М.Дархижав: Миний хамгийн ойрын мөрөөдөл 10 мянган км-ийн цаана бий

 

         Энэ залуу эх орноо тойрох мөрөөдлөө биелүүлэхийн тулд адал явдлыг илүүтэй чухалчилжээ.Тэрбээр таван сарын хугацаанд эх орноо тойрохдоо 10 төрлийн аялал зохион байгуулах юм. Ингээд аялагч М.Дархижаваас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Та эх орноо бүтэн тойрно гэсэн. Яг ямар төрлийн аялал хийхээр төлөвлөөд байна вэ?

 

-Монголоо бүтэн тойрох хүсэл дөрвөн жилийн өмнөөс эхлэлтэй. Гэвч өнгөрсөн хугацаанд бололцоо гараагүй юм. Тиймээс одоо л мөрөөдлөө биелүүлэхээр“Хүүгийн нүүдэл-2016” аялалд гарахад бэлэн болоод байна. Өөрөөс шалтгаалах бүх зүйл бэлэн болсон. Одоо Хил хамгаалах Ерөнхий газар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авах л дутуу байна. Аяллын маршрутаа 10 өртөөтэйгөөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Ийм адал явдалт, олон төрөлт аялал хийх гэж байгаагаараа би Монголдоо анхдагч болж байгаа юм. Өмнө нь аялагчид нэгээс хоёр төрлөөр л эх орноо тойрч байсан. Харин би автомашин, унадаг дугуй, галт тэрэг, мото, тэмээн болон үхэр тэрэг, морин, усан, явган аялал, уулын авиралт зэргээр таван сар орчмын хугацаанд эх орноо тойрох урьдчилсан тооцоо гаргасан. Тухайлбал, Өмнөговь аймгийг тэмээгээр туулна. Монгол Улсын хамгийн өндөр цэг Хүйтний оргил болон хамгийн баруун цэг Мааньт ууланд авиралт хийнэ. Завханаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум хүртэл200 км газар үхэр тэргээр, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Сүхбаатар хот хүртэл Сэлэнгэ мөрнөөр хөвж, 550 км зайг завиар туулна.

 

-Аяллыг та багаараа хийх үү?

 

-Үгүй ээ. Ерөнхийдөө ганцаарчилсан аялал гэж ойлгож болно. Гэхдээ өртөө бүрт нэг хамтран аялагчтай байна.

 

-Нийт хэдэн км замыг туулж мөрөөдөлдөө хүрэх вэ?

 

-Аялал Монгол Улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумаас авто аяллаар эхэлнэ. 144 өдрийн турш 10 мянга гаруй км замыг туулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ цаг агаар, техникийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, миний хамгийн ойрын мөрөөдөл 10 мянган км-ийн цаана бий.

 

-Урт замыг тийм олон хоног туулна гэхээр нэлээд их зардал гарах байх?

 

-Аяллын нийт зардал ойролцоогоор15 сая төгрөг болно. Үүнд мэдээж техник хэрэгслийн үнэ ороогүй. Автомашин болон бусад техникийг авна гэвэл явж өгөх байх. Одоогоор ивээн тэтгэгч байхгүй. Найз нөхөд, ах дүү нарын дэмжлэгээр болох байх гэж найдаж байна.

 

-Явган аялагч дунджаар хэр хэмжээний ачаатай явдаг юм бол?

 

-Тухайн газрын онцлог, туулах замын саад бэрхшээл, хугацаа зэргээс шалтгаалан харилцан адилгүй. Дунджаар нэг аялагч хоол хүнс, майхан, хувцас, аяллын багаж гэх мэт зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ авахад л 20 кг ачаа үүрдэг. Харин эрчүүд бол 25-30 кг ачаатай явах нь хэвийн үзэгдэл. Би энэ удаагийн аялалдаа 600 км замыг 20 хоногт явганаар туулах төлөвлөгөө гаргасан.

 

-Уулын авиралт, усан завь гэх мэтээр хол зам туулна гэж төсөөлөхөд эрсдэл ихтэй санагдаж байна. Уучлаарай, та амь насны даатгал хийлгэсэн үү?

 

-Аяллын олон төрлийг сонгосон учир эрсдэл өндөр байж магадгүй. Тиймээс мэдээж аялалд гарахынхаа өмнө амь насны даатгал хийлгэнэ.

 

Ц.Гэрэлтуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (150.129.140.178)

    2016-02-28

    Amjilt huse.