“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ
- 2020-08-18
- Улс төр
- 0

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж хуульчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэн баталсан. Ингэснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 30 жилээр, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдийг 10 жилээр, Монгол Улсын хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хамт 5 жилээр тус тус батлан хэрэгжүүлэхээр болсон. Иймд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан байна.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.
Уг үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хамтад нь боловсруулсан байна. Энэхүү санхүү, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн 47,2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 149 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн. Харин санхүүжилтийг нь шийдэх шаардлагатай 16,4 их наяд төгрөгийн өртөг бүхий 77 төсөл, хөтөлбөр болон техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл боловсруулах шаардлагатай 74 төсөл, арга хэмжээний жагсаалтыг аль болох хүрэх үр дүнг нь харгалзан тусгасан. Эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн ач холбогдол бүхий МЕГА төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлнэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дурдлаа.
Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодитой нөхцөл байдал бий болох юм.
Ирэх таван жилд хүний хөгжлийн үзүүлэлт 0.77 хувь, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хамрагдах сургалтын цэвэр жинг 89.4 хувь, суурь боловсролын хамаарах сургалтын цэвэр жинг 95.9 хувь, хүн амын дундаж наслалтыг 74 хувь, ядуурлын түвшинг 20 хувьд тус тус хүргэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг 58 хувь, бизнес эрхлэлтийн үзүүлэлтийг 70, цахим засаглалын хөгжлийн үзүүлэлтийг 0.64 хувь, гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг “Евро5” стандартад нийцүүлэн дотоодоос хангах асуудлыг 80 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Жавхлан, Х.Булгантуяа, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Б.Энх-Амгалан, О.Цогтгэрэл, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, гишүүд Монгол Улсын хөгжлийн үндсэн чиглэлийг урт хугацаагаар төлөвлөж байгаа нь ахицтай ч өмнөх алдаанаасаа суралцаж, тунхагийн шинжтэй баримт бичиг болохоос сэргийлэхийг сануулж байв.
Түүнчлэн дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд гэр хорооллыг байшин хороолол болгох, иргэдийг ажлын байр орлоготой болгох, үйлдвэрлэлийг дэмжих, банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх, баялгийн менежментийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжихийн тулд салбар бүрт төрийн оролцоог нарийвчлан тогтооход чиглэсэн арга хэмжээнүүд төсөлд туссан талаар асууж, хариулт авлаа.

Зөвхөн улс төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 72 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгохоор тооцсон. Таван жилийн хугацаанд эдийн засгийг сэргээн төрөлжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн 100 гаруй төсөл хэрэгжүүлнэ. Гэхдээ үүнийг салбар хоорондын бодлогын хүрээнд нэгтгэх шаардлага бий. Эдийн засгийн өсөлтийг хүний хөгжлийн бодлоготой уялдуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохист харилцааг хангахад анхаарсан.
Дэд бүтэц бага байдаг учраас Улаанбаатар хотын газрын үнэ өсдөг асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Ипотекийн зээлээс гадна түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Иргэдэд түрээслээд өмчлөх зорилготой "Солонго 1, 2" хороолол, "Ногоон нуур" төслийг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан хамгийн гол асуудал болох дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг шийдэхэд анхаарч ажиллаж байгаа. Ингэхдээ дулаан, эрчим хүчний хэрэглээг хангах үүднээс өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг хийхээр салбарыг яамд хамтран ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэллээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулахаар боллоо.


Сэтгэгдэл (0)