Тулалдаанд зөвхөн “шонхорууд” нисдэг

 

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээний 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Шинэ улирал эхэлнээс хойш “Голден Стэйт Уорерз” нэг ч ялагдаагүй байгаа аж. Харин маргааш өглөө “Алтан мужийн дайчид” 16 дахь тоглолтоо алдарт “Лос Анжелес Лэйкерс” багийн эсрэг хийнэ. Хөгжөөн дэмжигчдын бараг 90 хувь нь өнгөрсөн улирлын аваргуудыг хожино гэж итгэж байгаа.

 

Гэхдээ “Лэйкерс”-т К.Брайант байгаа гэдгийг мартаж болохгүй. Домогт тамирчдын эгнээнд бичигдэх Кобе гэмтлээс эргэн ирж, өөрийн хийх ёстой зүйлээ боломжийн хийж байна. Хэдийгээр баг нь өрнөдийн сүүлд бичигдэж байгаа ч маргааш Кобе өөрийг нь залгамжлан гарч ирж буй дүүдээ (С.Карри) аваргаа хамгаалахад нь олон зүйлийг талбай дээр зааж өгнө гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна.

 

2000, 2001, 2002 онд “Лос Анжелес Лэйкерс” гурван жил дараалан аварга болоход тэднийг “Даллас”, “Сакраменто” хоёр хурцалж байлаа. “Ноёд”-ын В.Дивац, К.Уэббер, М.Бибби, П.Стоякович, “Зэрлэг морьд”-ын М.Финли, Д.Новицки, С.Нэш, Ш.Брэдли нар тухайн үед Өрнөдийн аварга болсон бол Дорнодын багуудыг гарцаагүй хожих байсан гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид одоо ч мартаагүй.

 

Ширүүн өрсөлдөөн дундаас гарч ирсэн “Лэйкерс” аваргын төлөө Р.Миллерын “Индиана”, А.Айверсоны “Филадельфи 76”, Ж.Киддын “Нью Жерси” багуудыг илүүрхэн хожиж байлаа. “Тулалдаанд зөвхөн шонхорууд” нисдэг учир К.Брайант, Ш.О’Нил, Д.Фишер нарыг Ф.Жексон гараанд илгээдэг байсан. Тэр их өрсөлдөөн дунд гал гарсан тоглолтыг үзүүлж байсан Кобе өнөөдөр ч 16 оноо дунджилж аварга хүн “аварга” чигээрээ дуусдаг тод жишээ, сагсан бөмбөгийн гайхамшиг бүрийг дэлхий нийтэд мэдрүүлж байна.

 

Мөн 2009, 2010 онд багаа гайхалтай удирдаж, аварга болсон. Тухайн жилийн финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагналд К.Брайанттай өрсөлдөх тоглогч байгаагүй аж. Бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын гуравт домогт К.Абдул Жаббар, К.Мэлоуны ард бичигддэг К.Брайантын тоглолтыг тэсэн ядан хүлээж сууна.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)