ОХУ-ын “Зенит Санктпетрбург” томчуудын эгнээнд багтах боломжтой
- 2015-12-03
- Спорт
- 0

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал сониролтой үргэлжилж байна. Ирэх долоо хоногт хэсгийн сүүлийн тоглолтууд болох бөгөөд Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид” гэсэн гурван баг шөвгийн 16-д тоглох эрхээ авсан. Харин томчуудаас Английн “Арсенал” нуман тулгуурт орсон. Тэд эхний хоёр тоглолтонд даруухан өрсөлдөгчид болох Грекийн “Олимпиакос”, Хорватын “Динамо Загреб”-т ялагдсан.
Харин бусад том багуудын хувьд зарим хэсгээс гарч, “Челси”, “Порту”, “Манчестер Юнайтед”, “Валенсиа”, “Рома”, “Байер Ливеркузен” сүүлийн тойрогт хувь заяаагаа шийднэ.
Энэ жилийн хувьд ОХУ-ын “Зенит Санктпетрбург” хэний ч санаанд оромгүй тоглолтыг үзүүлж байна. Санктпетрбург хотын баг таван тоглолт хийхдээ “Валенсиа”-г 3:2, 2:0, “Лион”-г 3:1, 2:0, “Гент”-ийг 2:1-ээр буюу бүх өрсөлдөгчөө хожсон. Хэрэв сүүлийн тойрогт Белгийн “Гент” клубыг хожвол, хэсгийн бүх тоглолтонд хожсон тав дахь баг болно.
Хасгийн сүүлд Испанийн “Реал Мадрид” 2014-2015 оны улиралд хэсгийн бүх тоглолтонд хожиж байсан бол өмнө нь Италийн “Милан”, Испанийн “Барселона”, ОХУ-ын “Спартак”, Францын “ПСЖ” зэрэг клубууд хэсэгтээ зуун хувийн амжилт үзүүлж байлаа.
Тус тэмцээн нь 1955-1992 оны хооронд “Европын цом” нэртэй зохиогдож байсан. Харин 1992 оны намраас хойш “Аваргуудын лиг” нэртэй болж, шинэ системээр явагдах болсон. Тэр цагаас хойш Испанийн “Барселона” 2006, 2009, 2011, 2015 онд, мөн Испанийн “Реал Мадрид” 1998, 2000, 2002, 2014 онд, Италийн “Милан” 1994, 2003, 2007 онд, Германы “Бавари Мюнхен” 2001, 2013 онд, Английн “Манчестер Юнайтед” 1999, 2008 онд, Италийн “Ювентус” 1996 онд, Английн “Челси” 2012 онд, Германы “Боруссия Дортмунд” 1997 онд, Английн “Ливерпуль” 2005 онд, Голландын “Аякс” 1995 онд, Италийн “Интер Милан” 2010 онд, Португалын “Порту” 2004 онд тус тус түрүүлж байсан.
Сонирхолтой нь “Аваргуудын лиг” гэж нэрлэгдэх болсон цагаас хойш нэг ч баг аваргаа хамгаалж чадаагүй байгаа. Италийн “Милан”, “Ювентус” гурван жил, Английн “Манчестер Юнайтед”, Германы “Бавари Мюнхен” хоёр жил дараалан шигшээд шалгарсан хоёр тэмцээн дараалан түрүүлж чадаагүй. Мөн Испанийн “Реал Мадрид”, “Барселона” клубууд таван улирал дараалан хагас шигшээд үлдсэн хоёр аваргаа хамгаалж чадаагүй нь энэ тэмцээний чансаа, өрсөлдөөн ямар ширүүн явагддаг гэдгийн нотолгоо билээ.


М.Золбаатар

Сэтгэгдэл (0)