Судалгааг сонирхъё цуврал-2: Залуучуудын сонгуулийн оролцоо, идэвх
- 2020-05-18
- Улс төр
- 0

Залуучуудын улс төрийн сонгуулийн талаарх ойлголт, хандлага, тэдний сонголтод голлон нөлөөлдөг хүчин зүйлс, оролцооны хэв маягийг судлах зорилгоор 18-35 насны 1,000 залуучуудаас тоон судалгаа авсан бөгөөд судалгааны зарим нэг үр дүнгээс танилцуулж байна.
2016 оны УИХ-ын сонгуульд 18-35 насны залуучуудын 58.9 хувь нь санал өгчээ.
Залуучуудын сонгуульд оролцохгүй байх хамгийн том шалтгааныг авч үзвэл судалгаанд оролцогчдын 51.5 хувь нь "Хэн ч гарсан ялгаагүй” гэж үзсэн. Мөн нэр дэвшигчид дунд "Сонгохыг хүссэн хүн нэр дэвшигч байдаггүй” гэж судалгаанд оролцогчдын 31.2 хувь нь хариулсан нь тэдний хүлээлтэд нийцсэн нэр дэвшигч байдаггүй, сонголтгүй сонголт болдогтой холбоотой.
Эндээс харахад залуучуудын ашиг сонирхол орхигдсон, тэдний хүлээлтэд нийцсэн бодлого байхгүй, улс төрийн хүлээлт, хэрэгцээ нь сонгуулиас сонгуулийн хооронд хангагддаггүй, итгэл алдарсан бүлэг бол залуучууд болоод байгаа юм. Үүнийг анхаарч, тэдний ашиг сонирхлыг тусгах, хэрэгжүүлэх намын бодлого, мөрийн хөтөлбөр өнөөдрийг хүртэл үгүйлэгдсээр байна.
Судалгаанд оролцсон залуучуудын 51.8 хувь нь "Та өөрийн улс төрийн боловсрол муу байгаагаас болж сонгуульд оролцохдоо буруу сонголт хийдэг гэж боддог уу?” гэсэн асуултад санал нийлэхгүй байна гэж хариулснаас үзэхэд өнөөгийн залуучууд намын, нэр дэвшигчдийн популизмд хууртахгүй, хэн нь хэн бэ гэдгийг ялгаж, салгаж ойлгох ухамсартай, боловсролтой болж байгааг харж болно.
Мөн 22.8 хувь нь 2016 оны сонгуулиар хэн нэгэн нэр дэвшигчид саналаа өгөх шийдвэр гаргахад "Аав ээж болон гэр бүлийнхний ятгалга шахалт нөлөөлсөн” гэж хариулсан бол энэ удаагийн сонгуульд (2020 оны УИХ-ын сонгуульд) 15.3 хувь нь "Гэр бүл, найз нөхөд болон бусад хүмүүсийн саналыг сонсож саналаа өгөх шийдвэр гаргана” гэж хариулснаас харахад залуучууд хэн нэгний нөлөөлөлд автаж саналаа өгөх шийдвэр гаргах нь багассан харагдаж байгаа юм.
Судалгааны дараагийн нэг анхаарал татаж байгаа асуудал бол нийгмийн сүлжээн дэх мэдээлэлд залуучуудын хандах хандлага юм. Орчин үеийн залуучуудын мэдээлэл олж авах гол суваг нь нийгмийн сүлжээ бөгөөд тэдний мэдээлэлд хандах хандлагын талаар судалж үзэхэд ердөө 5 хувь нь ямар нэг шүүлтүүргүйгээр шууд итгэдэг гэж хариулсан нь аливаа мэдээлэлд нухацтай ханддагийг дараах судалгааны үр дүнгээс харж болно.
Монгол улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 сая хүрээд байгаа энэ цаг үед нам, нэр дэвшигчдийн бие бие рүүгээ дайрсан үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллийн "цунами”-гаас залуучууд зай барьдаг. Сайныг нь, саарыг нь ч сонсохыг үл хүсдэг болсон байна. Зүгээр л улс төртэй холбоотой fakenews гэж хүлээж авдаг.
Залуучууд сонгуульд оролцдоггүй биш оролцдог харин сонголт хийх эрх чөлөө, мэдээллийн орчин бүрддэггүй бөгөөд түүнчлэн СОНГОЛТГҮЙ СОНГОЛТ тэднийг мухардуулж, аав ээж, гэр бүл бусад нөлөөлөгч нар буруу чиглүүлдэг гэж үзэж байна.
Иймд иргэдийг хуулийн хүрээнд зөв зохистой мэдээллээр хангах замаар залуу, идэвх сул сонгогчдын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай СОНГОЛТТОЙ СОНГОЛТ хийх боломжийг бүрдүүлэх шаардлагатай нь харагдаж байгаа юм. Залуучуудын зүгээс улс төрийн сонгуульд ач холбогдол өгч, няхуур хандсанаар улс орны хөгжил, иргэн та бидний амьдралд эргээд үр нөлөөтэй гэдгийг сайтар ойлгож, ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОЛТ хийх нь чухал байна.
Судлаач, доктор, дэд профессор Д.Одмаа
Судлаач, магистр Б.Янжмаа

Сэтгэгдэл (0)