​Ц.Гарамжав: Бусад орны иргэд тэтгэврийн мөнгөөрөө аялж байхад Монголын ахмадуудын тэтгэвэр сарынхаа хүнсийг ч авахад хүрэлцэхгүй байна

Уул уурхайн түүхий эдийн ханшийн уналттай давхацсан АН-ын бодлогын алдааны улмаас Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Парламентын 2016 оны сонгуулиар сөргүүлэн УИХ-д үнэмлэхүй олонхын суудал авсан МАН монголчуудын итгэлийг хүлээхдээ татвар нэмэхгүй, хувь хүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулна гэдэг амлалт өгч байлаа. Эдгээрээс иргэдийн амьжиргаа болон ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хамгийн хүндээр нөлөөлөх болсон нь Нийгмийн даатгалын шимтгэл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдэх болж, орлогын албан татварын хамтаар ирэх онд иргэдийн гар дээр ирж буй цалингийн 26 хувьтай тэнцэх болоод байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.

-Иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэх боллоо. УИХ-ын гишүүд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Иргэдийн зүгээс хамгийн их санал хүсэлтээ ирүүлж буй асуудал бол энэ. Эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн амьжиргаа дээшлэх ёстой. Өсөлт өрх бүрийн хаалгаар орох ёстой гэж бид ярьдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэддээ ижил тэнцүү хүртээж чадсан уу гэдэг асуудал гарч ирж байна. Тайлан судалгаанаас харахад, өнгөрсөн гурван жилд дундаж цалин өсөж, өрхийн орлого нэмэгдсэн байгаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2016 онд дундаж цалин 942 мянган төгрөг байсан бол энэ онд 1.1 сая төгрөг болжээ. Энэ бол өсөлт. Үүнийг дагаад өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөг болсон ч зарлагадаа хүрэхгүй байгаа урвуу статистик гарсан байна лээ. Цалин нэмэгдэхийн хэрээр шимтгэл, татвар дагаад өсөж байгаа нь иргэдэд очих хүртээмжийг бууруулж буйтай санал нэг байна. Гишүүдийн хувьд ч санал нэг байгаа гэдгээ хэлэх болсон. Хэрэв энэ хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл хураамж өсөөгүй бол өрхийн орлого зарлагаасаа давах боломжтой байсан нь үүнээс харагдана.

-Улс 2016-2017 онд төсөв мөнгөний хүндрэлтэй байсан учраас иргэдийн хувьд татвар нэмж буйг хүлээн зөвшөөрсөн. Харин өнөөдөр эдийн засаг харьцангуй тогтворжсон болохыг олон тоон үзүүлэлт илтгэж байгаа. Тиймээс иргэдийн бодит орлогод ногдуулж буй шимтгэл, татварын хувь хэмжээг одоогийнхоос бууруулахгүй юмаа гэхэд тогтворжуулах боломжтой юу?

-2016 онд агшсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувиар өсөөд байна. Улсын төсөв ч ашигтай гарах боллоо. Тиймээс ирэх онд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийн оронд одоогийн түвшиндээ хадгалаад, дараагийн дөрвөн жилд тэтгэврийн тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Дэлхийн ихэнх оронд иргэдийг нийгмийн даатгалын байгууллагаа сонгох боломжийг нь төрөөс хуулиар зохицуулж өгсөн сайн жишээнүүд бий. Тэтгэврийн даатгалын төрөл аль болох олон сонголттой байснаар амьжиргааны түвшин буурах эрсдэлд өртдөггүйг олон улсын туршлагаар баталсан. Төрөөс тусламж хүсэгч, бага орлоготой иргэдийн тоо буурч, төсвийн дарамт багасдаг нийтлэг туршлага байдаг. Харин манайд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 2.7 иргэний шимтгэлээр нэг хүний тэтгэврийг олгож байна. Хэрвээ тэр хүмүүс шимтгэл төлөхөө больчихвол, улс тэтгэврээ тавьж чадахаа болих хүндрэл бий. Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс жилдээ 600 тэрбум төгрөгийн татаас авч ирсэн. Одоогийн тогтолцоогоор бол ирээдүйд их наяд төгрөгөөр хэмжигдэх татаас авч байж алдагдалгүй ажиллах юм билээ. Тэгэхээр Монгол Улс тэтгэврийн тогтолцоогоо зайлшгүй эргэж харах шаардлагатай.

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн нэг болзол нь Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах байсан шүү дээ?

-2017 онд ОУВС-тай тохиролцсоноор Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэхээр хуульчилсан. Улмаар 2018-2020 онд үе шаттай нэмэхээр тохиролцсон. Ирэх онд ажилтан 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувь буюу нийтдээ 26 хувийн шимтгэл төлөхөөр байгаа. Монгол Улс олон улсын байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Гэхдээ аливаа гэрээг цаг үетэйгээ уялдуулан өөрчилж болдог. Энэ чиглэлээр арга хэмжээ авах бүрэн боломжтой гэж харж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаа нь дан ганц ажилтан төдийгүй бизнесийн салбарт ч сөргөөр нөлөөлж байгаа. Татварын бодлогоо эргэж харахыг үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид аль аль талаасаа хэлэх болсон. Энэ талаар санал ирж байна уу?

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайланд өнгөрсөн хоёрдугаар улирлын байдлаар 41.9 мянган аж ахуйн нэгжийн 675.9 мянган ажилтан бүртгэгдсэн байгаа юм. Гэтэл өнөөдөр Монгол Улсад 180 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 90 орчим мянга нь тогтвортой ажиллаж байна. Тэгэхээр ажилтнуудаа нийгмийн даатгалд хамруулдаг аж ахуйн нэгж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын тоо хооронд том зөрүүтэй байгаа биз. Үүн дээр дүгнэлт хийхэд, Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгжүүдэд том дарамт болж байгааг харж болно. Ажилтантайгаа тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар аль болох бага шимтгэл төлөхийг эрмэлзэж буйгаа хэлдэг. Энэ нь өөрөө далд эдийн засгийг дэмжих хөшүүрэг болсон. Саяхан нэг жишээ явж байсан даа. Сарын 900 мянган төгрөгийн цалинтай ажилтан Нийгмийн даатгалын шимтгэлд орлогынхоо 12.5 хувийг буюу 112.500 төгрөг, ажил олгогч 13.5 хувийг буюу 121.500 төгрөг төлнө гэсэн тооцоо. Нийгмийн даатгалын шимтгэл 2017-2020 онд сэмхэн нэмэгдсээр нийтдээ дөрвөн хувиар өсөхөөр байна. Ажилтны цалин өсөх тусам төлөх дүн нэмэгдэж, аж ахуйн нэгжээс төдий чинээ зардал гарна. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд энэ бол хамгийн том дарамт болдог. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 90 орчим мянган аж ахуйн нэгжийн 90 хувь нь 1-9 ажилтантай байдаг. Тэдэнд ийм дарамт үүсгэснээр бизнесээ тэлэх боломж нь хумигдаж байгаа. Эсвэл үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ энэ өртгийг шингээнэ. Тэр өртөг худалдан авагч иргэдийн нуруун дээр ирдэг. Нөгөө талаар эдийн засгийн өсөлтийг төр биш хувийн хэвшил бий болгож байгаа. Тиймээс эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлнө гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэн ажлын байрныхаа тоог өсгөж үйл ажиллагаагаа тэлэхийг зорьдог. Гэвч энэ бололцоог татвар, шимтгэлийн өсөлт хязгаарлаж байгаа. Ялангуяа сүүлийн таван жилд Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний хэмжээ олон улсын дунджид дөхөж очиж чадахгүй байгаа нь татвар, шимтгэлийн хэмжээ байнга нэмэгдэж ирсэнтэй холбоотой.

-Нийгмийн даатгалын сангаа дампууруулахгүй, иргэдийн нуруун дээр ирэх ачааг хөнгөлөх ойрын хугацааны шийдэл байна уу?

-Жишээлбэл, Эрүүл мэндийн даатгалын сан 500 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалтай байгаа. Энэ сангийн хөрөнгийг зөв зүйтэй зүйлд нь зарцуулахгүйгээр аль нэг банканд байлгаж байгаад алдвал харамсалтай биз дээ. Тооцоо судалгаагүй төсөл хөтөлбөрүүдэд ороод алга болсон тохиолдлууд ч байдаг. Энэ хоёр санг салгасан асуудлыг анхандаа зөв зүйтэй гэж харж байсан ч тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоогоо үндсээр нь өөрчлөөгүй нөхцөлд хүндрэлтэй болох нь одоо илэрч байна. Нийгмийн даатгалын санд 600 тэрбум татаас авч байхад, Эрүүл мэндийн даатгалын сан 600 орчим тэрбумын хуримтлалтай сууж байх жишээтэй.

-Нийгмийн даатгалын сан 30 орчим жил алдагдалтай байж ирлээ. Угаасаа хөрөнгө мөнгө тааруу байв уу, эсвэл асуудал нь удирдаж буй хүмүүстэй байсан уу?

-Ерөөсөө тогтолцооны гажиг. Бусад улс оронд нийгмийн даатгал олон төрөл байдаг. Зөвхөн улс бүгдийг төвлөрүүлснээр маш их алдагдал хүлээж байгаа. Иргэд насаараа хөдөлмөрлөж, өндөр шимтгэл төллөө гээд гавьяаны амралтаа авахдаа цалингийнхаа талд ч хүрэхгүй тэтгэвэр авч байгаа нь эрүүл тогтолцоо биш. Үр хүүхэд нь сайн л явахгүй бол өндөр настнууд эмзэг давхарга руу шилжих гол шалтгаан бол энэ. Бусад орны өндөр настнууд тэтгэврээрээ аялж байхад монголчуудын тэтгэвэр сарынхаа хүнсээ авахад ч хүрэлцдэггүй жишээ зөвхөн манай тойрогт л гэхэд маш олон бий. Өнөөдөр дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэн байхад нийт тэтгэвэр авч буй иргэдийн 80 хувь нь 300 мянган хүртэлх тэтгэвэртэй. Ийм тогтолцооны улмаас залуу насаа улсдаа зориулсан олон мянган ахмад настан хохирч байгаа. Энэ тогтолцоон дээр дулдуйдан сангийн мөнгийг үрэн таран хийсэн тохиолдлууд ч цөөнгүй байх. Зөвхөн нэг арилжааны банк дампуурснаас болж 400 тэрбум төгрөгөө алдчихаад сууж байгаа шүү дээ. Иргэдийн зүгээс эргэж харахыг шаарддаг өөр нэг зүйл тэтгэврийн нас. Монголчуудын дундаж наслалт 70 болж нэмэгдсэн гэж байгаа боловч эрчүүдийнх 66 байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлж байгаа нь хэтэрхий хатуу шийдвэр. Насаараа хөдөлмөрлөсөн иргэн гавьяаны амралтад гараад нэг ч төгрөг авч чадалгүй бурхны оронд одож байгаа нь эрүүл тогтолцоо биш.

-МАН-ын 2016 оны сонгуулиар татвар нэмэхгүй гэдэг амлалт өгч байсан байх аа?

-Монгол Ардын нам 2016-2020 онд баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх ажлаа 2016 оны зургадугаар сард дэмжигч, сонгогчдоороо батлуулсан гэж ойлгож байгаа. Зарим улс төрийн хүчний алдаатай бодлогын улмаас эдийн засаг хямарч, өрхийн орлого буураад байсан үед сонгогчид хэн нэгэн улстөрчийг бус 100 жилийн түүхтэй МАН-д итгэл хүлээлгэсэн гэж ойлгож явдаг. Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны иргэн Дорж нэр дэвшигч Гарамжав бус манай намын мөрийн хөтөлбөрт саналаа өгснийг би хувьдаа хүндэтгэдэг. Гэтэл бид төрийн түшээ болохоосоо өмнө ард түмэндээ өгсөн амлалтаа зөрчиж болохгүй биз дээ. Сонгогчид бидэнд зөв зүйтэй бодлого хэрэгжүүлнэ гэж итгээд үнэмлэхүй итгэл хүлээлгэсэн. Нийгмийн даатгалын шимтгэл ийм хэмжээнд хүрэх зайлшгүй шалтгаан 2016 оны хүндрэлийн үед байсан. Тэгвэл одоо өнгөрсөн хугацаанд иргэддээ үүрүүлсэн дарамтаа өөрсдийнхөө нуруун дээр үүрэх үе ирээд байна. Үүний оронд төр зардлаа бууруулах замаар хүндрэлээ шийдвэрлэж болно гэж харж байгаа. Ингэж аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй.

Өдрийн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)