Спортын сайн дурынхан гадаадад ажиллахаар явлаа

Монголын оюутны спортын холбоо, Азийн хүүхдүүд 2020 наадмын захиргаа хамтран анх удаа олон улсын наадамд, өргөн бүрэлдэхүүнтэй сайн дурынхны багийг илгээлээ. ОХУ-ын Өмнөд Сахалин хотноо 2019 оны 2 сарын 7-18-нд болох "Азийн хүүхдүүд" Өвлийн анхдугаар их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох сайн дурын 12 оюутан, ажилтнууд оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Шилдэг оюутны бүрэлдэхүүнд Ж.Тамир-ХИС, Б.Индра-МГХТИС, О.Ганхуяг-ҮБХИС, Ж.Сувд-Очир-МУИС, Б.Ану-ХААИС, А.Ануужин-АШУҮИС, Б.Тэмүүлэн-МУИС, Э.Маргад-ШУТИС, Г.Намуун-МУИС, Т.Түмэнгэрэл-МУБИС, Г.Цэнгэл-ОХУ-ын Москва хотын ОУХИС, Г.Даваажаргал-МГИМО оюутнууд орсон юм.

Сайн дурын оюутны багийн ахлагчаар ЗГХА-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Чинзориг, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын, захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул нар явж байна. Эдгээр оюутнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох "Азийн хүүхдүүд-2020" наадмын захиргаа, Монголын оюутны спортын холбоо, ЗГХА-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж, сонгон шалгаруулсан ба төрөл бүрийн давтан сургалтанд хамруулсан юм. Шалгарсан оюутнууд ОХУ-н Сахалин мужид болох "Азийн хүүхдүүд 2019" өвлийн анхдугаар наадмын үйл ажиллагаанд оролцон, зохион байгуулалт, тэмцээн, хоол байр, угтах, тамирчдыг дагалдах зэрэг олон чиглэлээр хуваагдан ажиллана. Сайн дурын ажилтнууд Сахалины наадмаас ихээхэн туршлага судлан ирж Монгол улсад 2020 оны 8 сарын 14-26-нд зохион байгуулагдах "Азийн хүүхдүүд" олон улсын 7-р их наадамд ажиллана. Энэ наадамд нийтдээ 1500 орчим сайн дурын ажилтнууд ажиллахаар төлөвлөгдөж байгаа ба анхны ажилтнууд нь ийнхүү бэлтгэгдэн гадаад улсад ажиллан мэргэжлээ дээшлүүлж байна. "Азийн хүүхдүүд 2020" наадмын захиргаа анх удаагаа спортын чиглэлээр гадаад улс оронд Монгол оюутнуудыг бүлгээр нь явуулах ажлыг амжилттай зохион байгуулж байна. Монголын сайн дурын ажилтнууд нь 2019 оны 1 сарын 30-наас 2 сарын 1-нд Эрхүү хотын БТДС дээр ажиллаж, сургалт дадлагын хичээл, танилцах аялалд оролцоно. Сахалин хотноо Монголын оюутнууд 2 сарын 2-нд очиж наадмын үйл ажиллагаа дуустал ажиллах хуваарьтай байгаа юм. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)