Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилттэй УИХ-ын дарга Г.Занданшатар танилцлаа
- 2021-01-07
- Улс төр
- 1

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.
Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.
Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.

Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.
Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ.
Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725.0 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.
Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна.
Хуулийн хэрэгжилтийг 2020 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.

Сэтгэгдэл (1)
зочин (64.119.19.239)
Харийн луйварчид, тусгай албад төрийн албанд гайгүй дээгүүр алба хашиж буй хөнгөн, шуналтай, албан тушаалд дуртай этгээдүүдийг олзлон элсүүлэхийн тулд эхлээд сайхан сайхан юм хэлж, том том төсөл хөтөлбөр гэж хуурна, заримыг нь хилийн чанадад сургаж бэлтгэнэ. Их хэмжээний хахууль, хөрөнгө мөнгө өгнө. Урвагч этгээд эхэн үедээ гар мөнгөтэй чадалтай тансаг, гял цал мундаг тэнхээтэй байна. Улмаар авсан мөнгөний хэмжээгээрээ хүний гарт орж хүзүүвчлүүлж эзэнд хөтлөгдөнө. Нэгэнтээ бууны, уяаны нохой, боол болгож уяад авчихбал эзэн юу дуртайгаа хийлгэнэ. Хийлгэхийн тулд боолоо төрийн өндөр албан тушаалд гаргах ёстой. Гайгүй хувцаслаж, хэдэн үг цээжлүүлж олны өмнө үг хэлүүлж, хэлд оруулна. Төрийн өндөр алба уруу мөнгө гэдэг түлхүүр бариулаад зүтгүүлнэ. Мөнгөн түлхүүрт ядуу орны хувьд онгойхгүй хаалга гэж бараг үгүй. Эх орон ард түмнээс нь урвуулж ард түмнийх нь эсрэг үйлдлүүд хийлгэж, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө зүтгэдэг боол болгоно. Эзэн яваандаа угаадсаа багасган, уяагаа улам чангалж, алтан загасны эмгэн мэт бүр ихийг шахаж шаардах болно. Үгэнд нь орохгүй бол өмнө нь архидсан, хүүхэндсэн бичлэгийг ил болгохоос эхлээд хийсэн гэмт хэрэг, хахуульд авсан байр, мөнгө хөрөнгө, данс зэргийг нь ил болгож барьж өгдөг технологитой. Энэ бол бүхий л урвагчид харийнхны гар орсон урвагчдын өрөвдөлтэй хувь заяа! Нэг шөнө тайван хонохгүй амьдын там. Олон түмнээс айна, дөлнө. Энэ мэт залийг бүхий л улс олон зуун жил хэрэглэж ирснийг түүх өгүүлдэг. Ийм өгөөш үмхэж, эх орноосоо урвасан урвагчдыг хэдэн үеэр нь жигшдэг. Түүхэн сургамжийг мэдсээр байж эх орноосоо урвана гэдэг бол том тэнэглэл. "Хийвэл бүү ай!" гэж өвгөд сургасан. Орчин цагийн Монголд сүүлийн 30 жилд энэ технологид олзлогдсон олон урвагчид эхнээсээ ил болж байна. Тэд мөд бүрэн илчлэгдэж нүглээ үүрч л таараа. Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү