Ихэр ах дүү Азийн аварга боллоо

Монгол Улсын пауэрлифтингийн тамирчид Хонконгод зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, ганзага дүүрэн ирсэн талаараа мэдээллээ. Тивийн аваргын мастер нэг ангиллын 74 кг-ын жинд хүч чадлаа сорьсон манай тамирчин О.Батбилэг тэмцээний салхийг хагалж, медалийн тавцанд зогссон нь булган сүүлтэй байв. Азийн аварга болсон түүнээс гадна өсвөр, залуучуудын ангилалд өрсөлдсөн тамирчид энгэрээ мялаалж, амжилтаа баталгаажуулсан. Тэдний дунд ихэр тамирчид байсан нь тэмцээний өсверийн ангилалд өрсөлдсөн М.Дөлгөөн, М.Билгүун нар юм. Азийн аваргын -120 кг-ын жинд өрсөлдсөн М.Дөлгөөн, -105 кг-ын жинд хүч үзсэн М.Билгүүн нар нийлбэр дүнгээр алтан медаль хүртжээ. Тоолбол нас, төөлбөл бие чацуу ихрийн ах нь М.Дөлгөөн. “Хоёр минутын зайтай төрсөн болохоор ах нь болсон" хэмээн ярих тэрбээр спортын салбарт хөл тавихдаа анхлан бодибилдингоор хичээллэжээ. Тухайн үед түүнийг спортод дурлуулсан багш нь Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг.

Харин дүү М.Билгүүнийг пауэрлифтингийн спорттой холбосон хүн нь “Аварга” ахлах сургуулийн багш Ч.Нямдорж аж. Хүчний спортод шимтсэн ихрийг “Стронг” клубийн багш Б.Гантулга дасгалжуулдаг. Ээжийн талаасаа бөхийн удамтай тамирчид энэ спортоор хичээллээд жил гаруй болж байгаа ч аль хэдийнэ дотоод төдийгүй гадаадын тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулжээ. Тэд хэдхэн хоногийн дараа Наран улсын нийслэлд зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй. Харин ирэх наймдугаар сард Канад улсад болох тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базаах юм. Залуу тамирчид маш том зорилготой. Тамирчин бүр мөрөөдөл болсон олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцохыг хүсдэг. Тиймдээ ч бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр тэмүүлж явна. Мөн тэд бурхан болсон аавынхаа урмыг хугалахгүй, нэрийг нь өндөрт өргөхийг зорилгоо болгожээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)