“Евро 2016”-гийн хэсгийн сугалаа ирэх сарын 12-нд болно
- 2015-11-19
- Спорт
- 0

Франц улсад 2016 онд хөлбөмбөгийн Европын аваргын тэмцээн болно. Уг тэмцээнд оролцох багуудын сонгон шалгаруулалт өчигдөр өндөрлөсөн. Харин шилдэг 24 багийн сугалаа ирэх сарын 12-нд Парис хотод явагдана.
Сугалааны хайрцганд шигшээ багуудыг чансаагаар нь дөрөв хуваажээ. Эхний хайрцганд Франц, Герман, Испани, Англи, Португал, Бельги, хоёрт нь Итали, ОХУ, Швейцарь, Австри, Хорват, Украйн, гуравт нь Чех, Швед, Польш, Румын, Словак, Унгар, дөрөв дэх буюу сүүлийн хайрцганд Турк, Ирланд, Исланд, Уэльс, Албани, Хойд Ирландын баг орсон байна.
Үүнээс харахад Герман, Итали, Швед, Турк гэсэн дөрвөн баг нэг хэсэгт орж магадгүй аж. Сонирхуулахад ирэх Европын аваргын тэмцээнд Исланд, Хойд Ирланд, Уэльс, Словак, Албани зэрэг улс анх удаа оролцох эрхээ авсан. Харин 1988 оны тивийн аварга, дэлхийн аваргын 1974, 1978, 2010 оны мөнгө, 2014 оны хүрэл медальт алдарт Голландын шигшээ, 1992 оны Европын аварга Дани, 2004 оны Европын аварга Грек, 1994 оны дэлхийн аваргын шагналт дөрөвдүгээр байрт орж байсан Болгарын шигшээ хангалтгүй тоглож, “Евро 2016”-г өнжихөөр болсон юм.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)