Чөлөөт бөхийн Улсын аварга тамирчид Астанагийн ДАШТ-д оролцоно

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өчигдөр МҮОХ-ны байранд болсон юм. Тус хуралд  нийт 20 гаруй багш, дасгалжуулагч оролцож 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий зохион байгуулалт, Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при”-д оролцох эрэгтэй багийн бүрэлдэхүүн сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, МЧБХ 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сард зохион байгуулахаар болжээ. Ирэх жил “Сорилго” тэмцээнийг хийхгүйгээр УАШТ-д түрүүлсэн тамирчин "Токио-2020" зуны олимпийн наадмын эрх олгох Астанагийн ДАШТ-д шууд оролцох болсныг хуралд оролцсон багш нарын 100 хувийн саналаар баталсан байна.

Түүнчлэн ОХУ-ын Красноярскт хотод жил бүр уламжлал болдог Иван Ярыгиний дурсгалд зориулдаг “Алтан Гран при” тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд болно. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны оноо олгодог Красноярскийн тэмцээн жингийн зөрүүгүй болох бөгөөд жин тус бүрт таван тамирчны нэрсийг гаргасан.

Энэ долоо хоногт эцсийн байдлаар нэрсээ дахин гаргахаар болсон бөгөөд нэрийн мэдүүлгийг баталсаны дараа тамирчид жингээ өөрчлөхгүй байхаар тогтлоо. Красноярскийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд нэг жинд гурав хүртэлх тамирчин оролцох аж. 

                                                                                                                    Б. Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)