Б.Баяраа: Цэцийн их суудлын хурлаар эцсийн шийдвэр гарах хүртэл хэдэн зуун иргэн Үндсэн хууль зөрчсөн хуулийн үйлчлэлээр ял шийтгүүлж болзошгүй

Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлттэй холбоотойгоор хуульч Б.Баяраатай ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт нь ямар учиртай юм бэ. Үүнээс яриагаа эхэлье?

-УИХ-аас 2020 нэгдүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн хуулийн Цэц тогтоосон. Энэ хууль нь шүүх, хуулийн байгууллагаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргүүдийг дахин сэргээн шалгаж нэхэн ял шийтгэх тухай хууль байсан. Цэц Үндсэн хуульд заасан “шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр уг хуулийг түдгэлзүүлсэн.

-МАН, АН-ын бүлгийн хурлаар уг дүгнэлтийг хүлээж аваагүй. Хүлээж аваагүй шалтгаан нь юу байсан юм бол. Та юу гэж харж байна?

-Улс төрийн шалтгаанаар Цэцийн дүгнэлтийг авахгүй байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр албан тушаалын зарим хэрэг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж болзошгүй гэж үзэн үүнтэй нэр холбогдохыг хүсэхгүйн улмаас үнэнээс нүүр буруулж байна. Хөөн хэлэлцэх хугацаа бол хуульд заасан боломж бөгөөд ял завшихаас өөр ойлголт юм. Эрүүгийн хэрэгт хүн хүч, эрх мэдэл, техник хэрэгсэл, эдийн засгийн давуу тал бүхий төрийн механизм бүхэлдээ иргэний эсрэг ажилладаг тул гэмт хэрэгт холбогдсон иргэнийг цаг наргүй шалгаж залхаахгүй байх үүднээс хэрэг шалгах тодорхой хугацаа хуулиар тогтоож хүний эрхийг хамгаалдаг олон улсад нийтлэг хэрэглэгддэг зохицуулалт л даа. Зөвхөн албан тушаалын хэрэг төдийгүй бусад гэмт хэрэгт шалгагдсан хэдэн зуун иргэд хуульд заасан боломжоо эдэлж чадахгүй хохирч байгаа. УИХ Цэцийн дүгнэлтийг хэрэв хүлээн авахгүй бол цаашид Цэцийн их суудлын хурлаар эцсийн шийдвэр гарах хүртэл хэдэн зуун иргэн Үндсэн хууль зөрчсөн хуулийн үйлчлэлээр ял шийтгүүлж болзошгүй байна.

-Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор иргэн Н.Ариунболд Цэцэд мэдээлэл хүргүүлсэн. Тэрбээр мэдээлэлдээ “..Хүн ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн, шалгагдаж байснаас шалтгаалж Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль өөрөөр үйлчлэхээр хууль тогтоосон байгаа нь уг шийдвэр нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд шууд харшилж байна” гэсэн. Хуульч хүний үүднээс та юу гэж харж байна вэ?

-Эрүүгийн хуульд албан тушаалын гэмт хэргээс илүү хүнд хохирол, хор уршиг учруулдаг гэмт хэргүүд бий.

Тухайлбал, хүний амь нас хохироох, эх орноосоо урвах, терроризм, төрлөөр аймаглан устгах, үй олноор хөнөөх гэх мэт. Гэтэл зөвхөн албан тушаалын эсрэг гэмт хэргийг ялган авч хууль буцаан хэрэглэх замаар ял шийтгэхээр болсон нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчимтай шууд зөрчилдөнө. УИХ-аас хууль тогтоох ажиллагаанд мөн тэгш байдлыг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлах үүрэгтэй.

-Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд шүүн таслах эрх мэдлийг хэрэгжүүлэхэд гажуудал үүсгэсэн заалт орсон талаар ч дурдсан байсан. Энэ талаар тодруулъя?

-Үндсэн хуульд шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус зарчмыг хангах зорилготой “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлнэ”, “шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зохицуулалт байдаг. Шүүх хэрэг маргаан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу эцсийн шийдвэрээ гаргана гэсэн үг. Гэтэл хууль тогтоогч гэнэт баталсан хуулиасаа эргэж буцаж сүүлд батлагдсан хуулийн дагуу дахин хэргийг сэргээн шалгаж, ял ногдуул гэж шүүхийн эрх хэмжээнд халдаж болохгүй. Хууль өөрөө хаврын тэнгэр шиг хуйсагнасан эргэж буцаж байнга зангаа хувиргасан байдалтай болвол хэн ч хуулийг хүндэтгэн биелүүлж хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхгүй. Тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүх байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй нь тодорхой.

-Мөн иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ “Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх болон хууль буцаан хэрэглэхтэй холбоотой заалтыг процессын эрх зүйн үүднээс зохицуулах хууль тогтоох нь хууль тогтоох үйл ажиллагааны гажуудлыг илэрхийлж байна” гэжээ. Үүнийг та юу гэж харж байна. Хууль тогтоогчид Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа хууль зүйн гажуудал гаргачихав уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн хуульд заасан суурь зарчмуудыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өөрчлөх үндэслэл байхгүй. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь зөвхөн хуулийн бэлтгэл ажил хангах, хуулийн өөрчлөлтөд өртөж байгаа талуудын эрхийг хамгаалах зорилгоор батлагддаг. Гэтэл УИХ дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хуулийн суурь зохицуулалтын эсрэг агуулгатай зохицуулалт баталсан нь процессын ноцтой зөрчил болсон.

-Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдгээ тодруулж өгнө үү?

-Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй. НҮБ-ын баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу эцэслэн шийдвэрлүүлсэн хэнийг ч тухайн гэмт хэргээр дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэснийг УИХ шууд зөрчсөн.

-Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэсний үр дагаврын талаар мөн тодруулъя?

-Хүний эрхийг хамгийн хатуу хязгаарладаг Эрүүгийн хууль төдийгүй бусад бүх хуулиудад тухайлбал иргэн, захиргааны салбарт ч хуулийг буцаан хэрэглэх ганц тохиолдол нь эрх зүйн байдлыг дээрдүүлэх тохиолдолд хэрэглэнэ гэж тодорхой хуульчилсан. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн шинэ, хуучин хуулийн аль ашигтайгаар хэрэглэх нь эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд хамаардаг бөгөөд шүүхэд нэгэнт тогтсон жишиг юм. Эрүүгийн хуулийн энэ суурь зарчмын эсрэг зөрчилтэй хууль баталсан нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. Хэрэв Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар хэрэглэх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн бол цаашид парламентаас энэ зарчмаар хэнийг ч гэмт хэрэг сэргээн шалгах, нэхэн ял шийтгэх, хилс хэрэгт яллаж хэлмэгдүүлэх эрсдэл үүсэхээр байсан.

 

Р.ХИШИГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)