“Реал Мадрид”, “Зенит” шөвгийн 16-д тоглох эрхээ авлаа

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ өдрүүдэд хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолт боллоо.

 

Уржигдар шөнө “А” хэсэгт Испанийн “Реал Мадрид”-Францын “ПСЖ” 1:0, Украйны “Шахтёр”-Шведийн “Мальмё” 4:0, “В” хэсэгт Английн “Манчестер Юнайтед”-ОХУ-ын “ЦСКА” 1:0, Голландын “ПСВ Эйндховен”-Германы “Вольфсбург” 2:0, “С” хэсэгт Португалын “Бенфика”-Туркийн “Галатасарай” 2:1, Испанийн “Атлетико Мадрид”-Казахстаны “Астана” 0:0, “D” хэсэгт Английн “Манчестер Сити”-Испанийн “Севилья”-г 3:1-ээр хожиж, Италийн “Ювентус”-Германы “Боруссия Мончебладхач”-тай 1:1-ээр тэнцсэн.

 

Харин урд шөнө “Е” хэсэгт Испанийн “Барселона”-Беларусийн “БАТЭ” 3:0, Италийн “Рома”-Германы “Байер Ливеркузен” 3:2, “F” хэсэгт Германы “Бавари Мюнхен”-Английн “Арсенал” 5:1,Грекийн “Олимпиакос”-Хорватын “Динамо Загреб” 2:1, “G” хэсэгт Английн “Челси”-Украйны “Динамо Киев” 2:1, Португалын “Порту”-Израйлийн “Маккаби” 3:1, “H” хэсэгт ОХУ-ын “Зенит”-Францын “Лион” 2:0, Белгийн “Гент”-Испанийн “Валенсиа” клубыг 1:0-ээр тус тус хожсон юм.

 

Эхний дөрвөн тойргийн дараа шөвгийн 16-д өрсөлдөх багуудын нэр тодорлоо. “А” хэсэгт Испанийн “Реал Мадрид” 10 оноотой, “Н” хэсэгт ОХУ-ын “Зенит” 12 оноотой болж, дараагийн хоёр тулаанд ялагдсан ч хасагдах шатанд тоглох эрхтэй болжээ. Ялангуяа “Зенит” клуб ганцаараа зуун хувийн амжилттай явж байна. Тэд Францын “Лион”-ыг 3:1, 2:0, Испанийн “Валенсиа”-г 3:2, Белгийн “Гент”-ыг 2:1-ээр хожсон билээ.

 

Харин Английн шилдэг клуб “Арсенал” дөрвөн тоглолт хийхдээ гуравт нь ялагдаж, хэсгийн шатнаас хасагдаж магадгүй боллоо. Урд шөнө Германы “Бавари Мюнхен”-ы талбайд зочлон тоглосон ч 5:1-ээр бут ниргүүллээ. Зочин багаас О.Жиру нэр төрийн ганц гоолыг хийсэн бол талбайн эздээс Т.Мюллер дубль хийж, Р.Левандовский, А.Роббен, Д.Алаба нар нэг гоолыг “Их буучид”-ын хаалганд оруулсан аж.

 

Хэсгийн тав дахь тоглолтууд 24, 25-нд болох бөгөөд өнгөрсөн улирлын дэд аварга Италийн “Ювентус”-Испанийн “Севилья”, Италийн “Рома”-Испанийн “Барселона”, Германы “Бавари Мюнхен”-Грекийн “Олимпиакос” багуудын тоглолт үзэгчдийн сонирхлыг татаж байна.

 

 

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)