АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог зохицуулалт бий болгоно
- 2020-12-11
- Улс төр
- 1

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор, түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг, тухайлбал, Статистикийн тухай хуульд Үндэсний статистикийн хороо дэд даргатай байх ба дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилохоор заасан зэргийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тусгажээ. Харин Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан байна.
Хууль зүйн байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатар, Ц.Сэргэлэн, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, С.Амарсайхан нарын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргад тодорхой чиг үүрэг хүлээлгэсэн байдаг. Гэтэл дэд дарга нь ямар чиг үүрэгтэй ажиллахыг нарийвчлан зааж өгөөгүй. Тэгээд ч Авлигатай тэмцэх газар нь хамтын удирдлагын байгууллага биш. Тиймээс хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд дарга нь эрх, үүргээ хэрэгжүүлж ажилладаг, төрийн тусгай албан хаагч болох дэд даргаа өөрөө томилж тодорхой чиг үүрэг хариуцуулдаг байх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Т.Доржханд нарын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг дэмжив
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.11) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, ирцэд бүртгүүлэн нэгдсэн хуралдаанд оролцсон бол зарим гишүүн байгаа газраасаа хуралдаанд цахимаар оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үг хэлж, дэлхийн 180 гаруй улс жил бүрийн энэ өдрүүдэд жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлдэг, манай улс энэхүү аянд нэгдээд 22 дахь жилдээ Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэж байгааг дурдаад хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолж, хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэхийг Улсын Их Хурлын гишүүд, нийт иргэддээ уриалав. Хүний эрх, хөгжлийн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг People in Need олон улсын байгууллагаас олон улсын хүний эрхийн өдрийн хүрээнд зохион байгуулж буй хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аянд Улсын Их Хурлын гишүүд нэгдэж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд цагаан тууз зүүж оролцсон юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.
Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009, 2017 онуудад Улсын Их Хурлаас баталж байсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 7.1-д "Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл” гэх/-д тусгана” гэж, мөн зүйлийн 7.2-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, түүнчлэн Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагын саналыг авч нэгтгэжээ.
Улсын Их Хурал 5 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж хэрэгжүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62 нь; 2004 он хүртэлх Үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96 нь; 2008 он хүртэлх Үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96 нь; 2012 он хүртэлх Үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь батлагдсан бол 2020 он хүртэлх Үндсэн чиглэлд 201 хууль тусгагдсанаас 96 нь батлагджээ.
Харин “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн төсөлд нийт 149 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 12 тогтоолын төсөл тусгагдсан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 34, 2021 онд 82, 2022 онд 21, 2023 онд 12, Улсын Их Хурлын 12 тогтоолын төслөөс 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Мөн Хууль зүйн байнгын хороо уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Х.Баделхан, С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Ж.Ганбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Сэтгэгдэл (1)
өмгөөлөгч (139.5.217.93)
хууль батлах нь зөв ч хэрэгжилтэнд тавих хяналт муу байна