Олимп, дэлхийн аварга Н.Воробьевагийн нэрэмжит тэмцээнд манай охид амжилттай оролцлоо
- 2015-10-28
- Спорт
- 0

ОХУ-ын Эрхүү мужаас чөлөөт бөхийн Олимп, дэлхийн аварга Н.Воробьева төрөн гарсан. Тэрээр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд өнөө цагийн хамгийн шилдэг бөх юм. “Лондон 2012” зуны Олимпийн алт, дэлхийн аваргаас 2015 онд алт, 2013 онд мөнгө, 2014 онд хүрэл, “Баку 2015” Европын анхдугаар наадмаас хүрэл, 2013, 2014 онд Европын хошой аварга болсон.
Түүний нэрэмжит “Бүх Орос улсын эмэгтэй чөлөөт бөх”-ийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн Эрэхүү хотын “Байкал Арена” спортын ордонд болжээ.
Хоёр дахь удаагаа болсон уг тэмцээнд манай улсаас 13 бөх оролцож, 3 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Тодруулбал 52 кг-д Б.Халиунаа, 60 кг-д Б.Сарнай, 65 кг-д Б.Үүрийнтуяа алт, 43 кг-д Т.Цээням, 46 кг-д Б.Сэлэнгэ, 56 кг-д Г.Энхсувд, 65 кг-д Э.Дэлгэрмаа, 70 кг-д С.Нуржан мөнгө, 46 кг-д Н.Пүрэвтунгалаг, 46 кг-д Д.Отгонжаргал нар хүрэл медаль энгэртээ зүүсэн юм.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)