Зуны Олимпийн одод
- 2015-11-09
- Спорт
- 0

Усны “Хаан” М.Фэлпс
Ирэх онд Брзаил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манай болсон тус наадмаас олон шилдэг тамирчид төрөн гарсан. Тэдгээрээс АНУ-ын усан сэлэлтийн тамирчин М.Фелпс хамгийн олон алтан медалийг хүртжээ. Мөн гурван Олимпийн наадамд оролцохдоо 24 медаль хүртэж, дээд амжилтыг эзэмшиж байна.
Майкл Фред Фэлпс 1985 оны зургаадугаар сарын 30-нд Мэрилэнд мужид төрсөн. Таван настайгаасаа усан спортоор хичээллэж, 2001 онд Японы Фукуока хотод болсон дэлхийн аваргын 200 метрийн эрвээхэй сэлэлтэнд алтан медаль хүртсэн. Энэ нь түүний олон улсын чанартай тэмцээнээс авсан анхны алтан медаль байлаа.
Түүнээс хойш дэлхийн аваргаас “Барселона 2003”-аас 3 алт, 2 мөнгө, “Монреал 2005”-аас 5 алт, 1 мөнгө, “Мелбурн 2007”-гоос 7 алт, “Ром 2009”-өөс 5 алт, 1 мөнгө, “Шанхай 2011”-аас 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл, нийт 26 алт, 6 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн болсон. Мөн Далайн орнуудын спортын их наадмаас 2002, 2006, 2010, 2014 онд нийт 16 алт, 5 мөнгөн медаль авч дээд амжилт тогтоосон.
Олимпийн их наадмын усан спортын төрөлд тэртээ 1972 онд АНУ-ын домогт тамирчин М.Спитц долоон алтан медаль авч байв. Энэхүү сүрдэм рекордыг М.Фэлпс 2008 онд эвдсэн юм. Тэрээр үүнээс өмнө буюу 2004 онд Грекийн Афин хотод болсон наадмаас 6 алт, 2 хүрэл медаль аваад байсан.

Бээжингийн усан замд М.Фэлпс 100 метрийн эрвээхэй, 200 метрийн чөлөөт, эрвээхэй, холимог, 400 метрийн холимог, 4х100 метрийн холимог 4х100, 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль энгэртээ зүүсэн. Түүний энэ амжилт секундыг хуваасан хугацаагаар хэмжигдэж байлаа.
Тухайлбал Бээжингийн Олимпийн наадмын усан сэлэлтийн 100 метрийн эрвээхэй сэлэлтэнд М.Фэлпс 50.58 секундээр түрүүлсэн бол мөнгөн медаль хүртсэн Сербын М.Кавич 50.59 секундын хугацаатай барианд орж ирсэн түүхтэй.
Тэрээр Олимпийн их наадмын рекорд эзэмшээд зодог тайлалгүй 2012 онд Лондон хотод болсон ХХХ дахь наадам мөн оролцсон. Хэдийгээр найман алтан медаль хүртсэн амжилтаа давтаж чадаагүй ч 100 метрийн эрвээхэй, 200 метрийн холимог, 4х100 метрийн холимог, 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алт, 200 метрийн эрвээхэй, 4х100 метрийн чөлөөлт сэлэлтээр мөнгөн медаль авсан.
Олон улсын чанартай тэмцээнүүдээс нийт 61 алт, 13 мөнгө, 3 хүрэл, нийт 77 медаль хүртсэн М.Фэлпс ирэх онд болох зуны Олимпийн наадам оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэрэв “Рио 2016”-гийн усан замд уралдвал Олимпийн медалийн тоогоо ахиулах боломжтой юм.
Түүнээс өмнө хуунаар ЗХУ-ын харьяанд байсан Украйн улсын алдарт гимнастикч Л.Латияниа “Мелбурн 1956”, “Ром 1960”, “Токио 1964” гэсэн гурван зуны Олимпийн наадмаас 9 алт, 5 хүрэл, 4 хүрэл, нийт 18 медальтай хамгийн олон медаль хүртсэн рекордыг эзэмшиж байсан билээ.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)