Улаанбурханы өвчлөл буурсан ч нярайн хүндрэл их байна

 

        Улаанбурханы өвчлөл өнгөрсөн оны гуравдугаар сараас газар авч, олон арван нялхсын амийг авч одсоор байгаа билээ. Он гарснаас хойш өнгөрсөн даваа гаригийн байдлаар улаанбурханаар нийтдээ 90 хүүхэд эндсэн гэх мэдээлэл бий. Гамшгийн хэмжээнд хүрээд буй энэхүү өвчинтэй тэмцэж, иргэдийн зүгээс сайн үйлсийн аяныг хэдийнэ эхлүүлээд байгаа юм.

 

Гэвч зарим иргэний сайн үйлсийн аян хил гаалийн ажилчдын хүнд суртлын улмаас хүрэх газраа хүрч чадахгүй гацжээ. Тодруулбал, улаанбурхан өвчинтэй хүүхдүүдэд туслахаар Австри улсад ажиллаж амьдардаг монголчууд тус өвчний үед хэрэглэдэг утлагын 12 аппаратыг илгээсэн байна.

 

Гэтэл Буянт-Ухаа дахь гаалийн хүнд суртлаас болж 10 гаруй хоногийн турш аппаратуудаа авч чадахгүй, гацаад байна гэж иргэн Ж.Эрхэмбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Харин тэрбээр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хандсанаар энэ сарын 4-нд зургаан аймгийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандивын аппаратуудаа хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гадна Засгийн газраас 350 сая төгрөгийн төсөв батлуулж, ХӨСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг авахаар болсон талаар ЭМСЯ-наас өнгөрсөн сарын дундуур мэдээлсэн. Харин энэ шугамаар ирж буй улаанбурханы оношилгооны аппарат Буянт-Ухаагийн гааль дээр гацсан гэх мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Тийм зүйл байхгүй.

 

Засгийн газраас 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шууд худалдан авалтаар өгөх шийдвэр гаргасан. Эхний ээлжид тухайн компанид бэлэн байсан тоног төхөөрөмж, тариур зэрэг бусад зүйлсийг хүлээж авсан. Харин амьсгалын аппарат нь бэлэн байгаагүй учир тухайн компани нь захиалга хийсэн гэсэн. Түүнийг удахгүй авчирна. Бусад хувь хүмүүс болон компани, аж ахуйн нэгжүүд манайд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хандивын шугамаар өгч байгаа. Мөн эмийн компаниуд витамин, тарилга, шингэн зэрэг зүйлсийг өгч байна. Бид цаг тухайд нь ХӨСҮТ-ийн албан ёсны сайтад зарцуулалт болон өгсөн хандивын тоо хэмжээтэй нь байрлуулж байна” гэв. Энэ сарын 5-наас хойш улаанбурханы дэгдэлт харьцангуй намжмал байдалтай байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар улаанбурханаар өвчлөгсдийн 99.6 хувь нь эдгэж, эмнэлгээс гарчээ. Харин нас баралт 0.4 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 18 мянган хүн улаанбурханаар өвчилсний 50-60 хувь нь 18-30 насныхан байгаа аж. Тиймээс улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад зориулж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 948 сая төгрөг гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан улсын хэмжээнд байгаа 18-30 насны нийт 620 гаруй мянган хүний дархлааг сэргээхэд зориулсан 624 мянган хүн тун вакциныг захиалсан байна. Түүнийг өнөөдөр /өчигдөр/ манай улсад авчирч байгаа юм.

 

ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ 15 ХҮН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

 

ХӨСҮТ-д өнөөдөр /өчигдөр/ 170 хүн улаанбурханы сэжигтэй гэж хандсанаас 30 гаруй нь хэвтэн эмчлүүлж байна. Харин эрчимт эмчилгээний тасагт 15 хүн эмчлүүлж байгаа бөгөөд ойрын үед хүүхдийн эндэгдэл гараагүй гэдгийг тус төвийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа хэлж байв. Арав гаруй хоногийн өмнө Эрчимт эмчилгээний тасгийн гадна 40-50 хүн хүүхдээ сахин хонож байсан. Харин өнөөдрийн байдлаар 10 орчим авто машин, хоёр өрөөнд нийт 20 орчим хүн хонож байна.

 

Тус тасагт бусад эмнэлгээс амьсгалын гурван аппаратыг түр авчирч нийт долоон аппарат ажиллуулж байгаа аж. Өнөөгийн нөхцөл байдлын талаар хүүхдээ сахиж буй зарим ээжтэй уулзлаа. Н.Дэлгэрмөрөн “Иргэд болон албан байгууллагууд тоног төхөөрөмж хандивлаж байгаа болохоор өмнөхөө бодвол эмчилгээ боломжийн байна. Мөн зарим эмнэлгээс амьсгалын аппарат нэмж тавьсан гэсэн. Тиймээс хүндрэлтэй зүйл бага байна. Өмнөхөө бодвол хүүхдийн тоо багассан гэх боловч хүндэрч орж ирж байгаа нь их байна. Биднийг сэхээнд гурав хонох хугацаанд хүүхэд эндсэн зүйл гараагүй.

 

Харин сувилагч, эмч дутагдалтай байгаа юм шиг санадлаа. Шөнөдөө нэг л жижүүрийн эмч хонодог юм байна. Энд нэг хүүхэд үзэж байхад цаад өрөөнд өөр нэг хүүхэд муудахад ганцаараа хүрэлцэхгүй юм. Дээр нь эмч, сувилагчийн харилцаа маш муу байна. Тухайлбал, эмчилгээний тасгийн эмчид нь хүүхдийнхээ биеийн байдлыг хэлэхээр “Тэртээ тэргүй танай хүүхэд улаанбурхан туссан. Түүний хүндрэлүүд явж байна. Шингэнийг нь залгаад уяад хаячих. Болохгүй бол сэхээ рүү явна биз” гэж хэлээд сууж байна. Хүүхдийн бие муудаж эмчийг нь дууд гэсэн чинь сувилагч нь “Танай хүүхэд гайгүй байна. Таталт өгвөл дуудна шүү дээ” гэж байна. Энэ арай дэндүү байна. Д.Баярсайхан “Би энд ирээд найм, сэхээнд ороод тав хонож байна. Энэ хугацаанд хүүхэд эндээгүй. Гэхдээ есөөс доош сартай хүүхдүүд хүндэрч ирж байна. Манай хүүхэд нэлээд хүнд, зүрх нь зогсоод байгаа болохоор шинээр ирсэн аппаратад саяхан орлоо. Аппарат дутсан зүйл гарахгүй байна. Гэхдээ эмч нар хүүхүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг өгөхгүй юм. Өглөө 8.00 цагаас хойш одоог /12.00 цагийн үед/ хүртэл чимээ алга. Хүүхдээ асуух гээд хаалгыг нь нүдэхээр онгойлгохгүй байна” гэв. Эцэг эхчүүдийн хэлж буйгаар нэг өрөөнд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Ямартай ч сайхан сэтгэлт иргэдийн хандив тусламжаар өгсөн тоног төхөөрөмжийн буянаар Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо, эндэгдэл буурсан аж.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)