Б.Номин: Ямар ч үед амьд харилцаа хамгийн чухал дэмжлэг болдог
- 2020-12-18
- Нийгэм
- 0

Сэтгэл судлаач Б.НОМИНТОЙ цар тахлын үеийн хүний сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлаа.
-Иргэд хөл хорионд анх удаа удаан хугацаагаар байж үзлээ. Энэ үед сэтгэл зүйн хувьд илүү тогтворгүй, бухимдаж буй нь ажиглагдаж байна. Ийм үед сэтгэл зүйн аливаа асуудлыг иргэд хэрхэн даван туулах хэрэгтэй вэ?
-Сэтгэл заслын анхаарлаа өөрчлөх, ихэсгэх, багасгах аргачлал байдаг. Юунд анхаарлаа төвлөрүүлнэ, тэр нь илүү том, ноцтой хүнд болж мэдрэгддэг. Гэнэтийн зүйл тохиолдоход хүний сэтгэл зүйн хамгаалах механизм ажиллаж эхэлнэ. Энэ хамгаалах механизмыг бид стресс гэж нэрлэдэг. Стресс нь бие бялдар, сэтгэл санаа, оюун бодлын хувьд шинэ нөхцөлд бэлтгэх, дасан зохицох үйл явцыг эхлүүлдэг. Бид арай өөрөөр бодож, үйлдэж, өөр хэв маягаар амьдрах хэрэгтэй болсон. Дунд зэргийн стрессийн үед бидний өөрийгөө дайчлах чадвар нэмэгддэг. Өдөр бүр шахуу шинэ журам, өөрчлөлт гарч байгаа учир бид дахин дахин дасан зохицох өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Олон зүйлийг сурлаа, бас сурсаар л байна. Гэр бүлийнхэнтэйгээ илүү ойр байж, дэлхий ертөнц илүү хавтгай болсныг гэрээсээ ажиллаад мэдэрдэг боллоо. Нүүдэлчин соёлтой ард түмний удам гэдгээ санаарай. Байнга шахам нүүж, өөрчлөгдөж байгаа эрс тэс уур амьсгалдаа дасан зохицож, ажралгүй туулж ирсэн тэр сэтгэлийн хат чанар бидэнд одоо л хэрэг болох нь.
-Ялангуяа “COVID-19” -ийн цар тахал иргэдэд айдас түгшүүрийг хамгийн түрүүнд төрүүлж байна. Үүнд юу илүүтэй нөлөөлж байна вэ?
-Төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Өдрийг хэрхэн өнгөрөөх, юу амжуулах, юуг шинээр сурах, туршиж үзэх зэргээр. Төлөвлөгөө байх нь тодорхой ирээдүйг хянаж байгаа мэдрэмж өгдөг тул түгшүүр буурдаг. Дасгал хөдөлгөөн гэрийн нөхцөлд хийх нь чухал. Хөдөлгөөнгүй удаан байх нь хүний булчинг сулруулж, хүн өөрийгөө сул, хүчгүй, идэвхгүй байдлаар мэдрэхэд хүргэдэг. Хүн мэдээлэл хайх, аль болох их мэдэх тусам хүн өөрийгөө аюулаас хамгаална гэдэг ухамсаргүй бодол биднийг мэдээ байнга үзэхэд хүргэж байна. Гэвч мэдээ болгон чанартай үнэн зөв биш. Мэдээллийг ямар нэгэн хүн бичиж байдаг. Тэгэхээр тэр хүн тухайн үед сэтгэл санаа таагүй байвал гарч байгаа шийдвэрүүдийг нэг талаас нь харж шүүмжилсэн, асуудал нэхсэн байдлаар бичиж болно. Эсвэл нэг нь бүх шийдвэрийг зөв гээд туйлшрах боломжтой. Энэ нь хүмүүст мэдээллээс үүдэлтэй стресс, санаа зовнил үүсгэдэг. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй, бас мэдэх боломжгүй ч бид таамаглах боломжтой. Хүн өөрийн хувьд тодорхой байдлыг хүсэж байдаг нь цаанаа түгшүүр санаа зовнилоо багасгах зорилготой байдаг. Маргааш гэдэг тодорхой биш учир ямар нэг хэмжээгээр түгшүүр бий болгож, ойрын ирээдүйг тодорхой болгохын тулд элдэв мэдээлэлд умбах гээд байдаг. Гэвч энэ нь эргээд санаа зовнилд хүргэхээс цаашгүй нөхцөл үүсгэх нь бий.
-Сургууль, цэцэрлэг удаан хугацаанд ажиллахгүй байх нь олон сөрөг талтай. Хичээл хоцрогдлоос гадна хүүхдийн сэтгэл зүйд ихээхэн нөлөөлж байгаа болов уу. Гэртээ удаан байх хугацаанд бид хүүхдэдээ ямар зүйлийг ойлгуулж мэдрүүлэх ёстой вэ?
-Хүүхдүүд биднийг харж, мэдэрч байгаа гэдгийг санаж, тэдэнд тавьж байгаа шаардлагаа өөрсдөө биелүүлдэг байх, тэдэнд цаг хугацаагаа таатай бас ашигтай өнгөрүүлэхэд нь туслах ёстой. Гэрийн ажилдаа хүүхдүүдээ оролцуулдаг, тодорхой үүрэг өгч урамшуулдаг байх, жишээ нь, “Гэр цэвэрхэн ямар сайхан бэ, хоолны ногоог бэлтгэж өгдөгт баярлалаа, худгаас усаа авчирсан нь сайн болжээ” гэх мэтээр. Хүүхдийг теле хичээл үзэх, тоглох, гэрийн ажилд оролцох, даалгавраа хийх, найзуудтайгаа утас нэтээр холбогдох зэрэг олон зүйлийг хийх боломжоор хангах хэрэгтэй. Мэдээж бага насны хүүхэдтэйгээ тоглох, өсвөр насныхантай сонирхож байгаа зүйлийнх нь талаар яриа өрнүүлэх нь тэдэнд тоглоом, мөнгө өгөхөөс илүү чухал. Тоглоом, мөнгө бол хүүхдээ хайрлаж байгаагийн илрэл бус эсрэгээрээ хүүхдийн хайрыг худалдаж авч, орлуулах байдалд сургадаг. Хүнд хамгийн хэрэгтэй зүйл нь амьд харилцаа, сэтгэлийн дэмжлэг байдаг юм.
-Сэтгэл зүйн дархлаагаар бид цар тахлыг даван туулна гэж байгаа. Үүнийг хаанаас, хэрхэн бий болгох вэ?
-Бидний амьтнаас ялгарах давуу тал бол оюун ухаан, ухамсар юм. Өөрөөр хэлбэл, бид бодож, төлөвлөж, таамаглаж чаддаг. Энэ чадвараа ашиглан сэтгэл санаагаа удирдах боломжтой. Таагүй бодол, мэдрэмж өөртөө төрөөд байгааг анзаарвал хэр үндэслэлтэй бодож байна вэ гэж өөрөөсөө асуудаг байх, хэт сөрөг бодол сэтгэлгээнд автаад байвал бодлоо зогсоож сурах хэрэгтэй. Сөрөг, дэмий бодол нь санаа зовнил, тайван бус мэдрэмж үүсгэдэг. Тархи нь энэ бодол яг бодит уу, үгүй юү гэж өөрөө ялган таньж чаддаггүй. Өвчний тухай бодоход хэрэв би тусвал яах бол, тэгээд гэрийнхэнд маань халдвал яана гэх мэтээр цааш нь үргэлжлүүлэн бодоод түүнээсээ стресстдэг. Учир нь, бодол санаа нь тархин дахь сэтгэл хөдлөлийн төвийг идэвхжүүлдэг. Ингээд яг л өвчин туссан, таагүй зүйл яг одоо энд болж байгаа мэт стрессийг бие махбод, оюун ухаан, сэтгэл санаанд амсуулдаг байна. Бие бялдраа хөдөлгөх их чухал. Хөдөлгөөн бол амьдрал гэж үздэг. Хөдөлж байхдаа хүн идэвхтэй урам зоригтой бас тархи илүү ухаалаг болж байдаг. Товчхондоо, хөдөлгөөн хийх үед тархины гэрэл нь илүү асдаг гэх үү дээ.
-Цар тахал тархсан зарим оронд иргэддээ сэтгэл зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. Ер нь ийм үед нийгэмд сэтгэл зүйчид ихээхэн үүрэгтэй гэж боддог. Мэргэжлийн хүний хувьд та үүнийг юу гэж харж байна вэ?
-Сэтгэл зүйн тусламж авах хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн гэсэн мэдээллийг тахал гарсан орнуудын сэтгэл зүйн тусламжийн газрууд гаргажээ. Иргэддээ онлайн зөвлөгөө, сэтгэл зүйн боловсрол олгох сургалтууд явуулж байна. Тэр дундаа чат, скайп, zoom-ээр бүх төрлийн зөвлөгөө авах, олон хувилбарт сэтгэл зүйн үйлчилгээг төлбөргүй үзүүлж байна. Сэтгэл санаа нь харьцангуй тайван, эдгэнэ гэдэг итгэл найдвар тээж байгаа өвчтөн хурдан эдгэдэг гэдгийг эмч нар хэлдэг. Энэ бол бидний сэтгэл санаа ямар байна, бие организм тийм байдаг гэдгийн нотолгоо юм.
-Ямар тохиолдолд хүн өөрийгөө стресстсэн гэж үзэж сэтгэл зүйчид хандах хэрэгтэй болдог юм бэ?
-Анхаарал төвлөрөхгүй, мартамхай болох, хэт идэх эсвэл эсрэгээрээ хоолны дуршилгүй болох, архи, тамхины хэрэглээ нэмэгдэх, нойрны хэм алдагдах, хар дарж зүүдлэх, зүрх дэлсэх, ядрах сульдах, аливаа юманд сонирхол буурах, идэвхгүй, хүмүүстай харилцах дургүй болох, өөртөө болоод бусдад байнга сэтгэл ханамжгүй байх, уцаарлах, шалтгаангүй түгших, сэтгэл өвдөх, нэг зүйл дахин давтагдаад байгаа мэт санагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл та сэтгэл зүйчид хандаарай.
-Ер нь дахин хатуу хөл хориог тогтоовол иргэд юунд анхаарах хэрэгтэй бол?
-Бид өндөр оюун ухаантай, дасан зохицох чадвартай гэдгээ өөртөө сануулж, энэ бол хэсэг хугацааны асуудал, амьдрал дахин хэвийн байдалдаа орно гэх итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй.
–Гэртээ удаан хугацаанд байснаар хүүхдүүд гэлтгүй том хүмүүс ч утас болон телевизороос хамааралтай болчихоод хэцүү байна. Ер нь бага насны хүүхдийг дэлгэцээс холдуулах ямар арга байж болох вэ?
-Хүүхдийг телевиз үзэх, утас өгөх, интернэт тоглоомоор урамшуулж болохгүй гэдгийг хамгийн түрүүнд анхаараарай. Хамаарал бол хүн өөрийн мэдрэмжээ илэрхийлж, харилцаа дутуу байснаас таагүй мэдрэмжээ дарах, амьдралыг илүү амттай, амжилттай гэж мэдрэх гэсэн сэтгэл зүйн хэрэгцээнээс бий болдог. Хүүхдийг бусадтай харилцдаг, өөрийгөө илэрхийлдэг, харилцаанаас таашаал авдаг дадалд сургах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ илүү их харилцаж, ярилцах, түүх ярих, ном уншиж хэлэлцэх, уншсан мэдсэн зүйлээс нь “Чамд энэ номны юу таалагдаж байна, ямар санагдав, найзуудынхаа тухай чи юу боддог вэ, чамд найзуудтайгаа байхад ямар байдаг вэ, чамд юу таалагддаг вэ” гэх зэргээр нээлттэй асуулт асууж ярилцах хэрэгтэй. Улмаар уйлах, гомдох, урам хугарах, “гонгинох”, айх, уурлахыг хүүхдэд зөвшөөрөх ёстой. Битгий уйл, бүү гомдолло, гонгиноод бай, хэтэрхий их онгирлоо гэх мэтээр мэдрэмжийг нь дарах шаардлагагүй. Хүүхэд өөрийн үнэлэмжтэй байх их чухал. Өөрийгөө сайн, чадвартай, гэр бүлийхэндээ найзынхаа чухал хүн нь гэж боддог, мэдэрдэг байх нь эерэг нөлөөтэй. Хүү, охинтойгоо хамт байх сайхан байдаг, хайртай гэдгээ үгээр хэлэхээс гадна үйлдлээр үзүүлэх, хамт тоглоё гэхэд нь татгалзахгүй байх, цаг гаргаж, сонирхлыг дэмжиж ярилцах нь өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Бас мэдээж бусадтай харьцуулахгүй байх нь чухал. Дэлгэцийн өмнө байх цагт нь хязгаар тавьж, түүнийгээ мөрдөх, “За өнөөдөр илүү үзчих” гэдэг байдлаар бууж өгөх, дүрмээ зөрчихгүй байвал зохино. Эцэст нь хэлэхэд, хүүхэд дэлгэцийн хамааралд орно гэдэг нь эцэг эхийн зүгээс хүүхдийн чөлөөт цагийг зөв зохион байгуулаагүйтэй холбоотой асуудал байдаг. Эцэг эх бол хүүхдийн сонирхол төлөвших эх булаг байх үүрэгтэй. Тиймээс аль болох олон зүйл хүүхдэдээ санал болгох, ном, аялал, дасгал хөдөлгөөн, зураг зурах, спортоор хичээллэх, урлагийн чиглэлүүдийг судлах, турших боломжуудыг олгож байх хэрэгтэй.
-Энэ вирусээр халдварласан иргэдийн хувьд сэтгэл зүйн тогтвортой байдлаа хэрхэн хадгалах вэ. Аливаа өвчнийг эдгэрэхэд сэтгэл зүйг нь хамгийн түрүүнд эмчлэх хэрэгтэй гэдэг шүү дээ?
-Санаа зовсноороо өвчин эдгэдэггүй гэдгийг санаж, өдөр тутмын эмчилгээний хажуугаар хэвийн амьдралаа үргэлжлүүлэхийг хичээх, харилцаагаа бусдаас тусгаарлахгүй, утас интернэтээр холбогдох, хобби, сонирхдог зүйлээрээ видео үзэх, сургалтад онлайнаар хамрагдах, санаа зовж байгаагаа ичиж нуулгүй ярих, шаардлагатай бол сэтгэл зүйчээс тусламж аваарай. Таны өвчин эдгэрсний дараа амьдрал үргэлжилнэ шүү дээ.

Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл (0)