдөр ч үр шимээ өгсөөр байгаа билээ.
Энэ бүхэн түүний хүний хүчин зүйл, хөгжлийн асуудлыг онцгойлон авч үздэг, боловсон хүчнийг сайн судалдаг, тэднийг цаашид хөгжүүлэх сургах мэргэшүүлэх талаар илүү анхаарч хэтийн бодлоготой ажилладаг байсны үр шим бөгөөд манай үйлдвэрийн өчигдөр, өнөөдрийн өнгө төрх болсоор ирсэн төдийгүй маргаашийн итгэл найдвар юм.
Монгол Улс, ОХУ-н хоёрын ал алинд нь учирсан улс төр, эдийн засгийн хямрал доройтолд орсон 1990-ээд оны эхний хэдэн жилд үйлдвэрлэл уналтад орж байсан үе бий. Гэхдээ энэ уналтын жилүүдэд манай үйлдвэрийн хамт олон Ш.Отгонбилэгийн зөв оновчтой удирдлагаар бэрхшээл уналтыг түргэн хугацаанд давж туулан 1992 оноос үйлдвэрлэлийн сэргэлт эхэлсэн бөгөөд улмаар 1994 онд анх удаа 20,04 сая тонн хүдэр олборлон түүхэн сэргэлтийн үе эхэлж байсан.
Чухамдаа энэ үеийг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд эргэлтийн жил, түүхийн цоо шинэ үе эхэлсэн жилүүд гэж зүй ёсоор үздэг.Учир нь орд газрын түвшин доошлох тусам хүдэр дахь зэсийн агуулга буурдаг, уулын ажил ихсэж нэг тонн хүдэр боловсруулах зардал өсөн нэмэгддэг.
Ийм үед аливаа уул уурхайн компаниуд шинэ техник технологийг нэвтрүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажиллагсдынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, зардлаа бууруулах гээд олон арга хэмжээг авч эхэлдэг.
Тэр үед үйлдвэрийг удирдаж байсан Ш.Отгонбилэг захирал Оросын “Горны журнал” мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ “Эрдэнэт” үйлдвэрт техник технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлийн боловсон хүчний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа тухайгаа бичиж байсан ба тэр үед оюутан байсан миний бие маш анхааралтай уншиж судалж, ажиглан харж байлаа.
Түүний санаачилга удирдлагаар тэр үед хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг 1994-2004 онд хөгжүүлэх концепци боловсруулан хэтийн төлөвөө тодорхойлж байсан.
Энэ он жилүүдэд “Эрдэнэт“ үйлдвэр хэвийн ажиллаж хүрээгээ улам тэлж дэлхийн дэвжээнд дуудах нэртэй, дуурсах алдартай болсон бөгөөд өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.
Өнөөдөр ч бид энэ жишгээр үйлдвэрийнхээ алс хэтийн төлөв, хөгжлийн концепцийг боловсруулан түүнийхээ дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа удирдан чиглүүлж ажилладаг ба бидний өнөөгийн түүхэн том том амжилтуудын эх үндэс тэр үеэс бий болсон гэж боддог.
Тэрээр мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай, өргөн цар хүрээтэй сэтгэдэг, шударга шуурхай ажилладаг байсан ба түүнийг ажиллаж байх үед “Эрдэнэт” үйлдвэр жигд хэвийн ажиллаж төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж монгол мэргэжилтнүүд цех хэсгийн удирдах албан тушаалд томилогдон ажиллаж, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг бүх талаас нь шийдвэрлэх зоригтой алхмууд хийгдэж байлаа.
Ш.Отгонбилэг агсан “Эрдэнэт” үйлдвэрт 1988 онд ерөнхий захирлын 1-р орлогчоор томилогдон ирж удалгүй ерөнхий захирал болсон ба түүнийг ирсний дараахнаас манай Баяжуулах үйлдвэрийн бараг бүх цех хэсгийн дарга нар бүгд монгол инженер техникийн ажилтнууд болж эхэлснийг тодхон санаж байна.
Манайд дэлгүүр хоршоонд өнгөт зурагт, систем хөгжим гэж байдаггүй, худалдаггүй бараа тавор хомс байх үед түүний бодлого шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ажиллагсдадаа цалингийн зээлээр Японы өнгөт телевизор өгч байсан үеийг дурсан санах сайхан байна.Мөн барилгын салбар уналтад ороод бүрэн зогссон үед үйлдвэрийнхээ ажилдагсдад зориулан шинэ орон сууцны байшин захиалан бариулж олгож байсан өөдрөг сайхан түүх ч бий.
Энэ бүхэн Ш.Отгонбилэг захирлын асар их хөдөлмөр, эрдэм мэдлэг, хувь хүний ухаан авхаалж самбаа, сэргэлэн оюун ухаан, эр зориг, дайчин шуурхай зан төлөв, өвөрмөц сэтгэлгээний ач буян гэдгийг дахин хэлмээр байна. Гэхдээ түүнй хийсэн бүтээсэн зүйлс зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйтэрээр уул уурхай, улс төр, нийгэм соёл, урлаг спорт, удирдлага менежмент гээд олон салбарт хүрч ажиллаж байсныг намтар түүхээс нь харж болно.
Түүний санаачилгаар Эрдэнэт уулын лус савдгийг аргадан хоёр жил тутамд тахиж байх болсон бөгөөд энэ арга хэмжээ өнөөдөр ч гэсэн уламжлал болон үргэлжилсээр байгаа билээ.
Энэ нь наадам хийх дуртайдаа биш бүр зарим хүнд жижиг зүйл мухар сүсэг мэт санагдах боловч нөгөө утгаараа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль экологийн тэнцвэртэй байдлын тухай мэдлэг, өв соёлыг төлөвшүүлдэг маш өргөн хүрээтэй чухал арга хэмжээ болдог юм.
Байгаль эх газар дэлхийн ариун нандин байдал, ирээдүйн оршин тогтнолд хайр гамгүй хандах сэтгэл уурхайчин бидний хэнд маань ч байх ёсгүй юм.
Ер нь дэлхийн олон орны уурхайчдад ажиллаж амьдарч, хоолоо олж идэж байгаа уул ус, газар дэлхий, уурхайгаа тахин шүтэж дээдлэн хүндэлж, хайрлан хамгаалдаг, чинь сэтгэлээсээ сүслэн залбирдаг ёс заншил, өв уламжлалтай байдаг.
Уулын инженер маркшейдер, эрдэмтэн Ш.Отгонбилэг бол эзэмшсэн мэргэжил, өндөр боловсрол, бүтээлч сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөр, ухамсарт бүхий л амьдрал үйл ажиллагаагаа Монгол Улсын уул уурхайн салбарт зориулж үр бүтээлтэй ажиллаж амьдарсан нэгэн юм.
Технологийн Сургуулийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн: Д.Отгонбаатар
Сэтгэгдэл (2)
Иргэн (203.169.50.253)
Нэгэн удаа Герман, Англи хүмүүстэй бизнес уулзалт хийх үеэр Отгонбилэг гуай ирээд, санаа бодлоо англиар олон таван үггүй товч тодорхой илэрхийлж, асуудлыг тэр дор нь шийдээд гарахад тэнд байсан гадаадынхан бүгд түүнийг чин сэтгэлээсээ хүндэтгэн, япончууд шиг мэхийн ёсолсоор үдэж билээ. Тэдгээр гадны улс, би ч бас түүнтэй анх удаа уулзсан бөгөөд богинохон хугацаанд гүн сэтгэгдэл төрүүлсэн нь түүний ухаан, мэдлэг хэр их цараатай байсныг харуулна.
Irgen (202.179.31.40)
Зөв зүйл бичсэн байна. Одоо цагт бие биесээ муулж, мэрдэг нь олон болсон болохоос хүний хийж бүтээснийг ойлогож үнэлэх, санах ой санамж үгүй болсон энэ цаг үед зөв, өөдрөг нийтлэл уншаад сэтгэл сэргэлээ. Бид тамын тогооны үлгэрээс салаагүй цагт хөгжлийн тухай хэлээд ч нэмэргүй.