Олон улсын жүдо бөхийн өдөр тохиож байна

 

Өнөөдөр Олон улсын жүдо бөхийн өдөр тохиож байна. Энэ спортыг Япон улсын иргэн Ж.Кано анх үндэслэж, олон улсад хөгжүүлсэн. Эрхэм Ж.Кано 1860 оны аравдугаар сарын 28-нд төрсөн учир түүний мэндэлсэн өдрийг үүрд санан дурсах зорилгоор Олон улсын жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

 

Анхны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 онд Японы Токио хотод болж байсан. Харин 1964 онд Наран улсын нийслэл Токио зуны Олимпийн ХVIII дахь наадмыг зохион байгуулах эрхтэй болж, жүдо Олимпийн хөтөлбөрт багтаж байлаа.

 

Манай улсын хувьд ч 1970-аад оны үеэс жүдо бөхийн эх орондоо хөгжүүлж, 1980 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотод болсон зуны Олимпийн ХХII дахь наадмын жүдо бөхийн төрөлд ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин мөнгө, гавьяат тамирчин Р.Даваадалай хүрэл медаль хүртсэн.

 

Мөн 1989 онд хуучнаар Югослав улсын Белград хотод дэлхийн аваргаас ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөнгө, гавьяат тамирчин Д.Баттулга хүрэл медаль хүртэж байсан анхдагчид билээ.

 

Зуны Олимпийн наадам хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл байдаг. Манай улсын хувьд 2008 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон зуны Олимпийн XXIX дэх их наадмын жүдо бөхийн төрөлд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Монгол улсын анхны Олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн нь жүдо бөх манайд хэрхэн өндөр хөгжсний илэрхийлэл болж байна.

 

Жүдо бөхийн төрөлд зуны Олимпийн их наадмаас медаль хүртсэн Монголын тамирчид нь “Москва 80”-аас Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл, “Атланта 96”-гаас Д.Нармандах хүрэл, “Афин 2004”-өөс Х.Цагаанбаатар хүрэл, “Бээжин 2008”-аас Н.Түвшинбаяр алт, “Лондон 2012”-оос Н.Түвшинбаяр мөнгө, С.Ням-Очир хүрэл медалийн эзэн болсон.

 

Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид нь “Белград 89”-өөс О.Балжинням мөнгө, Д.Баттулга хүрэл, “Кайр 2005”-аас Х.Эрдэнэт-Од хүрэл, “Роттердам 2009”-өөс Х.Цагаанбаатар алт, “Токио 2010”-аас Х.Цагаанбаатар хүрэл, М.Бундмаа хүрэл, “Рио де Жанейро 2013”-аас М.Уранцэцэг алт, Д.Амартүвшин мөнгө, “Челябинский 2014”-өөс Г.Болдбаатар алт, “Астана 2015”-аас С.Ням-Очир хүрэл, Д.Сумьяа хүрэл, Ц.Мөнхзаяа хүрэл, багийн дэлхийн аваргаас 2014 онд эмэгтэйчүүд мөнгө, 2015 онд эрэгтэйчүүд хүрэл медаль авсан юм.

 

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)