Английн хөлбөмбөгийн шинэ “од” Ж.Варди
- 2015-11-12
- Спорт
- 0

Английн Премьер лигийн 2015-2016 оны улирал сонирхолтой үргэлжилж байна. Аваргаа хамгаалан тоглож буй “Челси” дөнгөж 11 оноотой, хүснэгтийг 16-р байр хүртэл уруудсан. Тэдний байдал энэ хэвээр үргэлжилбэл шилдэг дөрөвт орж чадахгүйд хүрнэ.
Харин даруухан “Листер Сити” клуб энэ улиралд гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа аж. Тэд 12 тойргийн дараах байдлаар 25 оноотой гуравт “Манчестер Сити”, “Арсенал”-ын дараа явж байна. Гэхдээ тэргүүлэгч хоёр клуб 26 буюу ганцхан оноогоор илүү юм.
Мөн “Листер Сити” клубын довтлогч Ж.Варди өнгөрсөн аравдугаар сарын шилдэг тоглогч болов. Тэрээр сүүлийн есөн тоглолт дараалан гоол оруулж, домогт Р.Ван Нистелроойгийн дараа орох амжилт үзүүллээ. Хэрэв 21-нд “Ньюкастл Юнайтед”-ын хаалганд гоол оруулбал түүний амжилттай зэрэгцэн очино.
Голландын шилдэг довтлогч асан Р.Ван Нистелроой арван тоглолт дараалан гоол оруулж, Премьер лигт дээд амжилт эзэмшдэг аж. Мөн Ж.Вардигийн гайхалтай тоглолт аль хэдийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөж, Английн шигшээ багийн дасгалжуулагч Р.Хожсон нөхөрсөг тоглолтуудад түүнийг дуудсан гэнэ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)