Буудлагын тамирчид Кувейт улсын буруугаас болж, Олимпийн эрх авч чадсангүй
- 2015-11-05
- Спорт
- 0

Энэ сарын 3-наас 12-ны өдрүүдэд Кувейт улсын нийслэлд буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд шар тивийн 32 орны 1500 орчим тамирчин өрсөлдөж байгаа. Харин манай улсын хувьд залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд тамирчдаа оролцуулж, эмэгтэйчүүдийн 25 м-ийн спорт гар бууны дасгалд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Гантуул нар багаараа хүрэл медаль хүртлээ.
Мөн залуучуудын ангилалд хэвтээ 60 сум буудах дасгалд Т.Золжаргал, О.Есүгэн, Э.Энхмаа нар хүрэл медаль энгэртээ зүүлээ.
Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Энэхүү наадмын буудлагын спортын төрөлд оролцох тамирчдын эрхийг Кувейт улсад болж буй Азийн аваргаас өгөх байсан. Гэвч зохион байгуулагч Кувейт улсаас тэмцээнийг удирдахаар томилогдсон Израилийн иргэн Я.Давидовичид виз олгохоос татгалзжээ.
Иймд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Кувэйт улсад болж буй тэмцээнээс Олимпийн эрх олгохгүй байхаар шийдвэрлэжээ. ОУОХ 1894 онд анхны хурлаа хийхдээ л спорт, улс төрөөс үргэлж ангид байна гэж заасан байдаг. Харин Кувейтийн Үндэсний Олимпийн хороо улс төрийн нөлөөнд автаж, Израилийн иргэнд виз олгоогүй нь Олимпийн хартыг зөрчсөн гэж үзсэн аж.
Одоогийн байдлаар “Рио 2016” зуны Олимпийн наадмын буудлагын төрөлд 60 гаруй орны эрэгтэй, эмэгтэй 283 тамирчин оролцох эрхээ аваад байна.

Г.Төмөр

Сэтгэгдэл (1)
(59.153.113.94)
Yamar teneg yum be bas haramsaltai. Mongoliin busguichedere baharhaad barahguimaa. Buudlaga tasarhai shu. Amjilt 3 huurhunuu.