Дэлхийн спортын онцлох үйл явдлууд

1.Хөлбөмбөг сонирхогчдын баяр цэнгэл 2018 FIFA World Cup нь 21 дэх удаагийн тэмцээн хойд хөрш ОХУ-ны улсад зургадугаар сарын 14-нээс долдугаар сарын 15-нд хүртэл үргэлжилсэн. Зүүн Европт зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн анхны дэлхийн аваргын тэмцээн Европ тивд зохиогдсон 11 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон ажээ. 2018 оны уг дэлхийн аваргын хамгийн том онцлог нь видео туслах шүүгч буюу video assistant referees (VARs) гэх төхөөрөмжийг шинээр нэвтрүүлсэн явдал юм. Хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий аваргын алтан цомын төлөөх Хорват, Францын шигшээ багийн тоглолт Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Энэ тоглолтод Францулс 4:2-оор хожиж Дэлхийн аваргын "Алтан дагина" цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон. Гризманн, Погба, Мбаппе нар болон Хорватын шигшээгийн Манжукичийн авто гоолын ачаар тэд ийнхүү хожсон билээ. Францын шигшээ баг 20 жилийн дараа хоёр дахь удаагаа Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзэн болсон нь энэ. Тэд өмнө нь 1998 онд нутагтаа түрүүлж байсан юм.

2.Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн олимпийн XXIII наадам болж өнгөрлөө.

Энэ жилийн өвлийн олимпийн наадамд 92 улс орны 2925 тамирчин оролцсоноос Малайз, Сингапур, Эквадор, Эритрей, Нигер болон Косово улсын тамирчид анх удаа оролцсон юм. Пёнчаны өвлийн олимпийн наадамд нийт 29 улсын баг тамирчид медаль хүртжээ.

Тухайлбал, Норвеги улс 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль авч нийт 39 медалийн эзэн болсноор медалийн тоо болон чанараар тэргүүлсэн юм.

Харин Герман улс нийт 31 медаль хүртэж, жагсаалтын хоёрдугаар байрт жагссан юм.

Канад, АНУ болон Нидерланд улс чансаагаараа эхний таван байрт жагсжээ.

Олимпийн наадмыг зохион байгуулагч орон БНСУ чансаагаараа долоодугаар байрт жагссан байна.

3. Азийн наадам 
Азийн спортын арван наймдугаар наадам Индонез улсын нийслэл Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-нд нээлтээ хийж, 16 хоногийн турш амжилттай үргэлжлэн явагдлаа.

Цар хүрээгээрээ Олимпийн наадмын дараа ордог энэхүү наадамд Ази тивийн 11 мянга гаруй тамирчин Индонез улсад хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Энэ удаагийн наадамд Хятад, Япон болон Өмнөд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор тэргүүллээ. Монгол Улсын баг тамирчдын хувьд 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медальтай 17 дугаар байрт шалгарлаа.

Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож түүхэн амжилт тогтоов.

Азийн наадамд төрийн дууллаа эгшиглүүлэн Аваргалсан тамирчид

Э.Бэхбаяр - Чөлөөт бөх эрэгтэйчүүдийн 57кг

Г.Нандинзаяа - Буудлага эмэгтэйчүүдийн 50м урт бууны 3 төрлийн дасгал

Г.Наранцэцэг - Самбо эмэгтэйчүүдийн -48кг

Э.Цэндбаатар - Бокс эрэгтэйчүүдийн 60кг

Дараагийн "Азийн спортын наадам-2022" тэмцээнийг Хятад улсын Ханжоу хотод зохион байгуулах ажээ.

4. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод 2018 оны 10 дугаар сарын 6-наас 10 дугаар сарын 18-ны хооронд Залуучуудын Зуны Олимпийн наадам зохион байгуулагдлаа.

Залуучуудын Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Аргентины нийслэл хот нэрээ дэвшүүлэн, 2013 оны долдугаар сард эрхээ авч байжээ.

2018 оны Залуучуудын Олимпийн наадамд нийтдээ 3998 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгч бүртгүүлснээс 1999 нь залуус, 1999 нь охидууд байгаа юм. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улсын 4,000 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Тус наадамд Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин оролцож, 2 мөнгө, 1 хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр 1 алтан медаль хүртэв.

"Буэнос-Айрес - 2018" залуучуудын олимпийн наадмын эхний өдрүүдэд манай баг, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг-ын жинд Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртээд байсан билээ.

Залуучуудын олимпийн наадмын нэгэн онцлог нь олон улсын холимог багийн төрлүүд зохиогддог билээ. 10 дугаар сарын 12-ны өдөр 10 метрийн хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд Монголын тамирчин Э.Энхмаа, Унгар улсын тамирчин Залаан Пеклер нар нэг баг болон оролцож Алтан медаль хүртэв.

10 дугаар сарын 13-ны өдөр зохиогдсон Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд манай тамирчин Т.Оюун-Эрдэнэ нь Мексик, Румын, Кубын тамирчдыг ялж , Хятадын тамирчинд хожигдон, хүрэл медалийн төлөө Нигерийн тамирчныг 15:4 оноогоор ялж Залуучуудын олимпийн наадмын хүрэл медалийг хүртэв.

5. Португалийн шигшээ болон "Реал Мадрид" багийн гол тоглогч Криштиану Роналду Эзэн хааны багийг орхиж Италийн "Ювентус" баг руу шилжсэн билээ. Өдгөө 33 настай Роналду дөрвөн жилийн 117 сая ам.долларын гэрээ байгуулан Ювентус багт иржээ.

К.Роналду нь "Реал Мадрид" багт 2008 оноос хойш хүчин зүтгэсэн бөгөөд нийт 16 цом, 451 гоолыг эсрэг багийнхаа хаалганд хийсэн байна. Мөн Аваргуудын лигт дөрвөн ч удаа түрүүлж аваргын цомыг өргөж байжээ. Мөн таван удаа "Алтан бөмбөг" шагналыг хүрстэний дөрвөн тус багт байхдаа хүртсэн байдаг байна. Ингэснээр Месси-Роналду нарын супер дуэль өндөрлөж Рон шинэ түүхээ Италид бичиж эхэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)