Холбооныхны хариуцлагагүйгээс тамирчид тэмцээндээ оролцож чадсангүй

Катарын Доха хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 10.00 цагт эхэлж байна. Тэмцээнд манай улсын шигшээ багийн 17 тамирчин оролцохоор өнгөрсөн даваа гаригт эх орноосоо хөдөлсөн юм. Гэтэл нийт баг бүрэлдэхүүнээс дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нарыг визийн зөрчилтэй хэмээж, Дубайн хилээр нэвтрүүлэлгүй, онгоцны буудалд саатуулжээ. Ийм тохиолдолд ихэвчлэн спорт холбоод баг тамирчдын нэрсийг буруу мэдүүлсэн алдаа гардаг юм байна. Ямартай ч энэ үйл явдал Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр явсан тамирчдад харамсалтай хэрэг боллоо. Учир нь тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Риогийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх боломжтой байсан юм. Визийн зөрчилтэй тамирчид болох Н.Золбоо 125 кг-ын жинд өнөөдөр, Д.Гомбодорж 74 кг, Д.Хүдэрбулга 97 кг-ийн жинд энэ сарын 7-нд зодоглох ёстой байсан аж.

 

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргахаар явсан тамирчдын виз болон бусад асуудалд Чөлөөт бөхийн холбоо анхаарал хандуулж ажиллах үүрэгтэй. Гэвч тамирчдын виз яагаад зөрчилтэй байсныг тодруулахаар тус холбоон дээр очиход“Удирдлагууд хөдөө тэмцээн, семинарт явсан. Бидэнд ямар ч мэдээлэл алга.” гэх хариултыг хэвлэлийн төлөөлөгч нь хэлж байв. Үүнээс Монголын чөлөөт бөхийн холбоо тамирчдадаа ямар ч анхаарал хандуулдаггүй нь тодорхой харагдаж байгаа юм. Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр болох Азийн бөхийн холбооны их хуралд оролцохоор явсан байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Катарын Дохад өглөөнөөс хойш тамирчдынхаа талаар асууж сураглаж, хөөцөлдөж цөхрөнгөө барж байна. Катарын бөхийн холбооноос Монголын баг тамирчид нэрсээ тулгаж өгсөн. Гэтэл Монголын гурван тамирчин, нэг багшийн нэрийг оруулаагүй байна. Тэд бидний өөдөөс хууль ярьж ам таглаж байна. Манайхаас бусад Узбек зэрэг улс байна” хэмээн бичжээ.

 

 

Тэрбээр Азийн чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Кимтэй энэ талаар уулзаж асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч ямар ч шийдэлд хүрч чадаагүй байна. Ингэснээр манай улсын дээд жингийн гурван тамирчин барилдах боломжгүй боллоо. Харин бусад тамирчин хуваарийнхаа дагуу барилдана. Эл асуудалд холбогдох газрууд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм. Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжанаас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Өнөөдөр эхлэх тэмцээнд манай улсын гурван тамирчин оролцох эрхгүй болчихлоо. Визийн зөрчлөөс болоод Дубайн хилээр нэвтрүүлээгүй. Онгоцны буудал дээр саатуулагдсан талаар мэдээлэл өгнө үү?

 

-Бид утсаар болон бусад байдлаар холбогдох газруудтай ярилцаж байна. Визийн зөрчил гарсан. Тодруулбал, паспорт дээр нь дарагдсан визийн дугаараар хилийн шалган дээр шалгаж үзэхэд өөр хүний нэр орж ирсэн байна гэсэн.

 

-Гадны улс руу тэмцээнд оролцоход тамирчдын мэдүүлгийг эртнээс өгдөг. Үүнд алдаа гарсан байж болзошгүй юм биш үү?

 

-Тэмцээн уралдаанд оролцуулах асуудлыг мэргэжлийн холбоо нь хариуцаж ажилладаг. Тэгэхээр холбооны зүгээс тамирчдынхаа мэдүүлгийг өгөх тал дээр хугацаа алдсан байж болзошгүй. Мөн виз олгосон газрынхны алдаа, хариуцлагагүй байдлаас болж тамирчид тэмцээндээ оролцож чадахгүйд хүрээд байна.

 

-Тамирчид, дасгалжуулагчийнх нь хамт онгоцны буудалд саатуулагдсан гэсэн. Эх орондоо хэзээ ирэх вэ. Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадоржтой холбоо барьсан уу?

 

-Дубайн Эмират Эйрлайнзэд ажилладаг монгол эмэгтэй тамирчидтай холбогдож тусалж байна. Саатуулагдаж байсан тамирчид одоо гарчихсан. Онгоцны буудлын хүлээлгийн танхимд байгаа. Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Түүний хэлж буйгаар визийн зөрчилтэй учир Катар руу явах ямар ч боломжгүй. Тиймээс эх орон руу нь буцаахаас өөр аргагүй гэсэн. Гэхдээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд орж чадаагүй тамирчид Дэл хийн аварга шалгаруулах тэм цээн болон олимпод оролцох эрх нь хэвээрээ байгаа. Консулын газрынхан ч Кувейтын консул, Элчин сайдын яамтай холбогдох арга хэмжээг аваад ажиллаж байна гэв.

 

Гадаад хэргийн яамны харьяа Консулын газар ямар арга хэмжээ авч байгааг тус газрын захирал Н.Батаагаас тодрууллаа.

 

-Манай улсын тамирчид визийн зөрчлөөс болж Дубайн онгоцны буудалд саатуулагдсан байгаа. Энэ талаар тодруулна уу?

 

-Азийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо өнөөдөр эхэлж байна. Бидний авсан мэдээллээр манай тамирчид визээ хил дээр авсан. Урилгатай. Гурван тамирчин нь паспортын зөрчилтэй байсан.

 

-Яг ямар зөрчилтэй юм бол?

 

-Эндээс материалаа явуулахдаа хуучин паспортынхаа дугаарыг өгчихсөн. Тэнд очихдоо хуучин паспортаа биш шинийгээ аваад очсон байгаа юм. Тэгэхээр паспортын дугаар зөрсөн учраас хилээр оруулахгүй гэсэн үг.

 

-Гадаад хэргийн яамны зүгээс тамирчдад ямар тусламж, дэмжлэг үзүүлж байна. Кувейтын Консулын газар албан бичиг явуулсан гэсэн. Энэ талаар?

 

-Тамирчид Дубайн онгоцны буудал дээр байна гээд фэйсбүүк хуудастаа зургаа тавьчихсан байна лээ. Кувейтэд байгаа Элчин сайдын яамандаа манай улсын иргэдэд яаралтай тусламж үзүүлээч ээ гэсэн албан бичгийг явуулсан. Цагийн зөрүүгээс шалтгаалаад Кувейтэд ажлын цаг эхлээгүй. Ажлын цаг эхлэхээр авсан арга хэмжээнийхээ талаар эргээд нааш нь мэдээлэл өгөх байх гэлээ.

 

Холбогдох албаныхан бидэнд ийм мэдээлэл өгсөн юм. Эл асуудлыг хариуцаж ажиллах байгууллага бол Монголын чөлөөт бөхийн холбоо. Дэлгэрэнгүй мэдээллийг тэд өгөх ёстой гэж байв. Тус холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж Катарын Доха хотод байгаа боловч тамирчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэж тэд өчигдөр эх орондоо ирсэн юм. Энэ талаар мэдээлэл авахаар Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга О.Баянмөнхийн ажлын өрөөнд очиход туслах нь “Хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй. Дарга байхгүй. Архангай аймагт тэмцээн зохион байгуулахаар явсан” гэх хариултыг өгсөн юм. Түүнтэй утсаар холбогдоход “Би хуралтай байна. Эргээд холбогдъё” гэсэн ч холбогдсонгүй. Үүнээс харахад эрхэм дарга энэ талаар мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа нь илт мэдэгдэж байв. Монголын чөлөөт бөхийн холбоо баг тамирчдын мэдүүлэг, нэрсийг буруу мэдүүлснээс энэ асуудал үүссэн. Гэвч тус холбооны ерөнхийлөгч үүнд ямар ч хариулт хэлэхийг хүсэхгүй байгаа нь араасаа асуудал дагуулж байгаа юм. Эцэст нь хэлэхэд эх орондоо эргэн ирсэн гурван тамирчин энэ тэмцээнд ямар амжилт гаргах байсныг хэн ч мэдэхгүй. Хэн нэгний хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж, хэдэн сарын турш бэлтгэл хийсэн тамирчид тэмцээндээ оролцож чадахгүй хохироод үлдэж байна.

 

С.Ичинхорлоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)