“Бавари Мюнхен” тэргүүлж, “Боруссия Дортмунд” нэхсээр байна

 

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 2015-2016 оны улирал сонирхолтой үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдөр аравдугаар тойргийн тоглолтууд болоход “Боруссия Дортумунд”-“Аусбург” 5:1, “Бавари Мюнхен”-“Кёльн” 4:0, “Байер Ливеркузен”-“Штуттгарт” 4:3, “Бремен Вердер”-“Майнц” 3:1, “Боруссия Мончебладхач”-“Шальке 04” 3:1, “Франкфурт”-“Ханновер 96” 2:1, “Вольфсбург”-“Дармшадт” 1:0, “Херта”-“Инголшадт” 1:0, “Хамбург”-“Хоффейнхэм” 1:0-ээр тус тус хожлоо.

 

Тус улсын хамгийн алдартай клуб “Бавари Мюнхен” эхний арван тоглолт дараалан хожиж, өөрсдийн дээд амжилтыг шинэчлэн тогтооллоо. Тэд 2012-2013 оны улиралд найм дараалан хожиж байсан бол энэ улирлын эхэнд ес дараалан хожиж хожсон. Харин сүүлийн тойрогт арав дахь дараалан хожсон ялалтаа байгууллаа.

 

Мөн мэргэн буучдын жагсаалтыг Польш довтлогч Р.Левандовский 13 гоолтой тэргүүлж байна. “Бавари Мюнхен”-ий шилдэг тоглогч Р.Левандовский энэ улиралд Германы лиг болон “Аваргуудын лиг”-т шилдэг мэргэн буучаар тодрох боломжтой юм.

 

Одоогийн байдлаар “Бавари Мюнхен” зуун хувийн амжилттай 30 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Боруссия Дортмунд” 23, “Шальке 04” 19, “Вольфсбург” 18, “Херта”, “Байер Ливеркузен” 17 оноотой удаалж байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)