Японы эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртжээ
- 2015-11-17
- Спорт
- 0

Бразилийн Рио де Жанейро хотноо 2016 оны наймдугаар сарын 5-наас 17-ны өдрүүдэд зуны Олимпийн XXXI дэх наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон энэхүү спортын их наадамд тамирчин бүр оролцох хүсэлтэй байдаг. Энэ өдрүүдэд “Рио 2016” зуны Олимпийн наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 2004 онд Грекийн Афин хотод болсон зуны наадамд анх Олимпийн хөтөлбөрт багтаж байлаа. Түүнээс хойш Япон 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл, БНХАУ 2 алт, 2 мөнгө, Канад 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, ОХУ 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, Украйн 1 алт, 1 хүрэл, Болгар 2 мөнгө, АНУ 1 мөнгө, 3 хүрэл, Азербайжан 1 мөнгө, 2 хүрэл, Франц, Казахстан, Колумб тус бүр 2 хүрэл, Польш, Испани, Монголын бөхчүүд тус бүр нэг хүрэл медалийн эзэн болжээ.
Харин “Рио 2016”-д эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Япон 5, БНХАУ 4, Швед 3, Азербайжан, Канад, Колумб, Монгол тус бүр 2, Беларусь, Бразил, Болгар, Эстони, Финланд, Герман, Латви, Голланд, Нигери, БНАСАУ, Турк, Украйн, АНУ-ын тус бүр нэг тамирчин оролцох эрхээ авчээ.
Харин “Рио 2016” Олимпийн наадам эхлэхээс өмнө буюу 2016 оны гуравдугаар сарын 4-нөөс тавдугаар сарын 8-ны хооронд Казахстан, Алжир, Серб, Турк, Монгол зэрэг орнуудад тив тус бүрийн болон нэмэлт эрх олгох тэмцээнүүд явагдана.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)