Украйн улсын баатар А.Шевченко
- 2015-10-30
- Спорт
- 0

Хуучин ЗХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгачаас бусад нь Украйн тоглогч байлаа. О.Блохин, М.Беланов гээд хэлэхээр Украйны хөлбөмбөгчид санаанд орно. Харин хүчирхэг ЗХУ задран унахад Украйны тоглогчид эх орныхоо нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд тоглох боломж олдсон.
Харин өнөөгийн Украйны хөлбөмбөгийн хөгжлийг өөрийн биеэр бүтээсэн алдарт хөлбөмбөгчин Андрей Николаевич Шевченко 1976 оны есдүгээр сарын 29-нд хуучнаар ЗХУ-ын Украйн улсын Киевийн тойрог, Яготин хэмээх жижиг тосгонд төржээ.
Шева улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд бүхий л рекордыг тогтоосон. Тухайлбал 1999 онд “Дианмо Киев” багт тоглож байхад нь Италийн “Милан” клуб тухайн оны наймдугаар сарын 28-нд өөрийн багтаа 25 сая ам.доллараар худалдан авсан. Энэ нь түүнийг Украйны хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болгосон. Шева энэ рекордоо өөрөө эвдсэн. Учир нь 2006 оны зун Английн “Челси” клубын эзэн тэрбумтан Р.Абрамович түүнийг багтаа 30 сая фунт буюу ойролцоогоор 42 сая ам.доллараар авч байлаа.

Тэрээр клубын түвшинд “Динамо Киев”-т 1995, 1996, 1997, 1998, 1999 онд Украйны лигийн аварга, “Милан”-д 2004 онд Италийн лигийн аварга, 2003 онд Италийн цом, Супер цом, “Аваргуудын лиг”-ийн аварга, Европын Супер цомын аварга, “Челси”-д 2007 онд Холбооны цом, Лигийн цомын аварга болсон.
Харин тоглогчийн хувиар 2004 онд Европын шилдэг хөлбөмбөгч, 2000, 2004 онд Италийн лигийн мэргэн бууч, 1999, 2001, 2006 онд “Аваргуудын лиг”-ийн мэргэн бууч, 2005 онд Европын “Алтан шаахай”, 2003 онд Украйны гавьяат тамирчин, ХХ зууны шилдэг хөлбөмбөгчдийн нэг, 2004 онд ФИФА-гийн (Олон улсын хөлбөмбөгийн холбоо) 100 жилийн ойд зориулан Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле “Дэлхийн шилдэг 100” хөлбөмбөгчинг нэрлэхдээ А.Шевченког оруулсан юм.
Шева 1994 оноос эхлэн Украйны хөлбөмбөгийн нас насны шигшээд тоглож байгаад 1995 онд үндсэн багт дуудагдсан. Тэр цагаас хойш шигшээ багийнхаа төлөө 111 тоглолт хийхдээ 48 гоол оруулсан. Энэ нь Украйн улсын бүх цаг үеийн шилдэг бууч болоход хангалттай байлаа. Мөн 2006 онд Герман улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргад Украйн улс анх удаа оролцсон. Тухайн үед Украйн дэлхийн аваргын “Н” хэсэгт Испани, Тунис, Саудын Арабтай тоглосон. Эхний учраа Испанид 4:0-ээр ялагдсан ч хоёр дахь тоглолтонд Саудын Арабыг 4:0-ээр хожсон.

Үүний дараа гурав дахь тулаанд Тунисыг 1:0-ээр хожиход А.Шевченко 70 дахь минутанд торгуулийн цохилтоор хожлын цорын ганц гоолыг оруулсан. Дэлхийн аваргад анх удаа оролцож буй Украйнчуудын гайхамшиг үүгээр дууссангүй. Тэд шөвгийн 16-д Швейцартай хүнд тоглолт хийж, торгуулийн цохилтоор хожсон. Харин шөвгийн наймд аварга болох ерөөлтэй Италийн багт 3:0-ээр бут ниргүүлжээ. Хэдийгээр тооны харьцаа хол зөрүүтэй байсан ч Украйн дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн эсрэг маш сайн тоглосон юм.
Йинхүү 50 сая хүн амтай ч хөлбөмбөгийн спортоор дэлхийд тааруухан өрсөлддөг байсан Украйны шигшээ багийг А.Шевченко дэлхийн түвшинд гаргаж ирсэн. Домогт хөлбөмбөгчин Шева загвар өмсөгч К.Паззиктай 2004 онд хуримаа хийсэн. Хосууд 2002 Ж.Арманигийн үдэшлэгэн дээр танилцаж байсан бөгөөд өдгөө хоёр хүүтэй болжээ.


Г.Төмөр

Сэтгэгдэл (0)