Унгарын шигшээ айлын талбайд ялалт байгууллаа
- 2015-11-14
- Спорт
- 0

2016 онд Франц улсад болох хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Хэсгийн шатанд 52 орны шигшээ өрсөлдөж, хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн 18 улсын баг шууд “Евро 2016”-г зорих эрхээ авсан. Харин хэсэгтээ гуравт орсон багуудаас хамгийн өндөр чансаатай Туркийн шигшээ дээрх 18 дээр нэмэгдсэн. Үүний дараа хэсэгтээ гуравт орсон найман улсын шигшээ баг хоорондоо халз тоглож, ялагч нь тивийнхээ аваргад оролцох учиртай.
Энэ сарын 12-нд урьдчилсан тэмцээний шийдвэрлэх тоглолтууд эхэллээ. Уршигдар шөнө Унгарын баг Норвегийн шигшээг талбайд нь 1:0-ээр хожсон бол урд шөнө Босни гэртээ Ирландтай тоглосон ч 0:0-ээр тэнцлээ. Уг хоёр тоглолтын хариу тулаан энэ сарын 15, 16-нд болно. Айлын талбайд ялалт байгуулсан Унгарын шигшээ гэртээ тэнцэхэд л олон жил завсардсан Европын аваргад оролцох боломжтой аж. Харин өнөө шөнө Украйн, Словени, Швед-Дани тоглоно.
“Евро 2016”-д зохион байгуулагч Францын шигшээ шууд оролцох эрхээ авсан бол урьдчилсан тэмцээнд амжилттай тоглосон Герман, Испани, Итали, Чех, Англи, Австри, Португал, Швейцарь, Бельги, Польш, Турк, Хорват, Румын, Хойд Ирланд, Исланд, Албани, Уэльс, Словак, ОХУ-ын шигшээ ирэх жилийн Европын аваргад тоосоо өргөнө.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)