Улсын баатар Н.Жамбаагийн тухай өгүүлэхэд…

Халх голын байлдааны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Дайнд оролцож явсан баатрууд бүгд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.  Тэд маань  амь биеэ зориулан авч үлдсэн эх орныхоо газар  шороонд тайван нойрсож байна.

Баатруудынхаа гавьяа, үйл хэргийг үеийн үед дурсан, мөнхжүүлж явах нь бидний үүрэг билээ. Тиймээс ч энэ  удаагийн “Амьдралын тойрог” буландаа Монгол Улсын баатар Норпилын Жамбаа агсны тухай өгүүлэх болно.

Улсын баатар Н.Жамбаа агсныг дайнд оролцож явсан баатруудаас хамгийн сүүлд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэдгийг үр хүүхдүүд нь тодотгож байна.  Есөн охин, нэг хүүтэй бөгөөд одоо тэд нар нь “Жамбаа” санг үүсгэн байгуулж, аавынхаа үйл хэргийг энх цагт нэр төртэйгөөр үргэлжлүүлж явна.  Түүний охидын нэг  Ж.Загас ХААИС-д биеийн тамирын багшаар ажиллаж байгаа юм.   Түүнтэй уулзаж аавынх нь тухай ярилцсан юм.

Баатар төрлөө хэмээн хүлээж авсан эх орон

1918 оны наймдугаар сарын 20 –нд Түшээт хан аймгийн Ламын гэгээний шавь хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Ичээтийн голд нэгэн хүү мэндэлсэн байдаг. Нутгийн зөн олон баатар эр төрлөө хэмээн ихэд бэлэгшээжээ.  Тэр хүмүүн бол  Монгол Улсын баатар Н.Жамбаа байсан юм.  Бага наснаасаа байгаль орчин, газар шороо, уул устайгаа ойрхон өсч,  нэг ёсондоо тэдэнтэй ярьдаг байсан тухай хожмоо дурссан байна.  Орог нуурын зартай дархан Ойдовын Шарын бүтээсэн цахиур буугаар ан хийж явахдаа хожмын өдөр мэргэн бууч болж, эх орныхоо газар  шорооны төлөө тэмцэнэ гэдгээ яаж мэдэх билээ дээ. 1937 оны намар.  Н.Жамбаа баатар  19 настай  байлаа. Зүүн зүгт Халх гол хавиар япончууд орох гээд байна гэсэн яриа сонсогдох болжээ. Жилд нэг удаа болдог байсан цэрэг татлага тэр жил хоёр дахиа боллоо.  Энэ удаа Н.Жамбааг эх орон дууджээ. Тэрбээр цэргийн албаны зарлан дуудах авахдаа “Муусайн дайснуудыг ёстой хядаад өгөх юмсан” гэж бодож байсан гэнэ.  Тэгээд ардын цэргийн наймдугаар дивиз 23 дугаар хорооны пулемётын суманд хувиарлагдсан байдаг. Тэндээ хилчин, харуул, путемётчин, тогооч гээд л чадах бүхнээ хийж явсан. Гурав, дөрөвхөн сарын өмнө л Хонгор нутагтаа цахиур буугаа үүрэн зээр гөрөөстэй хөөцөлдөж явсан Жамбаа хүү гартаа тав үсэрдэг хурдан буу атгачихсан эх орныхоо торгон хил дээр бүүр ээлжийн манаанд зогсож байсан нь энэ байсан юм.

Гурван дайны баатар

Удалгүй Н.Жамбаа Сүмбэрийн долдугаар заставт тасгийн даргаар томилогдож 10 цэрэг ахлан хариуцлагатай үүрэг хүлээжээ. Газар орноо ёстой л гуу жалга, нүх сүв бүр толгой бүрийг нарийн судалсан цэргийн дарга байсан гэдэг.  Энэ нь дайсны тулгаралтыг  няцаахад нь дэм болж байжээ. 1939 оны Халх голын дайны эхнээс дуусах хүртэл нь тулалдсан баатруудын нэг бол Н.Жамбаа.   Тухайлбал, Халх голын эхний тулгаралтууд болох талын манхан булаан эзлэх үүргийг гүйцэтгэсэн.  Мөн дайчин нөхдийн хамт 40 гаруй олзны цэрэг, бичиг баримт, 60 гаруй дайсны цэрэг устгажээ. Бүслэгдсэн цэргүүддээ хоол хүнс хүргэх, дайсны талд тагнуул хийх зэрэг үүрэг гүйцэтгэж байсан байна. Жамбаа баатрын эрэлхэг гавъяа  олон ч олны мэдэх тодхон түүхүүд бий. Түүний нэг нь эгц нүүр тулсан 12  цэргийг устгаж офицерыг нь олзлон авч байсан.  Ингэхдээ хамт явсан комиссар Цэвэгжавын амь насыг аварч байсныг түүхийн баримтууд гэрчилдэг юм.  Түүнээс гадна 1939 он, 1940 оны баруун хилийн тулгаралт, 1945 оны чөлөөлөх дайн гээд гурван  дайнд эх орныхоо газар шороог хамгаалсан. 1939 онд  Монгол ардын хувьсгалт цэрэг эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалан тулалдсан. Харин 1945 оны Чөлөөлөх дайн нь тэрхүү дэлхийн дайны төгсгөл болсон бөгөөд Монгол ардын хувьсгалт цэрэг хилийнхээ дээс алхаж, мах цусны тасархай  Өмнөд монголчууд, мөнхийн хөрш хятадын ард түмнийг харийн талхидлаас чөлөөлөхөөр мордсон онцлогтой юм.  Энэхүү бүхний гэрч нь Н.Жамбаа агсан байлаа.

Дайны дараа…

Дайны дараах он жилүүдэд ч  Н.Жамбаа гуай зүгээр суугаагүй.  Хамгаалж чадсан юм чинь хөгжүүлж чадах байлгүй. Ер нь хүчээ нэмэрлэе гээд жолоочоор ажиллахаар шийдсэн байдаг.  Батлан хамгаалах яамны 026 дугаар ангид жолооч боллоо. Тэгээд л хаана ган гачиг, зуд болно тийшээ  явдаг байсан тухай  түүний охин Ж.Загас дурсан ярьж байна.  1960 оны өвөл Говь-Алтай аймагт цасанд боогдсон малчдад өвс, хоол унд хүргэх гэж Мааньтын давааны цасыг 13 өдөр ухсаар явж хүргэж өгсөн байдаг.  Тэрнийхээ төлөө Шударга  журам медалиар шагнагджээ. Түүний дараа Увс аймагт зуд болоход тэнд өвс хүргэхээр чиргүүлтэй машинтай явжээ.   Тэгэхэд Жамбаа агсны эхнэр Зэсмаа хүүхдүүддээ “Энэ ямар үйлтэй хүн юм бэ. Залуу зандан насандаа гурвын гурван дайны хүнд хүчрийг туулчихаад 60 гарсан хойноо бас зуданд яваад өгдөг. Энэ өвгөний амьд мэнд ирэхийг үзэхгүй байх даа” хэмээн уйлж суусан гэдэг.    Тэр бол дайны ч энх цагийн ч баатар ажээ.  1979 онд Норпилын Жамбаад  Маршал Ю.Цэдэнбал Улсын баатар цол олгосан байдаг.  Энэ үеэрээ  Ю.Цэдэнбал гуай “Та бол дайны ч баатар энхийн ч баатар гэсэн байдаг.  Тэгэхэд Н.Жамбаа агсан ихэд  баярлаж, бахархсан” тухай үр хүүхэд нь дурсан ярьж байна.

“Ээж минь аавыг буутай манадаг байсан”

1979 онд Норпилын Жамбаад Маршал Ю.Цэдэнбал Улсын баатар цол олгосан байдаг. Энэ үеэрээ Ю.Цэдэнбал гуай “Та бол дайны ч баатар энхийн ч баатар гэсэн байдаг. Тэгэхэд Н.Жамбаа агсан ихэд баярлаж, бахархсан” тухай үр хүүхэд нь дурсан ярьж байна.

Улсын баатар Н.Жамбаагийн хань Зэсмаа гэж эмэгтэй байжээ.  Тэд цэрэгт танилцаж, хоёр ч дайны он жилүүдийг хамтдаа туулсан байдаг.   Зэсмаа 1948 оны баруун хилийн тулгаралтад ханьтайгаа явж байсан, Цэргийн гавьяаны одонтой, ахмад хилчин хүн байлаа. Тэд  52 жил ханилсан.  Аав ээжийнхээ тухай Ж.Загас “Османы дээрэмчид хил рүү дайрч цэрэг дарга нарыг хулгайлж авч явдаг, тэгээд аваачиж амьдаар нь тамлан хөнөөдөг байсан юм билээ.  Тэр үед ээж маань аавыг их манана. Хээр бие засахад нь хүртэл винтов барьж дэргэд нь сахиад зогсдог байсан. Аав “Чи яах нь вэ, яв яв” гэхэд нь ээж “Тэр ярихгүй ээ, чамайг аваад явчихвал яах юм” гээд буу бариад манадаг байсан юм билээ” гэв. Улсын баатар Н.Жамбаагийнх есөн охин нэг хүүтэй.  Хүүхдүүд нь  бүгд хоёр, хоёр насны зайтай төржээ. Удам залгах хүүтэй болохын төлөө найман охин төрүүлжээ. Сүүлд нь ес дэх төрөлт дээр ихэр төрж нэг хүүтэй болжээ. Энэ тухай Ж.Загас “Тухайн үед эмч нар ч ихэр гэдгийг мэдэхгүй аавд охин төрлөө” гэж. Аав “Дахиад л охин” гээд урамгүй гараад машинаа асаасан гэж байгаа. Миний аав бодохдоо “Дайны үеэр олон цэргийг цааш харуулж явсан. Тийм болохоор удам залгах хүүтэй болох хувьгүй болгочихож” гэж л бодож байсан гэдэг. Гэтэл араас нь эмч цонхны цаанаас даллаад гүйсэн гэнэ. Аав бодохдоо ээжийн бие муудсан юм болов уу гэж санаа зовоод эргэтэл “Жамбаа гуай дахиад нэг хүүхэд. Та хүүтэй боллоо” гэсэн гэнэ лээ.  Ингэж Улсын баатар маань 50 насандаа хүүтэй болж хагартлаа баярлаж байсан гэдэг.  Мөн Н.Жамбаа агсан сайн барилддаг байжээ. Аймгийн заан цолтой. Нас ахиад бөхөө барилдахаа болиод ирэхээр зүгээр бөхийн хоббитой болсон гэдэг.

Халх голыг хамгаалж явсан бэлгэдлээ бодож охиддоо голын нэр хайрлажээ

“Аав минь Халхголыг хамгаалж явсан бэлгэдлээ бодож бидэнд голын нэр хайрласан байдаг. Манай эгч нар Сэлэнгэ, Туул, Булган, Онон гэдэг нэртэй. Бас Орхон, Хэрлэн гээд нэрлэтэл нэр нь хүнддээд гурван эгчийн голын нэрийг Янжмаа, Янжинчимэг, Уртнасан гэж өөрчилсөн” гэлээ.

Мөн Улсын баатар Н.Жамбаагийн охин Ж.Загас нэг сайхан түүх хуваалцлаа. Тэрээр “Мэдээж дэрсхэн олон хүүхдийг ээж, аав маань өсгөх гэж их зүтгэсэн. Бидний хувцас бол эрээн даавуу. Эрээн даавуугаар нарны малгайнаас эхлээд бүхий л хувцсыг нь ээж нь хийж өгнө. Эгчийнх багадахаар дүүд ирдэг байв.  Мөн олон охидтой айл бол цэвэрч нямбай гэдэг нь хэлэх үггүй. Тийм болохоор тэднийх байнга л цэвэрч өрхөөр тодордог байжээ.    Өөр сонин зүйл нь Н.Жамбаа гуай бүх охиддоо гол усны нэр хайрласан гэдэг. Аав Халхголыг хамгаалж явсан бэлгэдлээ бодож биднийг тэгж нэрлэсэн. Манай эгч нар Сэлэнгэ, Туул, Булган, Онон гэдэг нэртэй. Бас Орхон, Хэрлэн гээд нэрлэтэл нэр нь хүнддээд гурван эгчийн голын нэрийг Янжмаа, Янжинчимэг, Уртнасан гэж өөрчилсөн.  Харин намайг тэр олон голын дунд нэг загас байг гээд Загас гэж нэрлэсэн гэдэг” хэмээн дурсаж байна. Одоо тэднээс хамгийн том эгч маань бурхан болсон. Үлдсэн найман охин, нэг хүү нь энх тунх сайхан амьдарч байна. Улс орондоо хийдгээ хийгээд олонх нь гавьяаныхаа амралтад гараад байгаа.  Бидний ярилцсан Ж.Загас нь гэхэд найм дахь охин нь. Энэ жил 55 нас хүрэх гэж байна. ХААИС-ийн биеийн тамирын багшийн ажилтай.  Хамгийн бага хоёр ихэр дүү гэхэд 51-тэй хүмүүс байна. Улсын баатар маань охидоо ихэд хайрлана.   Нэг ч удаа ширүүн үг хэлдэггүй  тийм л хүн байсан гэдэг.  Ийм л эгэлгүй нэгэн байлаа.

Баянхонгор аймгийн Богд сумын харъяат Н.Жамбаа баатрын  гавьяаг мөнхжүүлж хилийн 0198-р ангийн 0179-р салбар, олны сайн мэдэхээр Дэгээ голын заставыг  баатрын нэрэмжит болгожээ.  Баатрын идэр залуу насыг харуулсан хүрэл хөшөөг сэргээн засварлан, шинэчилсэн байна. Н.Жамбаа баатарт Цэргийн гавьяаны улаан тугийн одон,  Алтан гадас одон, Байлдааны гавьяаны хүндэт одон, Сүхбаатарын одон, шударга журам медалиар шагнажээ. Түүнчлэн  1979 оны наймдугаар сарын 15- ны өдөр алтан таван хошуу, БНМАУ-ын баатар цолоо гардсан түүхтэй.  Мөн  Улсын баатар Жамбаагийн хөшөө түүний төрсөн нутаг Баянхонгор аймгийн төвд бий. Тусгаар тогтнол гэдэг бол гадаадын ямар ч улс орноос эдийн засаг, улс төр, нийгэмшил, оюун санааны хувьд хараат биш өөрийн гэсэн хил хязгаартай бүрэн эрхт улсыг хэлдэг билээ.

Тэгвэл эх орныхоо газар шороо, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан олон аавын хөвгүүдийн нэг нь Монгол Улсын хилчин баатар Н.Жамбаа байжээ. Тэр ясаараа, цусаараа, зүрх сэтгэлээрээ эх орноо хамгаалж үлдсэн гавьяатай.

“…Эрх чөлөө мандсан

Энхрий Монгол орон минь

Дархан сайхан хилээ

Даалгаж биднээр мануулав.

“ Ай хө баатрууд минь Халш­ралгүй зүтгэцгээе…” хэмээн Улсын баатар Н.Жамбаа гуайн дуулах дуртай дууны хэсгээр нийтлэлээ төгсгөе.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)