О.Мөнгөншагай: Дэд бүтцийн ажлыг яаралтай шинэчлэх, өргөтгөх шаардлагатай
- 2020-10-04
- Нийгэм
- 0

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Мөнгөншагайтай ярилцлаа.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл ямархуу хэрэгжилттэй үргэлжилсэн бэ. Энэ ажлын үр дүнгээс ярилцлагаа эхэлье?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл 2013 оноос эхэлж, долоон жилийн турш хэрэгжээд явж байна. Анх энэ төслийг тухайн үеийн хотын удирдлагууд гэр хорооллыг орон сууцжуулах, утаагүй Улаанбаатар болгохын тулд санаачилж эхлүүлсэн. Энэ төслийн ажил эхлээд хэрэгжиж явахдаа учир дутагдалтай хэд хэдэн зүйлс гарсан л даа. Үүний нэг жишээ нь компаниудын сонгон шалгаруулалтад маш хариуцлагагүй хандсан. Нийт 37, 38 компани шалгаруулсан юм билээ. Үүний дийлэнх нь туршлага муутай, барилгын ажил хийж байгаагүй, зарим нь шинээр байгуулагдсан компаниуд орж ажилласан байдаг. Энэ бүхнээс шалтгаалж төслийн ажил хангалттай хийгдэж чадаагүй. Тэр олон компани янз бүрийн зорилгоор орж ирсэн байдаг. Тендер зарлалгүй, шууд гэрээ хийсэн байдаг. 26 байршилд сонгон шалгаруулт зарлаад туршлагагүй, шинээр байгуулагдсан, хөрөнгө мөнгөний хувьд бэхжээгүй компаниудад дэд бүтцийн ажлыг шууд гэрээгээр өгчихсөн. Зарим нь маш хангалтгүй хийсэн байдаг. Зарим нь бүр огт ажил хийгээгүй. Авсан мөнгөө өөр чиглэлээр зарцуулчихсан. Эхнээсээ шүүх цагдаа дээр дуудагдаад явж байна. Ихэнх компанитай хийсэн гэрээ цуцлагдсан. Хамгийн гол нь сонгон шалгаруулалтаа маш дутуу дулимаг хийсэн. Гэрээ хийхэд баримталдаг журам тун хангалтгүй байсан л даа. Хариуцлагын механизмыг нарийн суулгаагүйгээс эргээд хариуцлага тооцох бараг боломжгүй. Энэ бүхнээс шалтгаалж гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удааширсан.
Миний хувьд энэ ажлыг аваад жил гаруй болж байна. Ажлаа аваад ороод ирэхэд эхний өдрөөс гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн цуваа үүссэн. Ингээд тухайн үед төсөл хэрэгжүүлж байсан 34 компанийн захирлыг бүгдийг нь нэг нэгээр нь дуудаж уулзсан. Дараа нь 34 компанийн захирлууд болоод Барилга байгууламжтай холбогдох бүх байгууллагын дарга, ерөнхий инженерүүдтэй хамтын уулзалт зохион байгуулсан. Нийслэл хяналт тавьж ажиллахаас илүү дэмжиж ажиллах нь чухал байсан. Ингээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гацаагаад байсан журмыг шинэчилж баталсан. Журманд хугацааг маш нарийн зааж өгснөөс гадна төлөвлөгөөний дагуу ажиллахгүй бол гэрэгээ цуцална гэж заасан. Гэрээгээ цуцлах болвол тухайн компанийн зарсан хөрөнгө мөнгө улсын орлого болоод үлдэнэ гэсэн гэрээний заалт оруулж өгсөн. Ингээд ирэхээр үнэхээр хариуцлагатай, барилгын ажлын туршлагатай компаниуд ажиллаж эхэлж байгаа юм. 2013 оноос хойш 11265 орон сууц баригдсан. 2013-2016 онд 2600 орон сууц ашиглалтад орсон бол 2016-2020 оны хооронд 8665 орон сууц ашиглалтад орсон. Нийт энэ төсөлд 170 гаруй тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс гарсан. 2013-2016 онд 120 гаруй тэрбум, 2016-2020 онд 50 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан тоо баримт байна. Мэдээж энэ төсөл цаашаа үргэлжлэх ёстой.
-Шинэ дэд төвийн төсөл ямар шатанд явж байна вэ?
-Шинэ дэд төвийн төсөл Засгийн газар, Улаанбаатар хот, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны хамтарсан төсөл. Олон жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа. Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээтэй холбох юм. Утааг багасгахын тулд нэн тэргүүнд орон сууцжуулах, дэд бүтэцжүүлэх юм. Дэд бүтэцгүйгээр баахан барилга байшин бариад нэмэргүй. Дэд бүтцийн шинэчлэл хотын хувьд тулгамдсан асуудал болсоор ирлээ. Манай үндсэн хотын төвөөр явж байгаа магистрал шугам сүлжээнүүд бүгд социализмын үед хийгдсэн. Энэ суурь бүтцээ өнгөрсөн 30 жилд бид шинэчилж чадаагүй. Тодорхой хэмжээнд өргөтгөл хийгээд явж ирсэн. Иргэдийн хамгийн их бухимддаг асуудал хотын төвийн төвлөрөл, түгжрэл. Барилга байшингууд дэд бүтцээ дагаад баригддаг. Бид гэр хороолол руугаа хангалттай дэд бүтцээ татчихвал төвлөрөл нэг цэгт үүсэхгүй. Гэр хороолол хотын төвөөсөө нэг км хүрэхгүй зайнд байгаа биз дээ. Дэд бүтэц байхгүй учраас барилгын компаниуд сонирхохгүй байна. Яармаг руу байшин барилга баригдаж байгаагийн гол шалтгаан дэд бүтэц татчихсан учраас л тийшээ хуйларч байгаа юм. Дэд бүтцийн ажлаа нэн яаралтай шинэчлэх, өргөтгөх шаардлагатай. Ингэж байж хотын төвлөрөл саарна. Баянхошуу дэд төв, сэлбэ дэд төв, Дэнжийн 1000 дэд төв, Дамбадаржаа дэд төв, шархад дэд төвийг барьж байна. Эдгээр дэд төвийн ажил нэлээд урагштай явж байгаа. Баянхошуу дэд төв ажлын явц 90 гаруй хувьтай, цэвэр бохир ус дулааны төв нь баригдчихсан. Ойролцоогоор 12 мянга гаруй өрхийн асуудал шийдэгдэж байна.
Дэд бүтцийн ажлаас гадна сургууль, цэцэрлэг барих ажлыг удаашруулдаг гол зүйл газар чөлөөлөлт байдаг. Гэр хороололд сургууль, цэцэрлэг барьж өгөхийг улсаас шаарддаг. Төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаад өгөхөөр газар байдаггүй. Газраа чөлөөлхийн тулд айлуудтай ярьж тохирох болдог. Дор хаяж 35-40 айлын газрыг чөлөөлөх шаардлагатай байдаг. Энэ ажил хэдэн жилээр үргэлжилдэг. 40 айлтай тохиролцоонд хүрнэ гэдэг маш хүнд. Зарим айл нь газраа барьцаанд тавьчихсан байдаг. Жилийн дотор амждаггүй. Тэгж байж байтал хуулиараа ажлаа эхлүүлээгүй гээд суулгасан төсвөө татаад аваад явчихдаг.
-Нийслэлийн хөгжлийг хэрхэн харж байна. Түгжрэлийг бууруулах тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Төвлөрлийг багасгахын тулд дэд бүтцийн ажлаа л хийх хэрэгтэй. Түгжрэлд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна төлбөртэй зогсоол, нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой. Европын орнууд түгжрэлээ метро, төлбөртэй зогсоолуудаар ихэвчлэн шийддэг. Хотын төвөө бүсчилчихдэг. Төврүүгээ орж ирэх тусам нь үнэтэй татвар төлдөг. Төлбөртэй зогсоолыг нийслэлд маш их анхаарч ажиллаж байгаа. Миний хувьд энэ тал дээр нэлээд судалгаа хийсэн.
Түүнчлэн төрийн үйлчилгээг цахимжуулж байна. Ингэснээр иргэд хороон дээрээсээ бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм. Саяхан бид хоёр хороон дээр туршсан, маш амжилттай болсон. Төрийн үйлчилгээ иргэн рүүгээ ойртож байна. Энэ ажил цаашдаа ч үргэлжилнэ.
-Өнгөрсөн жилүүдэд тойрогтоо ямар ажлууд хийсэн бэ?
-Би Сүхбаатар дүүргийн 11,12,13 дугаар хорооноос сонгогдсон. Энэ гурван хороонд гэр хорооллын бүс хамаардаг. Тухайн үед сонгуульд өрсөлдөөд явж байхад сургууль цэцэрлэгийн хүртээмж, үерийн далангийн асуудал, гэрэлтүүлэг камерыг нэмэгдүүлэх шаардлагатайг иргэд онцолж байсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ядууралтай дам утгаараа холбогдчихдог. Түүнчлэн ядуурал, гэмт хэргийн гаралт ихтэй. Нам дор газар байрладаг учраас борооны ус бохиртой холилдож хальдаг зэрэг асуудлууд их байлаа. Ний нуугүй хэлэхэд тэр үеийн судалгаагаар СБД-ийн 13 хороонд хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд нэгт байсан. Энэ бүгдийг шийдэхийг хичээж зорьж ажилласан.
Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүнтэйгээ ч хамтарч ажиллалаа. Хамгийн өндөр хөрөнгө оруулалт тойрогтоо хийсэн нь УИХ-ын гишүүн Сү.Батболд, бид хоёр байдаг. 24 тэрбум төгрөг тойрогтоо зарцуулсан. Амлалтаа биелүүлсэн гэсэн үг. 11 дүгээр хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барьсан. 12 дугаар хороонд 720 хүүхдийн сургуулийн ажил одоо үргэлжилж байна. 13 дугаар хороонд 780 хүүхдийн сургуулийн ажлын газар нь чөлөөлөгдөөд, тендер нь шалгараад барилгын ажил нь дундаа ороод явж байна. Үерийн далан барихад улсын төсвөөс хоёр тэрбум, Азийн хөгжлийн банкнаас дөрвөн тэрбум нийт зургаан тэрбум төгрөгөөр далангийн ажлыг шийдсэн. Гэрэлтүүлэг камерт 2.1 тэрбум төгрөг зарцуулж нэмэгдүүллээ. Сүхбаатар дүүргийнхний гол үйлчлүүлдэг хүүхдийн хоёрдугаар эмнэлэг байсан. Энэ эмнэлгийг 400 сая төгрөгөөр заслаа. Тойрогтоо амласан ажлаа хангалттай хийсэн гэж дүгнэж байгаа.
Д.ГЭРЭЛ


Сэтгэгдэл (0)