Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” тогтоолыг баталлаа

    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы  өндөөрийн (2020.05.14)  нэгдсэн хуралдаанаар  арван хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  Хуралдааны эхэнд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Төслийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан. Тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  92,8 хувь нь  дэмжив. 

Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

     Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  өргөн мэдүүлсэн, Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

    Төслийн хүрээнд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар 40-100 Гкал/ц-аар нэмэгдэж, ингэснээр ДЦС-4 ХК-ийн 10а магистраль, Ф1200мм-ийн сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц ачааллыг ДЦС-З-ын ДДХ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 30 мянган хүүхдийн сургууль, 7 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.  

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж төслийн танилцуулгад дурдсан байна. 

    "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх" төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан. Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж байлаа.

    Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс  нийслэлийн дулаан шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлыг дэмжиж байгаа ч, Дэлхийн банкны зээлийг авснаар өрийн босго хэр нэмэгдэх эсэх, төслийг  хариуцан хэрэгжүүлэгч нь аль яам байхыг тодруулав.

    2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол Улсын өрийн хэмжээ  өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 79 хувьтай тэнцэхүйц байсан бол өнөөдөр 2019 оны төсвийн гүйцэтгэлээр авч үзвэл 55,6 хувь буюу 24 пунктээр өрийг бууруулсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд 8,5 их наяд төгрөгийн өр төлсөн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцлоод уг төслийг хэрэгжүүлэгч нь  Эрчим хүчний яам бөгөөд төслийн асуудлыг бүрэн хариуцна гэж байлаа.  

    Ингээд Байнгын хорооны саналаар “Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг батлая” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг  хэлэлцэв. 

    Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулсан.

    Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн ассоциацитай хамтран  2002 оноос хойш хэрэгжүүлж буй "Тогтвортой амьжиргаа" төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжжээ. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2014 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор ОНХС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Төслийн үр дүнд ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа бөгөөд төслийг ийнхүү дэмжсэнээр  орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй байгаа тул -Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг Дэлхийн банкнаас олгохоор шийдвэрлээд байна. Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж танилцуулгад дурджээ.

    Тогтвортой амжиргаа – 3 төслийн нэмэлт санхүүжилт хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг  батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжлээ.  

Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлттэй танилцлаа

    Хуралдаан   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг,  32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлтийн  хэлэлцүүлгээр үргэлжлэв. 

    Цэцийн дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулсан. 

    Үндсэн хуулийн  цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ...  хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... үзэл бодол ...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”,  мөн зүйлийн 10 дахь заалтын “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...”,  Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.  

    Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, мөн зүйлийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна. 

    Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

    Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нар тус тус танилцуулсан.  

    Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар  иргэнээс 2014 онд Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

    Улсын Их Хурлын Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун үг хэлсний дараа Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж  хуралдаанд оролцсон гишүүдийн 90.2  хувь нь үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)