Ц.Нацагдорж: Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн суурийг тавьж явлаа

        Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдоржтой ярилцлаа. Тэрбээр олимпын наадмын IV байрын шагналт тамирчин юм. Ц.Нацагдорж нь чөлөөт бөхийн алтан үеийнхний нэг бөгөөд олон шавь бэлтгэсэн Монгол Улсын Ардын багш.

 

 

-Монгол Улс 1968 онд Мехикогийн олимпоос анх удаа медаль хүртсэн. Энэ үед та 63 кг-д барилдаж явсан. Тухайн үед Монголоос хэдэн хүн олимпод оролцож байв?

 

-Бид олимпод явахдаа медаль авна гэж бодож очоогүй. Багш нарын хувьд бодол байсан байх. Тэгээд манай тамирчид дөрвөн медаль авч чадсан. Хөнгөн атлетик, гимнастик, чөлөөт бөх зэрэг төрлөөр 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байлаа. Бүгд 20 гаруй настай залуухан улс явсан. Одоо ч зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж дээ. Тоглолтын сүүлчийн өдөр манай дөрвөн тамирчин үлдсэн байхад бид хаана явж байгаагаа тооцоолоод үзсэн. Гэтэл манай улс багийн нийлбэр дүнгээрээ гуравдугаар байрт орох боломжтой болчихсон байсан юм. Тэр тооцоонд нэмэр болж чадалгүй, дутуу барилдсан тамирчдын тоонд би, 57 кг-ын жинд барилдсан Сүхбаатар, Баянаа нар орно. Нэг оноо илүү авахад л манайх багаараа гуравдугаар байрт орчих байсан юм. Тэр үед би гурав дахь жилдээ чөлөөт бөхөөр хичээллэж байлаа. Энэ бол чөлөөт бөхийн хувьд амжилт гаргахад богино хугацаа. Чөлөөт бөхөөр 4-5 жил хичээллэж байж амжилт гаргадаг. Тэр үед би гурван тойрог барилдаад тэмцээнээс гарсан даа.

 

-Тэр үед Монгол Улсын анхны олимпын медальтан Ч.Дамдиншарав та хоёр нэлээн их жин хассан гэдэг?

 

-1968 оны олимпын үеэр Ч.Дамдиншарав бид хоёр 10 гаруй кг жин хасахад хэцүү байсан. Ч.Дамдиншарав сүүлийнхээ медалийн төлөө барилдаанд орохоосоо өмнө идэж уух хоол хүнс надад захисан юм. Аргагүй л дээ. Жингээ барьж байгаа тамирчин хүн барилдахаасааа өмнө идэж, ууж болохгүй хүнд байдаг юм. Тэгэхээр нь би ус, жимс, мах цүнхэндээ хийгээд очлоо. Хүрэл медаль хүртсэнийхээ дараа надад захисан идэж, уух зүйлээ асуулаа даа. Тэгээд би “Авчраагүй, мартчихаж” гэтэл шууд уйлчихаж билээ. Тэгэхээр нь “Худлаа, худлаа авчирсан” гэтэл бүр нэмж уйлаад бөөн юм болж байлаа. Бид хоёр ч нэг нутгийн эчнээ нэгнээ таньдаг улс. Ингэж би олимпын анхны медаль хүртэхэд хамт явсан нөхдөдөө хоол ундыг нь бэлтгэж, барилдах үед чадах чинээгээрээ зөвлөгөө өгч, тусалж байсан юм.

 

-Та түрүүн гурван тойрог барилдсан гэлээ. Ямар улсын тамирчидтай барилдаж байв?

 

-Афганистан, Польш, Япон Улсын тамирчинтай барилдсан. Эхний тойрогтоо Польшийн бөхийг ялж, хоёрдугаар тойрогт Афганистаны бөхтэй тэнцэж, гуравдугаар тойрогт дэлхийн таван удаагийн аварга Японы тамирчинтай барилдаж ялагдсан.

 

-Бас та 1972 оны Мюнхений олимпод оролцож дөрөвдүгээр байрт шалгарч байсан гэсэн?

 

-Би олимпод гурван удаа оролцож байлаа. 1972 оны олимпод Германы нэг тамирчинтай барилдаад ялсан бол гуравдугаар байрт орох байсан. Гэхдээ би тэр тамирчинд оноогоор ялагдаж дөрөвдүгээр байрт орчихсон. Мөн 1976 оны олимпод зургадугаар байр эзэлж, багтаа нэг оноо авчирч байв. Би 1972, 1973 онд дөрөвдүгээр байр, 1974 гуравдугаар байр, 1975 оны дэлхийн аваргад хоёрдугаар байр эзэлчихсэн байсан. Тиймээс 1976 оны олимпод нэгдүгээр байр эсвэл хоёрдугаар байрт орчих санаатай оролцож байлаа. Гэсэн ч жаахан азгүйтэж зургадугаар байр эзэлчихсэн. Үүний дараа би багшлахаар шийдэж, 50 гаруй жил энэ мэргэжлээр ажиллалаа. Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм даа. Залуу өсч буй тамирчдадаа зай тавьж өгөх хэрэгтэй гэж бодсон.

 

-Дэлхийн аварга болж чадалгүй дэвжээгээ орхиход тамирчин хүний хувьд их хүнд үе байсан байх?

 

-Дэлхийн аварга болох гэж яваад санасандаа хүрээгүй. Олимпын IV байр, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай үлдэж, чөлөөт бөхийн залуу үеийг бэлтгэн гаргах болсон. Харин намайг багшаар ажиллаж байхад чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах ахмадын тэмцээн болсон юм. 1995 онд намайг 55 настай байхад чөлөөт бөхийн холбоонд ахмад бөхчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урилга ирүүлснээр би явахаар болсон юм. Тэр үед би Эрдэнэтийн “Хангарьд” клубт багшилж байв. Клубийн захиргаанаас миний зардлыг дааж, хоёр жил дараалан явуулсан. Ингээд чөлөөт бөхийн ахмадын дэлхийн хоёр удаагийн аварга болсон. Гурав дахь удаад гараа бэртээснээс болоод мөнгөн медаль хүртэж байлаа. Залуудаа авч чадаагүй ч дэлхийн аварга цолыг хүртэж, өөрийн хүсэл зорилгоо биелүүлсэндээ их баяртай байдаг. Албан бус тэмцээн ч гэсэн аваргын тавцанд зогсох мөчид их бахархал төрсөн.

 

-1976 оноос хойш багшилж хэчнээн шавьтай болов?

 

-Нарийн тоо гаргаагүй. Нэг жилд 100 гаруй хүүхэд чөлөөт бөхөөр хичээллэхээр ирдэг. Тэр хүүхдүүдээс 3-4 нь л чөлөөт бөхөөрөө тууштай хичээллэж, тив дэлхийд амжилт гаргадаг юм. Тэр дундаас дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Болд, Гавьяат тамирчин Цогтбаяр болон ази тив дэлхийн аваргаас медаль хүртэж байсан Баярмагнай, Бүрэнбаатар гээд олон тамирчин бий. Ингээд бодоход олон зуун тамирчин бэлтгэж гаргасан.

 

-Чөлөөт бөхөөр та хожуу хичээллэсэн гэх юм билээ. Хэдэн насандаа хичээллэж эхэлсэн юм бэ?

 

-Одоо үеийг бодвол их орой эхэлсэн гэж ойлгож болох байх. Би 21 настай чөлөөт бөхөөр хичээллэж байлаа. Одоо бол 13,14 настай хүүхдүүд хичээллэх болсон шүү дээ. Намайг хичээллэж байхад 18, 19 настай хүүхдүүд энэ спортод хөл тавьдаг байсан. Гэхдээ би 32 нас хүртлээ барилдсан. 10 гаруй жил чөлөөт бөхөөр барилдахдаа багагүй амжилт гаргасан. Үндсэндээ чөлөөт бөхөд амьдралаа зориулж ирсэн хүн гэж ойлгож болно.

 

-Та 1996 онд эмэгтэйчүүдийн Монгол Улсын анхны шигшээ багийг бүрдүүлсэн. Тухайн үед бэрхшээлтэй зүйл их байсан уу?

 

-Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн анхны суурийг Монгол Улсад анх би тавьсан. Эрдэнэт хотод 1999 онд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн анхны тэмцээнийг зохион явуулж байлаа. Европын орнуудад эмэгтэй хүн чөлөөт бөхөөр хичээллэж байна гэдгийг сонин хэвлэлээс мэдэж, баг бүрэлдүүлэхээр сургуулиудаар зар тавьсан. Анх хоёр эмэгтэй хүүхэд ирж байлаа. Тухайн үед зарим хүнээс их шүүмжлэл ирж байсан. Хүмүүс “Үс нь арзайгаад муухай байна. Эмэгтэй хүүхдийг нүцгэн шалдан олны өмнө гаргаад” гэдэг л байсан. Ямар сайндаа нэг хурлын үеэр З.Ойдов аварга “Үгүй, та минь ээ, дэвжээн дээр барилдаж байхад хоёр цагаан мөөм нь гараад ирвэл яах болж байна вэ. Тавиад явуулчих юм уу” гэж хэлээд олны инээдийг хүргэж байлаа. Би ч тэгээд зориулалтын хувцастай байна гэж олон хүнд тайлбарлаж хэлж байсан санагдана. С.Батцэцэгийгээ дэлхийн аварга болоход би ч нүдэндээ нулимстай л сууж байлаа. Өөрөө эхлэлийг нь тавьсан болохоор баярлахгүй байхын аргагүй юм. Манай эмэгтэйчүүд амжилт гаргах бүрт би баяртай байдаг. Эмэгтэй хүүхдүүд чинь их уйгагүй шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд бол хэсэг тачигнатал барилдчихаад амраад суучихдаг юм. Эмэгтэйчүүдийн олимпын аваргатай болчихоосой гэж залбирч л явна даа. Одоо ч гэсэн би чөлөөтийн эмэгтэйчүүдийнхээ заалаар долоо хоногт 2-3 удаа орж, зөвлөгөө өгдөг.  

 

-Сүүлийн үед олимп, дэлхийн аваргаас медаль хүртэхэд их сайн шагнадаг болсон. Таныг барилдаж байх үед шагналын сан ямар байсан бол?

 

-З.Ойдовыг дэлхийн аварга болоход 10 мянган төгрөг өгч байлаа. Тэр үеийн 10 мянган төгрөг гэдэг их мөнгө л дөө. Гэхдээ тухайн үед их дэлгүүрийн авто сэлбэгийн тасагт Москвич машин 23400 төгрөг гэж байлаа шүү дээ. Би яагаад тэрийг харсан бэ гэхээр 1974 оны дэлхийн аваргад надтай барилдсан нэг Болгар нөхөр хоёрдугаар байрт орсон юм. Түүнийг улсаас нь “Волк 21” машинаар шагнаж, намайг гадуур зугаалуулж, хоолоор дайллаа. Тэгээд Болгар хоёрдугаар байрт орсон хүнээ ингэж шагнасан байхад манай улс З.Ойдовыг машины талын тал мөнгөөр шагнасан байгаа юм. Ер нь ямар ч спортод шагнал урамшуулал чухал шүү дээ. Саяхан чөлөөт бөхийн дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдаа манай чөлөөт бөхийн холбоо алтаар шагнаж байна шүү дээ. Алт гэдгийг чинь хүний чих, хуруу, хүзүүнд байхыг л харж байлаа. Бидний барилдаж байх үед одоогийнх шиг шагнаж байсан бол олимп дэлхийн аварга төрчихсөн байх байсан гэж боддог. Гэхдээ хожуу ч гэсэн ингэж шагнах болсон нь үнэхээр авууштай зүйл юм. Тамирчин хүн чинь ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохоо больчихвол илүү амжилт гаргах боломжтой.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)