Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хоригдож буй улстөрчдөд нааштайгаар гарч эхэллээ
- 2020-12-28
- Нийгэм
- 1

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 23-нд болж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр олны анхаарал татаж эхэллээ.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг бөөнөөр нь барьж хорьсон нь хууль зөрчиж байна гэж нэр бүхий хуульчид, улс төрийн хүрээнийхэн шүүмжилж байр сууриа илэрхийлж ирсэн. Одоо ч улстөрчдийг сонгуулийн үеэр барьж хорьсон энэ асуудал олны анхаарлын төвд байж, ихэнх нь эцэслэн шийдэгдээгүй шүүх дээр явж байгаа. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц нэр дэвшигчдэд халгаатай шийдвэрийг тус хуралдаанаар хэлэлцэж шийджээ.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулинд Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхэд иргэн Б.Оюунцэцэг Цэцэд мэдээлэл ирүүлжээ.
Тодруулбал, “УИХ-ын Сонгуулийн үеэр Нэр дэвшигчийг баривчлах, цагдан хориход Шүүх Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах ёсгүй" гэдэг иргэний гаргасан мэдээллийг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн юм. Цэцээс сонгуулийн хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн талаар бид хуульч Б.Баяраа болон иргэн Б.Оюунцэцэгт хандан тодруулга мэдээлэл авлаа.
Б.ОЮУНЦЭЦЭГ: МИНИЙ БИЕ ИРГЭНИЙХЭЭ ХУВИАР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН
Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Б.Оюунцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таны гаргасан мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэн хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. энэ сэдэв өнгөрсөн уих-ын сонгуулиас хойш олны анхаарлын төвд байсаар ирсэн. Та яагаад энэ сэдвээр Цэцэд хандсан бэ. улс төрийн ямар нэг шалтгаан, эрх ашиг бий юү?
-Миний Үндсэн хуулийн Цэцэд гаргасан мэдээлэлд дурьдагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудал нь хувь хүн, нэр дэвшигч, улс төртэй холбоотой асуудал, сэдэв гэхээсээ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалтай холбоотой зарчмын асуудал гэж ойлгож байгаа. Би өөрөө улстөрч биш, хэн нэгэн улстөрчтэй хамаарал бүхий этгээд ч биш, жирийн иргэн. Иймээс ҮХЦ-д ямар нэгэн улс төрийн шалтгаанаар хандаагүй гэсэн үг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд зарим нэр дэвшигчдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрээр авсан, энэ тухай тухайн нэр дэвшигчдийн өмгөөлөгчид “Сонгуулийн Ерөнхий хорооноос зөвшөөрөл авахгүйгээр манай үйлчлүүлэгчийг цагдан хорих шийдвэр гаргалаа. Энэ нь холбогдох хуулийг зөрчиж байна” гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч байсныг санаж байгаа байх. Эндээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд хуульд зааснаас бусад тохиолдолд баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар шүүх шийдвэр гаргахдаа СЕХ-ноос зөвшөөрөл авахаар заасан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх боломжийг олгосон заалт байна гэж эрх зүйч, судлаачийн үүднээс үзэж, хуулийн холбогдох заалтуудыг судлан мэдээлэл гаргасан. Би хувь хүнийхээ хувьд шүүхэд итгэдэг, тэгээд ч Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагыг “шударга” шүүх гэж тодотгосон байдаг шүү дээ. Шүүх эрх мэдэл гэдэгт шүүн таслах ажиллагаа болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор гаргадаг бүхий л шийдвэр хамаарна. Ийнхүү шийдвэр гаргахад нь аливаа байгууллага, албан тушаалтан, хувь хүн ямар ч тохиолдолд нөлөөлөх ёсгүй, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн зарчмын үүднээс л ҮХЦ-д хандсан.
-Та Цэцэд хэзээ хандсан бэ?
-Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан.
-Цэцээс танд хэзээ хариу өгсөн бэ. уг нь бол нэлээд эрт хандсан юм байна шүү дээ?
-Миний гаргасан мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн эсэх талаар хуулийн хугацаанд Цэцээс хариу өгөөгүй тул өөрөө лавлахад ачаалал ихтэй, эргэн холбогдоно гэж байсан. Арваннэгдүгээр сарын эхээр над руу холбогдон маргаан үүсгэсэн, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар ирсэн, хурал товлогдсон талаар мэдэгдсэн. Удалгүй бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд шилжсэн учраас хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, өнгөрсөн долоо хоногт хурлын тов зарлагдан Цэцийн хуралдаан болсон.
-Ж.Сүхбаатар гишүүн уих-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар уг хуралдаанд оролцсон байсан?
-Нэг талаас ҮХЦ-д мэдээлэл гаргагч миний бие, нөгөө талаас УИХ-ын даргын захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ж.Сүхбаатар гишүүн хууль тогтоогчийг төлөөлөн оролцсон. Мэдээлэл, хариу тайлбар, маргагч талуудын мэтгэлцээн, харилцан асуулт тавьж, хариулт авсны үндсэн дээр Цэц шийдвэрээ гаргадаг хуулийн зохицуулалттай.
-Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлтийн талаар та эрх зүйч хүний хувьд юу хэлэх вэ?
-Цэцийн гаргасан дүгнэлтийг зөв, буруу гэж шүүмээргүй байна. Энэ бол ҮХЦ-ийн бүрэн эрхийн асуудал.
ХУУЛЬЧ Б.БАЯРАА: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАМГААЛСАН ШИЙД ГАРГАЛАА
Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас гаргасан шийдвэр болон, өнөөдөр болох Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны хэлэлцэх асуудлын талаар хуульч Б.Баяраагаас тодрууллаа.
-Үндсэн хуулийг Цэцийн сүүлд гаргасан шийдвэрийг энгийнээр тайлбарлаж өгөөч, шийдвэр гарснаар шоронд хоригдож буй улстөрчдөд, жишээ нь уих-ын гишүүнээр сонгогдчихоод хоригдсон Ж.эрдэнэбатад яаж нөлөөлөх бол?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ. Уг хуралдаанаар нэр дэвшигчийн үйл ажиллагааны хууль зүйн баталгаа болох дээрх зохицуулалт нь мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй байна гэж үзэж холбогдох дүгнэлтийг гаргасан.Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр баривчлах, цагдан хорих, эрүүгийн хэрэг үүсгэх хориотой гэсэн үг. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт, МАН-ын намаас нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, бие даагч Н.Номтойбаяр, эвслээс нэр дэвшсэн Х.Бат-Ялалт гэсэн нийт зургаан нэр дэвшигчийг Сонгуулийн хууль зөрчин УИХ-д нэр дэвшиж байх үед нь шүүхээс цагдан хорьсон. Нэг ёсондоо тэднийг Ганц худагаас сонгуульд өрсөлдүүлсэн. Ийнхүү сонгуульт хугацаандаа хоригдсон дээрх нэр дэвшигчдээс ганцхан Ж.Эрдэнэбат цагдан хоригдож байсан хэдий ч тойрогтоо ялалт байгуулж чадсан. Харамсалтай нь шүүх тухайн үед Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүний дараа Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсонтой холбоотой Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад хэрэг үүсгэн шалгахдаа “Нэр дэвшигчийн хувиас Сонгуулийн хуулийг зөрчсөн гэх” нэг үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл, Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад хориг арга хэмжээ авах гээд байна шүү дээ. Бусад таван нэр дэвшигчийн хувьд цагдан хоригдох явцдаа сонгуульд ялагдал хүлээсэн хэдий ч сонгуульд эрх тэгш, шударга өрсөлдөх зарчмууд нь зөрчигдсөн гэх үндэслэл бас бий. Өөрөөр хэлбэл, нийгмээс тусгаарлагдчихсан учраас намын мөрийн хөтөлбөр, бодлогоо сонгогчдод танилцуулах аргагүй болчихсон. Шүүх Сонгуулийн хуулийн 35.2 дугаар зүйл заалтыг зөрчсөн байтал нэр бүхий нэг иргэн энэ заалт Үндсэн хуульд нийцээгүй гэсэн мэдээлэл өгсөн байгаа юм. Ингээд ҮХЦ үүний дагуу маргаан үүсгэж дунд суудлын хурал хийж Сонгуулийн тухай хууль Үндсэн хуульд нийцсэн гэсэн шийдвэр гаргасан байна. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2 хүчинтэй хэвээр үлдлээ гэсэн үг.
-Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрээс харахад 2020 оны уих-ын сонгуулиар нэр дэвшиж байсан нэр бүхий зургаан хүнийг цагдан хорих шийдвэр гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн үг үү?
- Тийм. Нэгдүгээрт, Сонгуулийн хууль зөрчсөн шүүгч нарт хариуцлага хүлээлгэх боломжтой болж болно. Хоёрдугаарт, тухайн нэр дэвшигчдийг Эрүүгийн хэрэгт буруутган шүүсэн процесс хуулийн зөрчилтэй болсон ийм үр дагавар үүсч байна.Угтаа бол Сонгуулийн тухай хууль анхнаасаа Үндсэн хуульд нийцсэн заалт л даа. Сонгууль бол ардчиллын амин сүнс. Төрийн эрхийг сонгуульд нэр дэвшүүлсэн төлөөллөөрөө дамжуулан авдаг. Гэтэл нэр дэвшигчийн сонгогдох эрх, нөгөө талаасаа иргэний сонгох эрхийг зөрчиж шүүх сонгуулийн үйл ажиллагаатай хөндлөнгөөс хутгалдаад төрийн эрх мэдлийг хууль бусаар авах ийм нөхцөлийг бүрдүүлэх аюултай. Хэдийгээр 2020 онд зургаан хүн хоригдсон ч энэ гажуудал цааш үргэлжилбэл 2024 онд зуун нэр дэвшигч ч хоригдох магадлалтай. Тэр утгаараа Сонгуулийн хуулийн нэр дэвшигчийн хуулийн баталгаа Үндсэн хууль зөрчих биш, эсрэгээрээ Үндсэн хуульд нийцсэн заалт байгаа юм.Хэрэв ҮХЦ-ээс Сонгуулийн тухай хуулийн 35.2.1 заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн шийдвэр гарсан бол цаашид нэр дэвшигчид хэзээ ч баригдаад хоригдож магадгүй, ямар ч баталгаагүй болно. Тэр утгаараа ҮХЦ сайн шийдвэр гаргасан гэж хэлж болно.
- ҮхЦ-ийн шийдвэрийн дагуу аль ч шатны сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдэд тодорхой хэмжээнд хуулийн хамгаалалт үүссэн гэж ойлгож болох уу?
-Тийм. Тэгж ойлгож болно.Мөн ҮХЦ-ийн дүгнэлтэд хуульд заасан болзол, шалгуурыг хангасан нэр дэвшигч иргэнд тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангах, улс төрийн зүй бус нөлөөллөөс хамгаалах зорилгоор нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх ба ийнхүү хуульчлахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан төрөлжсөн хуультай уялдуулах, холбогдох журмыг тусгайлан тогтоох, хууль зөрчсөн тохиолдолд гарах үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн.
-Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн хурлаар ямар асуудлыг шийдэх гэж байна вэ?
-Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлахдаа Үндсэн хууль, хүний эрхийн илэрхий зөрчил гаргасан гэж нэр бүхий иргэд Цэцэд мэдээлэл гаргасны дагуу дунд суудлын хуралдаан зарлагдаад байгаа юм. Тэр хуралдаан маргааш (өнөөдөр) болно. Тодруулж хэлбэл, УИХ-аас албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор шүүхээр нэгэнт шийдвэрлэгдэж дууссан хэргийг сэргээн шалгах хууль баталсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу шүүх, хуулийн байгууллагаар нэгэнт эцэслэн шийдвэрлэгдэж дууссан хэргийг архиваас ухаж сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэл оногдуулах тухай хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн дэлхийн жишигт байхгүй муу хууль баталсан. УИХ-аас хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсон цагаас мөрдөгдөж эхлэх байтал урьд болоод өнгөрсөн өөр хуулийн үйлчлэл бүхий цаг хугацаа руу урагшлан нөхөн үйлчлэх үндэслэл байдаггүй. Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй шалтгаан нь хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хэлмэгдүүлэлт үүсэхээс сэргийлэх зорилгоос үүдэлтэй. Зарчмын хувьд эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхийг манай улс зөвшөөрвөл цаашид шинээр гэмт хэрэгт тооцон ял шийтгэх, ял шийтгэлийг хүндрүүлэх зэрэг нөхцөлийг зөвшөөрснөөс ялгаагүй болно. Үндсэн хуулийн Цэц бол тухайлсан маргааныг шийдвэрлэхгүйгээр хууль тогтоомжийн хөгжилд зарчмын шийдвэр гаргаж, эрх зүйг хөгжүүлж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож байдаг онцлогтой байгууллага юм.
Эцэст нь онцлоход, бидний хандсан хэд хэдэн хуульч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг дэмжсэн үг унагаж байлаа. Юутай ч Цэцийн шийдвэр хоригдож буй улстөрчдөд нааштайгаар гарч эхлэв бололтой.
Х.ЦЭНД-АЮУШ
П.БАТЗАЯА

Сэтгэгдэл (1)
Ugui (71.120.15.148)
Odoo тэгээд гэмт хэрэг хийчихээ уих д орж нуугдах уу ?