“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

   Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2020.08.27) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 25 минутад эхэлж, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. Байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хийсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан бол санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлн” гэсний дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос: “Сэлэнгэ аймгийн төвд 50 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих”, “Дархан-Сэлэнгийн авто замыг 4 эгнээ болгож шинэчлэх”, “Даланзадгад суманд 50 МВт дулааны станц хувийн хөрөнгө оруулалтаар барих” “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөлд “Дундговь аймгийг нэмэх зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар санал хурааж шийдвэрлэжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос: “Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлсэн байх,” “Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан “Үндэсний судалгааны төвүүд”-ийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн байх”, “Төрийн өмчит их сургуулийн засаглалыг төрөөс хараат бус болгож, эрх зүйн орчныг сайжруулан судалгааны их сургууль болгож хөгжүүлэх зэрэг төсөл арга, хэмжээг нэмэх саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлт гаргасан байна. 

Нийгмийн бодлогын байнгын хорооноос: “Орон нутагт томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах”, “Иргэд гэр бүлдээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг олгох, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх”, “Иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн бэрхшээл, ядууралд өртөх хувь түвшинг бууруулах зэрэг саналыг дэмжсэн байна.

Инновац, цахим бодлогын байнгын хорооноос: “XXI зууны төрийн удирдлагын шинэ арга барил болох гурван тулгуурт хөгжлийн онолын дагуу улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд гурван талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлсэн байх”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт зорилго бүхий төрийн, орон нутгийн төсвийн санхүүжилтээр болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, төлөвлөлт, явц, үр дүн, зээл тусламжийн олголт нь зорилтот бүлэгтээ бодитой чиглэн ажиллаж чадаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих гурван талт түншлэлийн механизмыг бий болгож ажиллуулж эхэлсэн байх”, “Төрийн үйлчилгээний чанар, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэдийн гомдлыг хүлээн авч, тусгай журмын дагуу шуурхай шийдвэрлэдэг гурван талт механизмыг бий болгон, үр дүнтэй ажиллуулж эхэлсэн байх”, “Хүүхдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчих явдлыг таслан зогсоох чиглэлээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан байнх зэрэг саналуудыг топгоолын төслийн хавсралтад тусгахаар дэмжсэн байна.

Хууль зүйн байнгын хорооноос: “Хууль сахиулах байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэх, түүнд хяналт тавих цахим нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдож, иргэдэд үйлчлэх таатай орчныг бүрдүүлэх”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгах”, “Гадаадын иргэдийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч, нэгдсэн санд бүртгэх тогтолцоог бүрдүүлэх” зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмэхийг дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос: “Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж, архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх,” “Архидан согтуурахтай тэмцэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах”, “Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй байдлыг хангасан, нийтийн тээврийн буудалтай болох” зэрэг саналыг тогтоолын хавсралтад тусгахаар санал дүгнэлтдээ тусгасан байна.

Төсвийн байнгын хорооноос: Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий системийг бүрдүүлэх саналыг тогтоолын төслийн хавсралтад тусгахыг дэмжсэн байна.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Ёс зүй, сахилга, харицлагын байнгын хороод уг төсөлтэй холбоотой тусгайлсан санал гаргаагүй аж.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.18-д “... ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж, санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож, тэдгээр саналаар санал хураалт явуулахгүй” гэсний дагуу Байнгын хороодоос ирүүлсэн зарим санал давхацсан тул тухайн саналаар санал хураалт явуулаагүй болохыг санал, дүгнэлтэд дурдав.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч болон Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар авлаа. Дараа нь “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 118 саналыг нэгбүрчлэн танилцуулж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төсөлд “2.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухай жилийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн агуулгатай 2 дахь заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр хавсралтын “Шинжлэх ухаан, технологийг улс орны тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн 2.4 дэх зорилтод “Хэмжил зүйн лабораторийг олон улсын жишигт хүргэсэн байна” гэсэн заалт нэмэхийг, 2.1 дэх зорилтыг “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн. Мөн хавсралтын “Засгийн газрын хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэж, үр ашгийг дээшлүүлж, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ” гэсэн 4.1 дэх зорилтод “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгэхүүний худалдан авалтыг тогтвортой дэмжсэн байна” гэсэн заалт нэмэхийг дэмжлээ. Төслийн 1 дүгээр хавсралтын 2.3 дахь зорилтод “Хүүхдийн эрхийг дээдлэн, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр эрх зүйн орчныг чангатгаж, хэрэгжилтэд хатуу хяналт тавих тогтолцоог бий болгосон байна.” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн хавсралтын 5.1 дэх зорилтод “Нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. Түүнчлэн төслийн 1 хавсралтын 5.5 дахь зорилтод “Хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн болон бусад эрхээ хэрэгжүүлэх, монгол хүүхэд эх хэлээрээ сурч боловсрох боломжийг бий болгосон эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна”, “Шүүх засаглалыг улс төр, бизнесийн бүлгийн ашиг сонирхлоос ангид болгох, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, иргэдийн итгэлийг сэргээсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэхээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

    Тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын “Хууль, эрх зүйн шинэчлэл хийж, хотын засаглал, эдийн засаг, нийгмийн таатай орчин бүрдүүлнэ” гэсэн 9.4 дэх зорилтод “Дархан, Эрдэнэт зэрэг улсын зэрэглэлтэй хотуудыг бий болгож, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байна” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын 2.4 дэх зорилтод “Шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиуд дээр байгуулсан байна” гэсэн агуулгатай заалт нэмэхийг гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. “Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар тэжээл, төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн байна”, “Малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөсөн байна” гэсэн заалтуудыг төслийн 1 дүгээр хавсралтын 8.3 дахь зорилтод тус тус нэмэхийг дэмжсэн. Мөн хавсралтын 8.1 дэх зорилтод “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эхний ээлжинд алслагдсан зарим аймгуудад гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Дориод аймгуудад хэрэгжүүлсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.

    Төслийн 1 дүгээр хавсралын 4.2 дахь зорилтод “Улс, орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр орон нутгийн хот, суурин газарт цахиалгаан, дулааны эх үүсвэр нэмэгдүүлсэн байна”, 5.2 дахь зорилтод “Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодпого хэрэгжүүлж хэвшсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

    Төслийн 2 дугаар хавсралтын “Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт”-д “Хөвсгөл аймгийн дулааны станцыг өргөтгөх, “Могойн гол"-ын уурхайг түшиглэн дулааны станц барих, Чаргайтын усан цахилгаан станц байгуулах, Хатгал тосгонд дулааны станц барих”, “Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн, Дарви, Хөшөөтийн чиглэлийн 160 км хатуу хучилтай авто замыг барих”, “Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилтай автозамыг барих”, “Улаанбаатар хотын Багануур Налайх дүүргийн дулааны станцыг шинэчлэх” гэж нэмэх Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн хавсралтад “Дорноговь аймгийн Алтанширээ суманд 300 МВт-ын цахилгаан станц, дэд бүтцийг барих”, “Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр"-ийг төсвийн хөрөнгө оруулалт болон “Агаарын бохирдлыг бууруулах сан”, олон улсын санхүүгийн байгууллагуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлнэ”, “Орхон, Дархан-Уул аймагт шинжлэх ухаан, инновацын төвийн кластерийг хөгжүүлэх” гэж нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв. Ийнхүү хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оруулсан. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлаас хамаарч дунд хугацаанд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг дахин тодотгох, өөрчлөлт оруулах, түүний хууль зүйн боломжийг бий болгох шаардлага үүссэнтэй холбоотойгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин явуулах шаардпагатай гэсэн горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41.8-д заасан үндэслэлээр төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд буцаасан. Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулж, санал, дүгнэлт гаргасан байна.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022, 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгийн санал, дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дараах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

    Төслийн гарчгийг зохицуулах харилцааны агуулгад нийцүүлэн хуулийн төслийн гарчгийг өөрчлөхийг,  төслийн 1 дүгээр зүйлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3, 19.9 дэх хэсгийг бүхэлд нь хамруулахаар нэмэлт оруулахыг тус тус дэмжжээ. Эдийн засаг сайжрахын хэрээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын дагаж мөрдөх хугацааг 1 жилээр хойшлуулан мөрдүүлэхтэй холбоотой төсөлд шинээр заалт нэмэх саналыг 61.5 хувиар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болж, төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түдгэлзүүлэхдээ зөвхөн 2020, 2021 оныг хамруулж, 2022 оны төсвийн жилээс эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.9 дэх хэсэгт заасан төсвийн тусгай шаардлагыг мөрдүүлэх талаар байр сууриа илэрхийлснийг санал, дүгнэлтэд дурдсан байлаа.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

    Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, харъяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Тус Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар 2021-2022 оны төсвийн төсөөлөлд тусгагдсан макро эдийн засгийн болон төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн бөгөөд энэ асуудпаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болсныг танилцуулав.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Төсвийн байнгын хороо хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай уялдан дунд хугацааны төсөв, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон тул хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022, 2023 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтэд өөрчлөлт оруулах саналыг гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжсэн байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

    Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Коронавируст халдварын цар тахлын үргэлжлэх хугацаа, үзүүлэх хүндрэлийг бүрэн тооцох боломжгүй, үүсээд байгаа сөрөг нөлөөллийг нийгэм, эдийн засагт хохирол, эрсдэл багатайгаар даван туулахад зээлийн хүүд нөлөөлж байгаа суурь шалтгааныг судалж, зээлийн хүүг бууруулахад баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлох шаардлагатай тулгараад байна. Энэхүү стратегийн зорилтот түвшинг хангахын тулд инфляцыг тогтвортой, нам төвшинд байлгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах зэрэг нарийвчилсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улсын төсөвт шууд нөлөө үзүүлэхгүй гэж хууль санаачлагч үзсэн байна.

    Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр техникийн алдааг засах зорилгоор тогтоолын төслийн 2 дахь заалтын “жилийн” гэснийг “сарын” гэж өөрчлөх; гишүүн С.Чинзориг иргэдийн орлого зарцуулалтад сөрөг нөлөө үзүүлж байгаа хэрэглээний зээлийн дарамтыг бууруулах зорилгоор банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож, иргэдийн шууд орлогоор барьцаалсан бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах; гишүүн Т.Доржханд дэлхийн олон оронд ашиглаж байгаа шийдлийг хэрэгжүүлж мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилгоор зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох тухай заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төслийн хавсралтын 1.6.1 дэх дэд заалтад хэрэгжүүлэх хугацааг “2020-2024” гэж нэмэх; мөн хавсралтын 2.1 дэх заалтын “2020-2021” гэснийг хасах; гишүүн Ж.Ганбаатар 2.1.3 дахь дэд заалт буюу банкны зээлийн хоёрдогч захыг активын удирдлагын мэргэшсэн институцийн хүрээнд зохицуулах нь банкнуудын хариуцлагыг сулруулах бөгөөд салбарт авчрах сөрөг нөлөө их байгааг дурдаж, энэ заалтыг хасах; гишүүн Х.Ганхуяг тогтоолын хэрэгжүүлэх хугацааг 2021 оны эцэс байхаар өөрчлөх; гишүүн Т.Доржханд банкны тусгай зөвшөөрлийг ангилдаг болох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газрын бонд гаргаж, хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүн санал болгож өрсөлдөөнийг дэмжих хөшүүрэг бий болгох, хадгаламжийн хэмжээнээс хамаарч хүүгийн орлогод шаталсан татвар тогтоох гэсэн санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Дараа нь “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zeel iin bairtsaani torol zuul (127.0.0.1)

    2020-08-28

    zeel iin bairtsaani torol uud iig olon uls jishig t khurgekhguibol khuu iig buurulad ch ach kholbogdol muutei