Б.Даваадалай: Засгийн газар төсвийн зардлаа сайтар эрэмбэлж, зардлаа бууруулах боломжийг эрэлхийлнэ гэдэгт итгэж байна
- 2020-09-10
- Улс төр
- 0

-ЦААШИД ЭДИЙН ЗАСАГ 2008-2009 ОНЫ ХЯМРАЛААС Ч ИЛҮҮ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ-
Монгол Улсын эдийн засагт төсөв болон банкны салбартай холбоотой хоёр асуудал олны анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өнөөгийн мөчлөгийг сөрсөн зөв бодлого хэмээн харагдаж болох ч хэтдээ алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх асуудал тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр, банкны салбарт хяналтыг чангатгах, чанаргүй зээлийн эрсдэлийг бууруулах, зээлийн хүүг багасгах сорилтууд тулгамдаж буй юм. Энэ талаар Дэлхийн банкны ахлах эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа.
-Засгийн газар төсвийн тодотголоор зардлаа танах бус 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөгт хүрэхээр байна. Засгийн газраас баримталж буй бодлогын алхмыг Дэлхийн банк хэрхэн дүгнэж байна вэ?
-Юуны өмнө өнгөрсөн гурван жилд монгол Улсын макро эдийн засгийн менежмэнт дорвитой сайжирсныг онцолмоор байна. Ялангуяа, төсөв сүүлийн хоёр жил дараалан ашигтай гарсан. энэ засгийн газрын өрийн днб-д эзлэх хувь “Ковид-19”-ийн сөрөг нөлөө орж ирэхээс өмнө нэлээд буурсан байсныг онцолмоор байна.
Ковидын нөлөөгөөр эрчимжиж буй эдийн засгийн хүндрэлийг урьдчилан таамаглах боломж хомс байсныг санах хэрэгтэй. Өнгөрсөн 2008-2009 онуудын эдийн засгийн хямралаас ч илүү хэмжээгээр эдийн засаг хямарч магадгүйг зарим мэргэжилтнүүд анхааруулж эхлээд байна. Ковидын цар хүрээ хэзээ, хэрхэн намжих талаар дэлхий даяараа нарийн мэдэхгүй байгаа бөгөөд тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Түүнчлэн өнгөрсөн глобал хямралууд нь ихэвчлэн хөгжсөн эдийн засгуудад голчлон төвлөрч байсан бол энэ удаагийн хямрал нь хөгжсөн, хөгжиж буй, мөн үсрэнгүй хөгжиж буй орнуудыг нийтэд нь хамарч байна. Энэ үүднээсээ улс орнуудын засгийн газрууд эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, хувийн хэвшил болон ажлын байрыг хадгалахад чиглэсэн хөтөлбөрүүдийг өргөн хүрээгээр хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газар ч мөн адил энэ чиглэлээр арга хэмжээ авч байна. Төсвийн тодотголоор төсвийн алдагдал ДНБ-ний 9.9 хувьд хүрэхээр батлагдсан нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад өндөрт тооцогдож байгаа нь үнэн. Энэхүү орлогын их хэмжээний тасалдал нь дээрх өндөр алдагдалд нөлөөлж байгаа ба эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх (тухайлбал, тоног төхөөрөмж, өвчинтэй нүүр тулж ажиллаж буй албан хаагчдыг дэмжих зэрэг) замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах зардлууд, мөн бага орлоготой, эмзэг бүлгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүд нь төсвийн алдагдал өсөхөд голлон нөлөөлж байна. Гэхдээ цаашдаа төсвийн зардлыг сайтар эрэмбэлэх, үр дүнд нь үндэслэн зардлаа бууруулах боломжийг эрэлхийлэх байх гэж итгэж байна. Монгол Улсын Засгийн газрын өр өндөр хэвээр байгаа. Ирэх 2021-2022 онуудад зарим гадаад төлбөрүүд хийгдэхээр хүлээгдэж байгаа өнөөгийн орчинд төсвийг тэлсэн бодлого баримтлах нь зарим талаар эрсдэл үүсгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Гэвч өмнө хэлсэнчлэн одоогийн Засгийн газрын өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн менежмэнтийн туршлага дээр үндэслэн ирэх жилээс төсвийн алдагдал болон өрөө бууруулах бодлого уруу буцах байх гэдэгт бидний зүгээс итгэж байна. Засгийн газрын зүгээс ч 2020 оны хүндрэлийн дараа дээрх чиглэл үрүү ажиллана гэдгээ мэдэгдээд байгааг хэлэх нь зөв болов уу.
-Цар тахлын нөлөөгөөр уул уурхай, барилга зэрэг томоохон салбаруудын зээл хүндэрсэнтэй холбоотойгоор чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлж байна. Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Ковидын хямралтай орчинд эдийн засгийн хүндрэл нь банкны салбарын асуудлуудыг улам нэмэгдүүлж байгаа нь ойлгомжтой. Чанаргүй зээл, ялангуяа хувийн салбарын чанаргүй зээл нэмэгдэж байгаа нь үүний тод илрэл юм. Энэ нь банкны салбарын реформыг хурдасгах шаардлагатайг улам тодоор сануулж байна. Шинээр бүрдсэн бодлого боловсруулагчдын зүгээс уг реформыг хийхээ мэдэгдээд байгаа.
-Төв банкны шаардлагыг хангаагүйгээс болж зарим банк өөрийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх хөрөнгийг олж чадсан ч хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байна. Мэдээж өөрийн эх үүсвэр дутагдалтай байдал нь тухайн банкны үйл ажиллагаанд ихээхэн сөрөг нөлөөтэй. Эх үүсвэрийн цаадах хяналт шалгалтын тухайд таньд мэдээлэл байна уу?
-Өнгөрсөн оны зургадугаар сард төв банкнаас бие даасан, нэр хүнд бүхий байгууллагаар банкуудын дахин хөрөнгөжилтөд магадлан шинжилгээ хийлгэсэн гэж ойлгож байгаа. Үр дүн нь энэ сард гарсан гэсэн мэдээлэлтэй байна.
-Эрх баригч нам зээлийн хүүг сарын нэг хувь руу оруулах амлалт өгсөн. Энэ хүрээнд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох талуудыг оролцуулж, зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулаад байна. Хүүг бууруулахад тулгарах томоохон сорилт юу байх вэ. Ер нь аж ахуй нэгжүүдийн хөгжих боломжийг хамгийн их тушиж буй сорилт зээлийн өндөр хүү гэдэгтэй санал нэгдэх үү?
-Аж ахуйн нэгжүүдийн 2019 оны түүвэр судалгаагаар Монгол Улсад жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа гурав дахь гол бэрхшээлээр санхүүгийн нөөц боломж, хүртээмж тодорхойлогдсон байсан. Тухайлбал, жижиг аж ахуйн нэгжүүдийн бараг 40 хувь, дунд хэмжээний компаниудын 34 орчим хувь нь санхүүгийн хүртээмжийг гол бэрхшээлээр нэрлэсэн байна. Хэд хэдэн судалгааны үр дүнгээс үзэхэд санхүүгийн хүртээмж нь бизнес эрхлэгчдийн гол бэрхшээл бөгөөд голчлон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн дутмаг байдал байгааг харж болохоор байна. Санхүүжилтийн хомсдол нь голчлон өндөр бодит хүүгээс шалтгаалж байгаа нь макро эдийн засгийн хэлбэлзэл, банкны засаглал (өнгөрсөн хугацаанд банкууд холбогдогч этгээдүүдээ зохистой хэмжээнээс илүү хэмжээгээр зээл олгосон тохиолдлууд байсан)-ыг сайжруулах шаардлага байгааг илтгэж байна.
Дээр хэлсэн санхүүжилтийг сайжруулахад зээлийн өндөр хүүг шууд хязгаар тогтоох бус харин зах зээлийн хэрэгсэлд үндэслэн цогц реформын шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэх замаар бууруулах нь зөв чиглэл гэж харж байна. Гэвч саяхан баталсан зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтэд зарим зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, төв банкны институцийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хоёрдугаарт, Монголын банкуудын одоогийн бизнесийн загварыг сайтар эргэн харах, зарим банкууд одоогоор алдагдалтай ч ажиллаж байж болзошгүйг анхаарах, гуравдугаарт банкны засаглалын асуудлууд, ил тод байдлыг нэмэгдүүлэх (тухайлбал, банкны эцсийн өмчлөгчийн ил тод, нээлттэй байдал, мөн холбогдогч этгээдэд олгох зээлтэй холбоотой асуудлууд гэх мэт) хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хөрөнгийн менежмэнтийн компани (AMC)-ийг үүсгэн байгуулахаас өмнө банкны салбарын суурь асуудлуудаа эхлээд сайтар шийдэх шаардлагатай. Тавдугаарт, зээлийн хүүг бууруулах стратегид “Уул уурхайн бус экспортлогчид болон ЖДҮ эрхлэгчдэд бага хүүтэй зээл гаргах боломжийг бүрдүүлнэ” гэсэн заалт орсон байгаа нь зарим талаар төв банк эргээд төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцох уу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Хэрэв энэ нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа гэсэн тохиолдолд төв банкны хуультай харшилж болзошгүй санах хэрэгтэй болов уу.
-Гадны банк оруулж ирж зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хүүг бууруулах боломжтой юу?
-Зээлийн хүүг бууруулах нь хэзээд хялбар байдаггүйг эхлээд санах хэрэгтэй. Үндсэн асуудал бол банкны салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нь хамгийн гол шийдэл. Бусад салбаруудад ч энэ нь мөн чухал асуудал гэдгийг анхаарах нь зүйтэй. Гадны банкийг оруулж ирэх нь банкны үйлчилгээ, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал асуудал мөн. Гэхдээ зах зээлийн хэмжээ болон бусад зүйлсээс хамаарч энэ нь эрсдэл дагуулдгийг ч мартах хэрэггүй. Түүнчлэн, хөрөнгийн зах зээлийн хөгжил ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэйг санах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, макро эдийн засгийн тогтвортой байдал бол хамгийн гол суурь хүчин зүйл гэдгийг анхаарах шаардлагатай.
Г.БАТЗОРИГ


Сэтгэгдэл (0)