Ойжуулах ажлыг орон даяар өрнүүлье
- 2020-05-04
- Нийтлэл
- 0

Монголчууд бид далайн хар салхи, их усны цунами зэрэг байгалийн гамшигт өртдөггүй төв азийн өндөрлөг бүсэд оршдогоороо их хувь заяатай эх орон, ард түмэн юм.
Гэвч XX зууны сүүлч XXI зууны эхнээс эхлээд байгаль дэлхий дулаарч мөсөн уулс хайлж, хөрсний цэвдэг хэврэгшиж, тухайлбал манай орны хувьд хур тунадас багасаж, хуурайшилт нэмэгдэж, олон зуун горхи шанд булаг ширгэж, гол мөрний усны хэмжээ багасаж нуур цөөрөм хатаж байгаа тухай мэргэжлийн байгууллага, эрдэмтэн мэргэжилтнүүд, нутгийн уугуул оршин суугч иргэд ярьсаар мэдээлсээр байна.
Монгол Улсын Засгийн газраас “Ногоон хэрэм’’ үндэсний хөтөлбөрийг 2005 онд Засгийн газрын 44 дүгээр тогтоолоор баталж хариуцагчаар нь Байгаль орчны яамыг нэрлэсэн билээ. Энэ хөтөлбөр нь нэлээн өргөн цар хүрээтэй заалтуудтай бөгөөд хэрэгжсэн бол улс оронд маш их ач тустай болох байв. Гэтэл олон Ерөнхий сайд солигдож Байгаль орчны яамны сайдууд өөрчлөгдсөөр байтал энэ тогтоол бараг мартагдаж “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнгүй.Хариуцсан яамны зүгээс эхлүүлсэн ажил цөөнгүй байгаа боловч улс даяар хамарсан цогц бодлоготой, зөв зохион байгуулалттай байж чадсангүй, хэрэгжилт нь алга боллоо.
Үүний улмаас элсний нүүдэл, цөлжилт, хуурайшилт улам нэмэгдэж эх орны газар нутгийн 70-80 хувь нь цөлжин бэлчээрийн даац багасаж, мал иддэг өвс ургамал ховордож үлийн цагаан оготныг идэхдээ тулж хялгана, ерхөг, хиаг, хазаар өвс, агь, таана зэрэг чухал ургамлуудын ургац ховордож, өмхий шарилж их тархах болов. Малын өвс ургамлын төрөл цөөрснөөр махан тарганаас урьтаж өөхөн тарга явагдаж малын яс,хавирга жижгэрч, нарийсах нь ч ажиглагдаж байна. Цөлжилтийн улмаас шар шороон шуургд, хуй салхи ихсэж хөрсний үржил шимийг хийсгэн арилгаж байна.
Чухамхүү эдгээр уршгийн эсрэг “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоол гарсан боловч тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохион байгуулалт бүтцийг нь зөв хийж ажиллуулаагүй. Байгаль орчны яамны сайдууд нь мэргэжлийн бус хүмүүс байсан, олон дахин солигдсоноос дорвитой ажил болж чадсангүй гэж дүгнэхээр байна. Энэ сэдвийг бичигч миний бие Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар зэрэг долоон аймагт Монгол ойжуулалт отряд байгуулж ажиллуулах төсөл 2006 онд бичиж эх орны хилээс эхлээд ойжуулах газрыг аймаг, сумаар нь тогтоож зурагжил хийж жил бүр төсөв төлөвлөгөөтэйгээр ажиллуулъя гэсэн төслийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хүргүүлж, тэд Байгаль орчны сайд нарт судалж хэрэгжүүлэх шийдвэр өгч байв. Мөн УИХ-ын гишүүн Гүррагчаа, Бакей нар нэг аймагт боловч Баатарсүрэн гуайн энэ төслийг хэрэгжүүлэхээр туршиж үзээч гэсэн албан бичгүүдээ Байгаль орчны яаманд өгч байсан юм. Гэтэл нөгөө мэргэжлийн бус сайд, ойн асуудал хариуцсан дарга нар анхаарч үзсэнгүй өнгөрсөн. Хамгийн сүүлд 2018 онд Байгаль орчны яамны ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаад нөгөө төслийнхөө хувийг өгсөн боловч бас л чимээгүй байна.
Би төслөө мэргэжлийн эрдэмтэн хүмүүс, хүрээлэнгүүдтэй ярилцаж төгөлдөршүүлж шийдвэрлэхийг хүсэж байгаа юм. Яагаад гэвэл ойжуулах ажил нь өргөн цар хүрээтэй, олон шат дамжлагатай, хөрөнгө санхүү шаардсан, бүхэл жарны хугацаанд үргэлжлэх ажил тул “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг бүтэц зохион байгуулалтыг нь маш зөв эхлүүлэх гэж л ойн мэргэжилтний хувьд чармайсан юм. Хэрэв миний төслийг анхаарч авч хэлэлцээд засаж баяжуулаад хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол өнгөрсөн 15 жилийн хугацаанд нэлээд аймаг, сумуудад ойн зурвас, төгөл үүсэж энэ талаар туршлага бий болох байлаа шүү дээ. Сум бүр мод үржүүлгийн газартай болоход нь улсаас тусалж, орон даяар ойжуулах аяныг өрнүүлэх хэрэгтэй байна. УИХ-ын энэ оны сонгуулиар байгуулагдах Засгийн газар нь Ойжуулалт ойн аж ахуйн яамыг байгуулж цаашид тогтвортой ажиллуулаасай гэж хүснэ. Тэгвэл ойжуулах ажил эрчимжиж улс даяар өрнөх, ойг хортон шавьж, гал түймрээс хамгаалах, зөв ашиглах арчлах ажлууд эрс сайжирна гэж үзэж байна.
Эх орны элсжсэн цөлжсөн газрууд бүрэн ойжуулагдсан үед цөлжилт зогсож, цаг уурын байдал хэвийн таатай, бэлчээр өвс ургамал зохистой, мал аж ахуйд ээлтэй, газар тариаланд өгөөжтэй, агаар цэвэршиж, усны нөөц арвин, авто болон төмөр зам, тариалангийн талбай ойн зурвастай болж, хөрс хамгаалагдаж, үр тариа хүнсний ногооны ургац 1.5-3.0 дахин нэмэгдэж, байгаль маань ямар сайхан болох билээ.
Иймийн учир эх орноо ойжуулах аяныг зөв бүтэц, зохион байгуулаттай, жил бүрийн төлөвлөгөөтэй, боловсон хүчин, техникийн хангамжтайгаар улс даяар ернүүлэхийг УИХ, Засгийн газартаа хүсэж байгааг минь ойчид маань дэмжиж бодол саналаа төр засагтаа хэлээсэй гэж ахмад ойчин би уриалж байна.
Ж.БААТАРСҮРЭН
/Өндөр настан, Байгаль орчны гавьяат ажилтан, ойн аж ахуйн ахмад инженер/

Сэтгэгдэл (0)