“Арсенал” дахиад боломжгүй даалгаварыг биелүүлж чадах уу
- 2015-12-08
- Спорт
- 0

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирал сонирхолтой үргэлжилж байна. Энэ сарын 8, 9-нд хэсгийн сүүлийн тоглолтууд болно. Өнөө шөнө “Реал Мадрид”-“Мальмё”, “ПСЖ”-“Шахтёр”, “Манчестер Юнайтед”-“Вольфсбург”, “ЦСКА Москва”-“ПСВ Эйндховен”, “Галатасарай”-“Астана”, “Атлетико Мадрид”-“Бенфика”, “Боруссия Мончебладхач”-“Манчестер Сити”, “Ювентус”-“Севилья” багууд тоглох аж.
Харин маргааш шөнө “Барселна”-“Байер Ливеркузен”, “Рома”-“БАТЭ”, “Арсенал”-“Олимпиакос”, “Бавари Мюнхен”-“Динамо Загреб”, “Динамо Киев”-“Маккаби”, “Порту”-“Челси”, “Валенсиа”-“Лион”, “Гент”-“Зенит” тоглох хуваарь гарсан.
Энэ улирлын онцлох баг нь ОХУ-ын “Зенит Санктпетрбург” боллоо. Тэд өнөө жил оролцож буй 32 багаас хэсгийн эхний таван тоглолт дараалан ялалт байгуулсан ганцхан баг нь болов. Хэрэв маргааш шөнө Белгийн багийг хожвол хэсгийн бүх тоглолтонд хожсон зургаа дахь баг болно. Өмнө нь 1992-1993 оны улирлаас хойш Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, Италийн “Милан”, Францын “ПСЖ”, ОХУ-ын “Спартак” хэсгийн тоглолтонд ялагдаж байгаагүй амжилтыг гаргаж байв.
Мөн Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” хэсгийн 20 тоглолт дараалан ялагдал хүлээлгүй дээд амжилт тогтоолоо. Өмнө нь нутгийн хүчтэй өрсөлдөгч “Барселона” 2009-2012 оны улиралд 18 тоглолт дараалан ялагдаагүй байсан. “Реал Мадрид” хамгийн сүүлд 2012-2013 оны улирлын хэсгийн тоглолтонд Германы “Боруссия Дортмунд” багт 2:1-ээр ялагдсан. Түүнээс хойш Голландын “Аякс” 4:1, Туркийн “Галатасарай” 6:1, 4:1, Данийн “Копенгаген” 4:0, 2:0, Италийн “Ювентус” 2:1, Английн “Ливерпуль” 3:0, 1:0, Швейцарийн “Базель” 5:1, 1:0, Болгарын “Лудогорец” 4:0, 2:1, Украйны “Шахтёр” 4:0, 4:3, Шведийн “Мальмё” 2:0, Францын “ПСЖ”-ийг 1:0-ээр хожиж, Германы “Боруссия Дортмунд” 2:2, Италийн “Ювентус” 2:2, Английн “Манчестер Сити” 1:1, Францын “ПСЖ”-тй 0:0-ээр тэнцэж, “Аваргуудын лиг”-ийн хэсгийн сүүлийн 20 тоглолт дараалан ялагдаагүй байгаа аж.
Өнөө жил Англи төдийгүй, дэлхийн шилдэг клубын нэг “Арсенал” тун хүнд байдалд орсон. “Их Буучид” эхний хоёр тоглолтонд даруухан өрсөлдөгч Хорватын “Динамо Загреб”-т 2:1, Грекийн “Олимпиакос”-т 3:2-оор ялагдсан. Дээрх хоёр хариуцлагагүй тоглолтын үр дүнд маргааш шөнө ялагдах эрхгүй талбайд гарна. Энэ хэсэгт Германы “Бавари Мюнхен” 12 оноотой болж тэргүүлэх нь тодорхой болсон бол Грекийн “Олимпиакос” 9 оноотой удаалж байна. Хэрэв “Арсенал” Грекийн талбайд гурван гоол оруулахгүй бол байдал өөрөөр эргэнэ. Өмнө нь Грекийн баг “Арсенал”-ыг талбай дээр нь 3:2-оор хожсон учир айлын талбайд гурван гоол оруулсан “Олимпиакос”-ийн боломж хавьгүй илүү байгаа нь А.Венгерын санааг зовоож байна.
“Арсенал”-ын хувьд сүүлийн дөрвөн улирлын “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гаас цааш яваагүй. Өмнө нь Италийн “Милан”-д талбай дээр нь 4:0-ээр ялагдаж, гэртээ 3:0-ээр хожсон. Мөн Германы “Бавари Мюнхен”-д талбай дээрээ 3:1-ээр ялагдаж, гэрт нь 2:0-ээр хожсон бол өнгөрсөн улиралд Францын “Монако”-д гэртээ 3:1-ээр ялагдаж, зочлон тоглохдоо 2:0-ээр хожсон. Гэхдээ дээрх тоглолт бүрт “Их буучид” гоолын зөрүүг нөхөж чадсан ч талбай дээрээ олон гоол алдсан учир тэмцээнээ өндөрлөж байсан түүхтэй.
М.Золбаатар

Сэтгэгдэл (0)