“Бавари Мюнхен”-ы ялалтын цуврал зогслоо
- 2015-11-03
- Спорт
- 0

Германы Бундеслигийн арваннэгдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энэ удаа “Боруссия Мончебладхач”-“Херта” 4:1, “Боруссия Дортмунд”-“Бремен Вердер” 3:1, “Штуттгарт”-“Дармшадт” 2:0, “Вольфсбург”-“Байер Ливеркузен” 2:1, “Ханновер 96”-“Хамбург” 2:1-ээр хожиж, “Бавари Мюнхен”-“Франкфурт” 0:0, “Кёльн”-“Хоффейнхэм” 0:0, “Шальке 04”-“Инголшадт” 1:1, “Аусбург”-“Майнц” 3:3-ээр тэнцсэн юм.
Тус улсын хамгийн алдартай клуб “Бавари Мюнхен” 2015-2016 оны улирлын эхний арван тоглолтонд дараалан хожиж, дээд амжилт тогтоогоод байсан. Харин арваннэгдүгээр тойрогт өрсөлдөгч багтайгаа тэнцэж, ялалтын цуврал нь зогслоо.
Гэхдээ тэд тэнцсэн ч 31 оноотой хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Удаад нь “Боруссия Дортмунд” 26, “Вольфсбург” 21, “Шальке 04” 20, “Боруссия Мончебладхач” 18 оноотой явж байгаа аж. Энэ улирлын бас нэг онцлох баг нь “Боруссия Мончебладхач” юм. Тэд эхний таван тоглолт дараалан ялагдсан ч сүүлийн зургаан өрсөлдөгчөө дараалан хожлоо. Эхний тоглолтуудад хожигдоогүй байсан бол лигийн тэргүүлэгчдийн эгнээнд явж байх байсан билээ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)