Эрээн хотод Монголын цахим төлбөрийн хэрэгслээр төлбөр хийх боломж өргөжиж байна
- 3 цаг 26 мин
- Нийгэм
- 0

БНХАУ-ын Эрээн хотод Монголын иргэдийн хил дамнасан төлбөр тооцоог хялбарчлах ажил эрчимжиж, Монголд хэрэглэдэг цахим төлбөрийн хэрэгслээр дэлгүүр, зоогийн газар, зочид буудал зэрэг газарт төлбөр хийх боломж үе шаттайгаар нэмэгдэж байна.
Энэ ажлын хүрээнд 2026 оны тавдугаар сарын 9-нд Монголын SocialPay аппликейшнийг ашиглан БНХАУ-ын нутаг дэвсгэрт QR кодоор төлбөр хийсэн анхны туршилтын гүйлгээг Эрээн боомтод амжилттай хийжээ. Ингэснээр Монголын иргэд юань бэлнээр солих, эсвэл Хятадын банкны данс шинээр нээлгэхгүйгээр өөрийн ашигладаг цахим хэтэвчээр төлбөр хийх боломжтой болсон аж.
Одоогоор энэ боломж SocialPay-аар хязгаарлагдахгүй бөгөөд HiPay, SocialPay, Pass зэрэг Монголын цахим хэтэвчийг Хятадын нэгдсэн QR төлбөрийн сүлжээнд ашиглах нөхцөл бүрдэж эхэлжээ. Үүнийг худалдаа, хоол үйлчилгээ, зочид буудал зэрэг өдөр тутмын бага дүнтэй төлбөрт түлхүү ашиглахаар хөгжүүлж байна.
Эрээн хотод цахим төлбөр хүлээн авах дэд бүтцийг ч зэрэг өргөжүүлж байгаа аж. Авто болон төмөр замын боомт, нисэх буудал, худалдааны төв, зочид буудал, зоогийн газар, жуулчдын ихээр үйлчлүүлдэг бүсүүдэд банкны карт унших төхөөрөмж болон QR төлбөрийн цэгүүдийг нэмэгдүүлж байна.
SocialPay-ийн төлбөрийг томоохон худалдааны төв, аялал жуулчлалын бүс, зочид буудал, нийтийн тээвэр, эмнэлэг зэрэг салбарт нэвтрүүлсэн бөгөөд гадаадын зорчигчдод зориулсан татварын буцаан олголтын үйлчилгээг ч боомт, нисэх буудлын түвшинд өргөжүүлж байгаа юм.
Энэ шинэчлэл нь зөвхөн иргэдийн өдөр тутмын хэрэглээнд чиглээгүй. Эрээн дэх чөлөөт худалдааны туршилтын бүс хил дамнасан төлбөр тооцоо, гадаад худалдааны санхүүжилт, валютын үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Тус бүсийн санхүүгийн үйлчилгээний төв долдугаар сарын эхний байдлаар 1.3 тэрбум юанийн хил дамнасан төлбөр тооцоо гүйцэтгэсэн гэж мэдээлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сард Эрээн дэх чөлөөт худалдааны бүсэд төв банкны дижитал валютын гүүр ашиглан хил дамнасан юанийн анхны шилжүүлгийг хийсэн байна. Ингэснээр өмнө нь хэдэн өдөр шаардаж болох зарим төлбөр тооцоог бодит цагийн горимд хийх боломжийг туршиж эхэлжээ.
Өвөр Монголын 2026 оны санхүүгийн бодлогод ч Хятад-Монголын хил дамнасан гар утасны төлбөрийн уялдаа холбоог өргөжүүлэх зорилтыг тусгасан аж.
Ийнхүү Эрээнд хэрэгжиж буй шинэчлэлүүд нь Монголын иргэдийн худалдан авалт, аялал жуулчлал, өдөр тутмын төлбөр тооцоог илүү хялбар болгохоос гадна хоёр улсын хил орчмын худалдаа, санхүүгийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх суурь болж байна

Сэтгэгдэл (0)