ОУХМ Э.Бэхбаярын 4300 ам.доллар алга болсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
- 2015-12-02
- Спорт
- 0

Манай чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Азербайжаны Баку хотод болсон “Голден Гранпри” тэмцээнд амжилттай оролцжээ. Чансаа болон шагналын сангаараа өндөрт ордог уг тэмцээнд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Бэхбаяр, гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдээс дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Одончимэг, ОУХМ Д.Цэвэгмид зэрэг барилдсан. Улмаар ОУХМ Э.Бэхбаяр жиндээ мөнгөн медаль хүртэж, 5000 ам.доллараар шагнагджээ.
Гэтэл энэхүү шагналын мөнгөнөөс нь 4300 ам.доллар нь алга болсон хэрэг гарсан байна. Энэ талаар Э.Бэхбаяр хэлэхдээ “Хамт тэмцээнд оролцсон З.Дүвчин, Ц.Цогтбаяр багш, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт тус бүрт нь зуун ам.доллар өгсөн. Тэгээд үлдсэн 4300 ам.доллараа халааслаад нисэх онгоцны буудал руу явсан. Тэнд очоод тээшинд өгөх гэж байснаа болиод дасгалжуулагч Ц.Цогтбаярт өгсөн. Тэгээд дараа нь "Duty free"-гээс бэлэг авах гээд Цогтоо багшаас 100 ам.доллар авсан. Тэгээд долоон цаг гаруйн хугацаанд нисээд Бээжинд буунгуутаа бүгдээрээ хоол идэх гээд "Макдоналдс" орсон. Тэгээд багшаасаа "мөнгөө авъя" гэсэн чинь “Та нар надаар тоглоод байгаа юм уу” гэж хэлээд цүнхнээсээ мөнгө гаргаж ирээд шидсэн байна билээ. Тэгсэн чинь боодол мөнгөний хоёр талд нь зуутын ам.доллар хийгээд дунд нь 21-22 ширхэг нэгтийн ам.долларын дэвсгэр хийчихсэн байсан” гэсэн аж.
Энэ хэргийн талаар өнөөдөр холбогдох хүмүүс нь хэвлэлийн хурал хийсэн бөгөөд “Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн учрыг үнэнээр нь олж өгөөсэй гэж хүсэх байна. Бид хэнийг ч энэ хэрэгт сэжиглээгүй байна. Мөн хэнийг ч гүтгээгүй. Манай чөлөөт бөхийн хамт олон дотор ийм муухай зүйлс гарч байна гэж бодохоор гомдмоор байна. Энэ хэргийн учир олдож, үнэн зөвөөр нь шийдэгдээсэй гэж хүсмээр байна даа. Чөлөөт бөхийн тамирчид бүгд нэр төртэй, улс орныхоо нүүр царай болсон хүмүүс шүү дээ” гэж Э.Бэхбаярын багш А.Энхээгийн эхнэр олон улсын шүүгч Л.Болормаа хэлсэн билээ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)