Томчуудад халгаатай арав дахь өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү Ананд өвдөг шороодлоо
- 2015-11-17
- Спорт
- 0

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн башё кюүшюү арал дээр үргэлжилж байна. Өчигдөр ес дэх өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү сэкиваки Точиозанд, озэки Котошёогикү маэгашира Окиноүмид өвдөг шороодсон. Харин энэ сард 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал тун өнгөлөг байж, ганцаараа тэргүүлж байна. Тэрээр эхний есөн өдөр дараалан ялаад байсан.
Тэгвэл өнөөдөр арав дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакухо Даваажаргал сэкиваки Точиозанг, ёкозүна Харумафүжи Бямбадорж озэки Котошёогикүг, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ сэкиваки Миёогирюүг давлаа.
Харин ёкозүна Какүрюү Ананд озэки Гоэйдод, озэки Кисэносато маэгаширагийн 3 дахь бөх Тоёоншимад, комүсүби Ёшизазэ м-1 Осунаарашид, комүсүби Точиношин м-1 Ичножёо Ичинноровт өвдөг шороодож, томчуудад халгаатай өдөр боллоо.
Энэ сард Монголын гурван аваргаас хоёр нь тэмцээний эхлэлийг тааруухан тавьсан. Гэхдээ ёкозүна Харумафүжи Бямбадорж яван чангарч, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд явж байна. Харин ёкозүна Хакухо Даваажаргал барилдаан бүртээ ямар ч хий гаргалгүй, нэг ч унаагүй ганцаараа тэргүүлж байна.
Ер нь ёкозүна Хакухо Даваажаргал арваннэгдүгээр сарын башёд сайн барилддаг. Тэрээр аварга болсноосоо хойш долоон удаа кюүшюү арал дээр болдог башёд түрүүлжээ.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)