О.Батхишиг: Ахуйн хог хаягдлын 10-20 хувь нь ногоон бүсэд хаягдаж байна
- 2020-12-15
- Нийгэм
- 1

ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын эрхлэгч, доктор О.БАТХИШИГТЭЙ ярилцлаа.
-Манай улсад хөрсний бохирдлыг агаарынхтай эн дүйцүүлэн авч үзэх шаардлагатай болж байна гэдэг. Манай орны хувьд хөрсний эвдрэл, доройтол хэр хэмжээнд байгаа вэ?
-Хөрсийг байгаль орчны толь гэж үздэг. Хүрээлэн буй орчин, агаар, ус нь орчны чанар, хөрстэй шууд холбоотой. Хог хаягдал, агаарын бохирдол бүгд хөрсөнд шингэж, бохирдсон хөрс нь гадаргын болон газрын доорх усанд шууд нөлөөлдөг. Улмаар, хүн, мал амьтан бохирдож хордох шалтгаан болно. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар байгаль орчныг хамгаалах нь улс орон бүрийн чухал, тулгамдсан асуудлын нэг болоод байна. Монгол орон төдийгүй дэлхий даяар хөрсний эвдрэл доройтол, бохирдол ихсэж байгаа юм. Дэлхийн хэмжээнд ганцхан жилд 10 сая га газрын хөрс эвдрэлд орж ашиглах боломжгүй болж байна гэсэн тоо баримт байдаг. Манай орны тариалангийн нийт талбайгаас бараг 10 дахин их газар гэсэн үг. Олон улсын Хөрс судлалын холбооноос 2015-2024 оныг “Дэлхийн хөрс хамгаалах арван жил” гэж зарлаж, олон үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Манай улсад хот суурин газруудын төвлөрөл ихсэж, гэр хорооллын эзлэх талбай, автомашины тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, гадаргын хог хаягдал, хөрсний бохирдол ихсэх хандлагатай байгааг тоо баримт харуулдаг.
-Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд олон ажлыг зохион явуулж, бага багаар үр дүнгээ өгч байна. Хөрсний бохирдлыг бууруулахын тулд ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
-Хөрсний бохирдлыг бууруулахад эх үүсвэрийг багасгах, арилгах зарчмыг баримтлах шаардлагатай. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын нүхэн жорлон, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал, арьс шир боловсруулах үйлдвэр, автомашин засварын газар, ил задгай томоохон захууд болж байна. “Да хүрээ” автомашины зах, 100 айл дахь барилгын материалын дэлгүүрүүд, “Харгиа” цэвэрлэх байгууламж, түүнд бохироо нийлүүлдэг арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг хотын захиргаанаас гаргаж байсан боловч ажил хэрэг болж чадсангүй өдий хүрлээ. Уг нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент арваад жилийн өмнөхөөс харьцангуй сайжирсан. Гэхдээ хогийг ангилж ялгах, хог боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажлыг их олон жил ярьж байгаа боловч энэ ажилд дорвитой ахиц гарахгүй байна. Хөрс хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчныг манай улсад боломжийн хэмжээнд боловсруулж батлуулсан байдаг. 2008 онд монгол орны хөрсний онцлог нөхцөлд тохирсон хөрсний бохирдлын үндэсний стандарт MNS 5850 батлагдаж, мөрдөж байна. 2019 онд энэ стандартыг бага зэрэг шинэчилж сайжруулсан. 2012 онд Улсын Их Хурлаас “Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталсан. Байгаль орчин, газар, хог хаягдлын зэрэг олон хууль тогтоомжуудад хөрс хамгаалахтай холбоотой олон зүйлүүд байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газрын төлөв байдал чанарын хяналт, баталгаа зэрэг ажлыг 2000 оноос БОАЖЯ, БХБЯ хариуцан ажиллаж байна. Гэхдээ л байгаль орчин, хөрс хамгаалах чиглэлийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Ахуйн хог хаягдлын 10-20 хувь нь гудамж талбай, ногоон бүсэд хаягдаж байна гэсэн судалгаа байдаг. Манай улс Япон, Сингапураас дутахгүй хууль тогтоомжтой.
2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн наймд “Хог хаягдлыг … нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол … хүнийг тавин нэгж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй (500 000 төг тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Энэ хуулиар гудамж талбайд хог хаявал 50 000 төгрөгөөр торгуулах заалттай ч хууль хэрэгждэггүй.
-Хөрс ихээр бохирдвол бидэнд ямар эрсдэл тулгарах вэ?
-Хөрсний бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Нүхэн жорлонтой холбоотой нянгийн бохирдол нь халдварт орчин тархах гол шалтгаан болдог. Хүнд металлын бохирдол нь хүний эрүүл мэндэд удаан хугацааны турш нөлөөлж, хорт хавдар үүсгэх аюултай гээд олон зүйлийг хэлж болно.
-Бусад улс орон хөрсний бохирдлыг хэрхэн шийддэг юм бэ. Монгол Улс дэлхийн жишгээс судлах боломж хэр байдаг вэ?
-Хөрсний бохирдол нь хог хаягдлын менежмент, хууль тогтоомжийн хэрэгжилт гэсэн үндсэн хоёр зүйлээс шалтгаална. Мөн тухайн орон нутгийн удирдлагын үйл ажиллагаа, үйлдвэр, аж ахуйн газруудын эрүүл ахуйн нөхцөл, хот төлөвлөлт, хүн амын ухамсар, соёлын түвшин зэрэг хүчин зүйл нөлөөлнө. Хөрсний бохирдолгүй улс орнуудын туршлага нь бараг бүх хүн мэдэх энгийн зүйлүүд байдаг. Хог хаягдлыг ангилж хаях, хог боловсруулах үйлдвэр, мэргэжлийн чадварлаг удирдлага, зохион байгуулалт, хангалттай төсөв хөрөнгө, хуулийн хатуу хяналт гэх мэт. Улаанбаатар хотын төсөв хөрөнгө хангалттай хүрэлцэхгүй байгаа нь хөрсний бохирдлыг бууруулах үйл ажиллагааны санхүүгийн боломжийг хязгаарлаж байна. Улсын хүн амын талаас илүү хувь амьдардаг нийслэлийн төсөв нь 2-3 аймгийн төсвийн хэмжээтэй тэнцүү байдаг ч хог боловсруулах үйлдвэр, аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт орчимд нүүлгэн шилжүүлэх зэрэг төсөв хөрөнгө шаардсан ажил жил бүр хойшлогдсоор ирлээ.
-Нийслэлийн хөрсний бохирдлыг судалсан хамгийн сүүлийн үеийн судалгааны дүнгээс зарим мэдээллийг танилцуулна уу?
-Судалгааны дүнгээр Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдаж байна. Арьс ширний үйлдвэрүүдийн орчимд хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байдаг. Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулж үзэхэд, хром (Cr) 76.3, хар тугалга (Pb) 71.1, цайр (Zn) 80.3, зэс (Cu) 65.8, кадми (Cd) 48.7, никель (Ni) 52.6 хувиар их байна. Гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт их байна. Судалгаанд хамрагдсан нийт дээжийн 12 хувь нянгийн бохирдолгүй, 53 хувь нь бага зэргийн, 24 хувь дунд зэргийн, 11 хувь нь их зэрэглэлийн нянгийн бохирдолтой байсан.
2018 онд “Да хүрээ” автомашины захын орчмын хөрсөнд хийсэн судалгаагаар хар тугалга (Pb)-ын дундаж агууламж 166.8 мг/кг буюу стандартаас (MNS 5850:2019) давсан их бохирдолтой байна. Хамгийн их агууламж 1339 мг/кг (Солонгос машин худалдах авто зогсоол, DA-70) буюу стандарттай (MNS 5850:2019) харьцуулахад аюултай агууламжаас өндөр, хортой агууламжаас 2.4 дахин, хүлцэх агууламжаас 13 дахин их бохирдолтой байлаа. Хөрсний бохирдлыг бууруулах ажил нь зөвхөн төр захиргаа, мэргэжлийн байгууллага, хэн нэгэн эрдэмтний ид шидийн мэт технологиор арилгах ажил биш. Нийт ард иргэдийн оролцоо, хүчин зүтгэлгүйгээр хөрсний бохирдлыг арилгах боломжгүй.

Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл (1)
(64.119.23.78)
ZA BITII SHAAGAAD BAI BANDIA,100% GEECH TENEG PZDA TSARAILSAN GICHII MINI