Төрсөн өдрийн мэнд хүргэе Э.Ван дер Сар
- 2015-10-29
- Спорт
- 0

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-т хоёр өөр багийн өмнөөс түрүүлсэн цөөхөн тоглогчид байдаг. Камеруны С.Это 2006 онд “Барселона”, 2010 онд “Интер Милан”-д, Португалын К.Роналду 2008 онд “Манчестер Юнайтед”, 2014 онд “Реал Мадрид”-ад, Португалын Деку 2004 онд “Порту”, 2006 онд “Барселона”-д, Испанийн Х.Алонсо 2005 онд “Ливерпуль”, 2014 онд “Реал Мадрид” клубын хамтаар тус тэмцээнд түрүүлсэн.
Мөн Голландын алдарт хаалгач Э.Ван дер Сар нутгийнхаа “Аякс”-ын хамтаар 1995 онд, 2008 онд Английн “Манчестер Юнайтед” клубт байхдаа “Аваргуудын лиг”-ийн аварга болж байлаа. Өдгөө зодог тайлсан ч Премьер лигт тогтоосон рекорд нь өнөөг хүртэл эвдэгдээгүй байгаа домогт хаалгач Э.Ван дер Сар өнөөдөр 45 нас хүрч байна.
Тэрээр 1970 оны аравдугаар сарын 29-нд төрсөн. Орон нутгийн хөлбөмбөгийн академид суралцаж байгаад 1990 онд “Аякс” клубт элссэн байна. Улсынхаа хамгийн алдартай клубт есөн улирал хүчин зүтгэхдээ 226 тоглолт хийсэн аж. Мөн 1994-1995 оны улирлын “Аваргуудын лиг”-ийн аварга, дөрвөн удаа улсынхаа дээд лигийн аварга, гурван удаа цомын аварга, УЕФА-гийн цомын аварга, Европын Супер цомын эзэн болжээ.
Үүний дараа 1999-2001 оны хооронд Италийн “Ювентус”, 2001-2005 оны хооронд Английн “Фулхэм” багуудад тоглосон. Харин 2005 оны зун “Манчестер Юнайтед” клубт ирж, зодог тайлах хүртлээ “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө тоглосон.
Сэр А.Фергусоны удирдлага дор Р.Гиггз, У.Руни, Р.Ван Нистелроой, П.Эвра зэрэг шилдгүүдтэй мөр зэрэгцэн ногоон талбайд гайхамшгийг бүтээсэн. Тэрээр “Манчестер Юнайтед” багийн хамтаар 2007-2008 оны улирлын “Аваргуудын лиг”-ийн аварга, Пермьер лигийн дөрвөн удаагийн аварга, 2008 онд Клубуудын дэлхийн аваргын цомыг хүртсэн юм.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)