Ард олноо өвөг дээдсийнхээ зан үйлээр удирддаг үндэстэн дардан зам руу гарна

 

Үндэсний ой санамж-1

Төрийн зан үйл нь төрийн удирдлагын дээд хэлбэр

Дунд орны түүх эх сурвалжийн эцэг Сыма Цяни хэмээгчийн “Түүхэн тэмдэглэл” бүтээлийн “Зан үйлийн бичиг” нэртэй 23-р хэсэгт зан үйл нь төрийн удирдлагын дээд хэлбэр болох тухай өгүүлжээ. Дунд орны нэн эртний түүх нь 5 их эзний (хуандигийн) үеэс эхэлдэг бөгөөд тэд Дунд орны гол усыг номхотгосон, мал аж ахуйтнаас салаалан хэсгэлсэн ард түмний хойч байжээ. Тэд мал аж ахуйтны зан үйлийг Дунд оронд нэн эрт цагт хүргэжээ. НЭӨ I зуунд оршиж байсан Сыма Цяни өнөөгийн Монгол улсын төр бэхжихэд нэн хэрэгтэй эртний сургаалийг бичин үлдээжээ. Түүний бичин үлдээсэн төрийн зан үйлийн тухай Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие уг эх сурвалжийг нь үгчлэн толомчлохгүйгээр (орчуулахгүй) утгыг нь өөрийн үгээр ухагч та бүхэндээ тайлбарлах нь үр дүндтэй гэж тооцов. Миний нийтлэлд эргэлзэж буй нэгэн нь уг эх сурвалжийг судлаарай.

 

Зан нь дахин буюу давтагдах гэсэн утгыг илэрхийлнэ. Зан гэдэг үгийг өдгөөгөөс 1000 жилийн урьд бичигдсэн Диван Лугат толинд 4722, 5474 Зан-снова буюу дахин гээн тайлбарлажээ. Зан үйл нь дахин үйл буюу дахин хийдэг үйл болгоныг хэлнэ.

Төрийн зан үйл нь удирдлага болон хүмүүсийн нийгмийн ялгааг харуулж буй дээд хэлбэр, улсын хүч болон бат бөхийн үндэс болохоос гадна үүгээр (төрийн зан үйлээр) төр эрх мэдлээ зузаатгаж, ард олныхоо хүчин зүтгэл болон өөрийн алдар гавъяагаа цуурайтуулдаг. Хэрэв орон нутгын ноёд зан үйлээ мөрдөх юм бол орон нутаг дахь удирдлага сайжирна. Хэрэв орон нутгын удирдлага зан үйлээ эс мөрдвөөс тэд газар тариалангийн сүнс болох савдаг навдгаасаа холдоно. Ийм учир дан ганц хуяг дуулга, зэвсгийн хурц ирээр ялалтан хүрдэггүй, дан ганц өндөр хэрэм, гүн далан нь хамгаалт болж эс чадна. Мөн дан ганц хатуу зарлиг, олон тушаалууд нь ард олны итгэлийг хаан олж авч эс чадна. Чу улсын хуяг дуулга нь аврага загас, усан үхрийн ширээр хийгдсэн тул хөнгөн бөгөөд төмөр, чулууны дайтай хатуу байжээ. Тэд Юаньд сайн чанарын төмрөөр сунгуг жадаа хийжээ. Тэдний цэрэг бэлтгэл сургууль сайтай байжээ. Гэвч Чу улсад ард олны бослого гарч Чу улс олон хуваагдав. Энэ нь хуяг дуулганы мууд биш буруу замаар ард олноо удирдсанд оршино.

 

 

Амьдралын утга учрыг зөвхөн өөрийн амиа хадгалахад оршино гэж боддог нэгэн нь гарцаагүй үхдэг, олз олоход оршино гэж боддог нэгэн нь гарцаагүй гай гарз, өрөнд баригддаг, өөрийгөө зовоохгүй гэж боддог нэгэн нь заавал зовлонд унадаг, өөрийн хүсэл тачаалд хүрэх гэж боддог нэгэн нь гарцаагүй осолд орж өөд болдог. Тийм учир зан үйлээ дээдэлдэг билгэ нэгэн нь бүх харилцаанд хождог. Өөрийнхөө хүслийг туйлын зорилгоо болгох нэгэн нь хүмүүний харилцааны аль алинд нь алдана.

Тэнгэр газар нь амьтай бүхний өлгий; манай анхны дээдэс овгын маань эх; эзэд болон улсын багш удирдлагын ул. Тэнгэр Газар байсангүй бол хэрхэн амьдрал үүсэх билээ? Өвөг дээдэс байгаагүйсэн бол үр хойчис хэрхэн бий болох билээ? Эзэд, улсын багш байгаагүйсэн бол хүмүүсийг хэн удирдах билээ? Энэ гурван суурь улын нэгэн нь үгүй бол хүмүүс амар амгаланг үзэхгүй. Тийм учир зан үйлийн утга нь дээр тэнгэрт, доор газартаа зүтгэхэд, өвөг дээдсээ дээдлэхэд, эзэд, улсын багшаа хүндэтгэхэд оршино. Энэ бүхэн төрийн зан үйлийн гурван үндэс болно.

Тэнгэр нь өндөрийн дээд, Газар нь намын доод, Нар болон Сар нь гэрлийн дээд бөгөөд огтор оргүйн дээд, билгэ нэгэн нь зөв золын (замын) дээд.

Түүхэн эх сурвалжаар манай мал аж ахуйтан дээдэс дээрх зан үйлийг хэрхэн мөрдөж байсан тухай түүхэн баримт сөхөцгөөе!

“Он болгоны анхны сарнаар удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг. Таван сард Лүн хотод их чуулганд ирэн өвөг дээдэс, Тэнгэр газар, хүний болон Тэнгэрийн сүнс-гүйшнд тахил өргөдөг. Намар адуу таргалахаар дахин Их чуулганыг Дайлинд хийж, хүн малын тоог нягталдаг”. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” НТӨ I зууны эхэн үе. Эдгээр гурван баяр нь хүннүгийн уламжлалт баяр болох тухай НТ V зуунд Фань.Э Хожуу Хан илийн бичиг “Өмнөд Хүннүгийн шастир”-т давхар дурджээ.

Энэ тухай Өмнөд төрийн Сун улсын түүхч Фан.Э-гийн V зууны эхэнд бичсэн Хожуу Хан төрийн бичиг дэх Өмнөд Хүннүгийн шастирт ингэж бичжээ: “Хүннүгийн заншилаар жилд гурван удаа тахилга хийнэ. Үргэлжид цаг он сар, таван сар, есөн сарын нохой өдөр тэнгэр сахиусаа тахина. Өмнөд жангур (шанью) дотогшоо дагаснаас хойш Дунд орны Ди-г хамтатган тахих болов. Олон аймгууд хурж төрийн хэргийг зөвлөлдөн морь болон тэмээ уралдуулан цэнгэнэ”.

Зан үйлийн мөн чанарыг тунгааж чаддаг нэгнийг сэхээрэх чадвартай гэнэ. Сэрээх чадвартай нэгэн нь зан үйлийг өөрчлөхгүй мөрдөж чадаж байвал түүнийг тууштай нэгэн нь гэнэ. Зан заншлынхаа мөн чанарыг ухааран сэхээрч, түүнийгээ өөрчлөхгүй тууштай мөрддөг нэгэн нь энэ зан үйлийнхээ ёсонд хайртай бол түүнийг билгэ нэгэн нь гэнэ гэж билгүүн дээдэс өгүүлдэг байжээ.

Тийм учир дээрх гурван зан үйлээс цагаан сар буюу цаг он сар баярыг өнөө Хүн төрийн хойч Монгол төр тэмдэглэж байна. Лүнгийн тахилга нь цаг оны 5-р сар буюу өнөөгийн Наадамтай хугацааны хувьд тохирч байна. Бид уг зан үйлийн наадгайны хэсгийг л өвлөн үлджээ. Дайлин-гийн тахилга яагаад хийгдэхээ больсны хожим ухагч танд хүргэнэ.

Зан үйл гээгддэг боловч түүнийг сэрээж болно. Төрийн зан үйлийг сэрээхдээ хүмүүний сэтгэл мэдрэмжээс эхэлнэ. Зөвхөн хүний чанар дээр тулгуурлан төрийн зан үйл болон түүнд орох ёсыг боловсруулан сэрээнэ. Нэн эртнээс ингэж л зан үйлийг бий болгож байжээ. Эрт дээр үед байдал ийм байжээ, өдгөө Монгол улс зан үйлийнхээ мөн чанарыг сэрээж үр хойчисдоо өвлүүлэх үүрэгтэй. 

Өдгөө тэнгэр илбэрсэн, тэнгэрт илбэрэгдсэн гэж өгүүлэхийн цаад утга нь тэнгэр их улс барьсан буюу хаан-их эзэн болгосон болно. Тэнгэрийн илбэрлээр буюу цаг нь ирээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болсон нэгэн нь Монгол улсаа хөгжин дэвжихийг өөр өөрийн үүднээс, өөр өөрийн боломжоор хардаг боловч хөгжин дэвжих гэдэг ухагдахуун нь ард олны хүслээр тодорхойлогдоно. Өвөг дээдсийнхээ зан үйлийг ард олонтойгоо сэрээж байж удирдлагын системийг бий болгоно. Аливаа эзний үйлийг өвөг дээдсийн үйлтэй харьцуулан магтан дуулах нь ард олон биш гэж үү? Ард олноо өвөг дээдсийнхээ зан үйлээр удирддаг үндэстэн дардан зам руу гарна. Өөр буюу доод хэлбэрийн удирдлагыг сонгосон үндэстний ард олон нь мөнхийн зовлонд оршино.

Ингээд үндэсний ой санамжийг сэрээх хүрээнд төрийн зан үйлийн тухай цуврал нийтлэл ухагч та бүхэндээ СИЭ хүргэж байна.

 

Үргэлжлэл бий...

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 76 монш (202.70.37.34)

    2020-02-07

    үхрийн бөөр шиг 76 гадны төлөөний компанийхан уншиг. ард түмэнд хэрэггүй