Эзэн хааны цом Япон бөхөөс нүүр буруулаад арван жил боллоо
- 2015-11-19
- Спорт
- 0

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны хамгийн сүүлийн башё өндөрлөх шатандаа орлоо. Өнөөдөр арванхоёр дахь өдөр аварга, арслангуудын тулаан болсон аж. Гэхдээ Монголын аваргуудын ялалтаар өндөрлөлөө. Тухайлбал ёкозүна Хакухо Даваажаргал озэки Котошёогикүг, ёкозүна Какүрюү Ананд озэки Кисэносатог, ёкозүна Харумафүжи Бямбадорж озэки Гоэйдог тус тус давсан.
Мөн комүсүби Ёшиказэ сэкиваки Миёогирюүг, сэкиваки Точиозан маэгаширагийн тэргүүн бөх Ичиножёо Ичинноровыг, комүсүби Точиношин м-1 Осунаарашиг давсан бол м-3 Тоёоношима озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнийг өвдөг шороодууллаа.
Харин дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдээс Асасэкирюү Дашням Токушёорюүг, Тамаваши Мөнх-Оргил Саданоүмиг давж, Кёкүшюүхо Эрдэнэбаатар Шохозанд унасан байна.
Энэ сарын тэмцээнд мөн л Монгол бөх түрүүлэх нь тодорхой боллоо. Одоогийн байдлаар 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал нэг ч унаагүй башёг ганцаараа тэргүүлж байна. Түүний ард 11 даваа, нэг унаатай ёкозүна Харумафүжи Бямбадорж, 10 даваа, хоёр унаатай маэгаширагийн арав дахь бөх Шохозан бичигдэж байгаа. Харин Япончуудын итгэл найдвар болсон арслангуудаас Кисэносато 8 даваа, 4 унаа, Котошёогикү 7 даваа, 5 унаа, Гоэйдо 6 даваа, 6 унаатай тэмцээнээ үргэлжлүүлж байгаа аж.
Хамгийн сүүлд 2006 оны нэгдүгээр сард Япон эзэн хааны цом хүртэж байлаа. Тэр нь экс озэки Точиазүма байсан билээ. Түүнээс хойш бүтэн арван жил эзэн хааны цом Япон бөхөөс нүүр буруулжээ. Энэ хугацаанд ёкозүна Монголын Асашёорюү Дагвадорж, Хакухо Даваажаргал, Харумафүжи Бямбадорж, Какүрюү Ананд, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, экс сэкиваки Кёкүтэнхо, экс озэки Болгарын Котошёогикү, Эстоний Баруто нар дээд зиндаанд түрүүлжээ.

М.Золбаатар

Сэтгэгдэл (1)
Зочин (103.229.122.57)
Монголчууд бид угаасаа бөх барилдаж өссөн ард түмэн. Япончууд 5 настайгаасаа эхэл жүдо, чөлөөт, сумо бөхөөр хичээллэхгүй бол тэгээд л оройтдог. Ямар ч амжилт гаргах боломжгүй болдог. Гэтэл манайд 15 настайгаасаа барилдсан хүүхэд Олимпийн аварга болж, бөхийн төрлөөр өндөр амжилт гаргаж байна. Ард түмний онцлог шүү дээ энэ чинь.