Аркадий Ротенбэрг өөрийгөө “Путины ордон”-ы эзэмшигч гэдгийг зарлалаа

ОХУ-ын эрх баригчдын авлигатай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа нь авлигыг илчилсэн хүмүүстэй сөргөлдөх нөхцөл байдалд хүрчээ. Дмитрий Пэсков болон Владимир Путин нар Алексей Навальныйн зүгээс мэдээлсэн ордон харшийн асуудлыг няцаав. Үүссэн таагүй нөхцөл байдлын үед ерөнхийлөгчийн ойрын хүрээлэлд тооцогдох тэрбумтан Аркадий Ротенбэрг 100 тэрбумаар үнэлэгдэх уг үл хөдлөх хөрөнгө өөрийх нь өмч бөгөөд ордон биш, зочид буудал гэж мэдэгдсэн байна. Энэ эгзэгтэй үед Владимир Жириновский тус улсын Дум нь өөрөө хууль зөрчигчдөд уучлал үзүүлдэг учраас Орос орон авлигагүй байх боломжгүй. Манай улс авлигын төсөөллийн индексээр Африкийн орнуудын түвшинд байна гэж мэдэгдлээ. ПАСМИ-аас сар тутам тоймлон хүргэдэг дараах нийтлэлээс эдгээр болон бусад үйл явдлын талаар үзнэ үү.

1. “Байхгүй, хэзээ ч байгаагүй”: Путин Гэлэнжик дэх ордон тойрсон шуугиантай холбоотой мэдэгдэл хийв

ОХУ-ын ерөнхийлөгчтэй цахимаар хийсэн уулзалтын үеэр нэгэн оюутан Гэлэнжик дэх ордонтой холбоотойгоор үүссэн Алексей Навальныйн гаргасан баримтын талаар Владимир Путинээс асуулт асуусан байна.

Улсын тэргүүн Навалныйн зүгээс түүний өмч гэж тодорхойлсон нэг ч зүйл өөрт нь болон ойр дотны хэн нэгэнд нь байхгүй гэдгээ, “байхгүй, хэзээ ч байгаагүй” хэмээн мэдэгдэв.

Тэрээр цаг зав бага тул уг мэдээлэл баримттай бүрэн танилцаж чадаагүй бөгөөд туслахууд нь түүнд хэсэгчилсэн байдлаар үзүүлсэн гэдгээ хэлжээ. Үзэгчдийн тархийг угаах зорилготой, эвлүүлж хийсэн кино байсан, “Уйтгартай зүйл, залуучуудаа” хэмээсэн байна.

Түүнчлэн төрийн тэргүүн орд харштай холбоотой хэл ярианаас гадна усан үзмийн тариалангийн талаар тайлбар хийжээ. Тэрээр ашиг олох зорилгогүйгээр усан үзэм дуртайяа тариалах байсан гэжээ.

Авлигатай тэмцэх сан /ОХУ-д гадаадын тагнуулын алба гэж хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага/-гаас өнгөрсөн долоо хоногт гарсан баримтад Путин Гэлэнжик цайз дахь ордноо төрийн болон хувийн компаниудын хөрөнгө мөнгөөр босгосон гэж баталсан байна. Сан нийт зардлыг нь 100 тэрбум рублиэр үнэлжээ.

Ерөнхийлөгч Путины нарийн бичгийн дарга Дмитрий Пэсков Алексей Навалныйг “луйварчин”, түүний үүсгэн байгуулсан “Авлигатай тэмцэх сан”-гийн хандивын хөрөнгийг “луйвар” хэмээн мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар, “байхгүй өмчийг Путинд эзэмшүүлж байгаа” аж.

2. Эзэн тодров: Аркадий Ротенбэрг өөрийгөө “Путины ордон”-ы эзэмшигч гэдгийг зарлалаа

Оросын тэрбумтан Аркадий Ротенбэрг өөрийгөө Гэлэнжик дэх ордны эзэмшигч хэмээн нэрлэжээ. Ерөнхийлөгч Владимир Путины хамтрагч асан тэрээр Навалный зүгээс Путины өмч гэж тодорхойлсон нэг ч зүйл өөрт нь болон ойр дотны хэн нэгэнд нь байхгүй гэдгээ, “байхгүй, хэзээ ч байгаагүй” хэмээн улсын тэргүүн олон нийтэд мэдээлсний дараа дээрх мэдэгдлийг хийжээ.

Аркадий Ротенбэрг Авлигатай тэмцэх сангаас баримт дэлгэсэнтэй холбогдуулан Хар тэнгис дэх үл хөдлөх хөрөнгөө удахгүй цэгцлэнэ хэмээн мэдэгдэж, “Цэвэр хүний хүчин зүйл. Энэ талаар шуугиан дэгдээд байна” гэж Mash Telegram сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

“Зээлдүүлэгчид олон байсан ч би эзэмшигч нь болж чадсан. Энэ бол олз. Сайхан ч газар” хэмээн Идокопас хошуунд байрлах үл хөдлөх хөрөнгөө худалдаж авсан талаар тэрбумтан ярьжээ. Уг үл хөдлөх хөрөнгийг хэзээ өөрийн болгосон талаар тодорхой хэлээгүй байна.

Тэрээр уг газрыг апарт-зочид буудал болгохоор төлөвлөж байгаа бөгөөд 2 жилийн дараа барилгын ажил дуусна гэжээ.

3. Авлигыг олон ангит кино болгож хувиргав: Засгийн газар албан тушаалтнуудаа хариуцлага тооцуулахаас татгалзаж байна

Төрийн Думын Зөвлөл 1 дүгээр сарын 18-ны өдөр Засгийн газрын кабинетаас боловсруулсан авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан төрийн албан хаагчид, парламентын гишүүд, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон бусад эрх бүхий албан тушаалтнуудыг хариуцлагаас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхээр хуралдсан байна.

Мөрдөн байцаалтын явцад тухайн этгээдээс хамааралгүй нөхцөл байдлын улмаас хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага тооцуулахаас татгалзаж болох юм. Тухайлбал, үүнд байгалийн гамшиг, гал түймэр, тахал, дайн, алан хядах үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын хязгаарлалтын арга хэмжээ, ажил хаялт гэх мэт нөхцөлийг багтаасан байна. Эрх бүхий хариуцсан албан тушаалтан өөртэй нь хамаарал бүхий этгээд гэдгийг мэдэлгүйгээр албан тушаалд орсон тохиолдолд хуулийн дээрх заалтыг хэрэглэж болно гэж хууль санаачлагчид үзэж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын дундуур нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан боловч хойшлуулах санаачлага гарсантай холбоотойгоор Думын авлигын эсрэг хорооны хуралдаан намрын чуулганаар хуралдаагүй байна. Энэ 3 дугаар сард хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна. Тайлбар бичигт Авлигын эсрэг үндэсний төлөвлөгөөний дагуу баримтыг боловсруулсан хэмээн “Коммерсант”-д дурджээ.

“Давагдашгүй хүчин зүйл, нөхцөл байдал” гэдгийг албаны үйл ажиллагаанд хамаарах дүрэм, журмыг хэрэгжүүлэх хороо тогтоох аж. Эрх баригчдын төлөөлөл “давагдашгүй нөхцөл байдал” дууссан өдрөөс хойш сарын дотор авлигатай тэмцэх хэвийн үйл ажиллагааг баталгаажуулах үүрэгтэй байна.

“Транспаренси Интернешнл” байгууллагаас үүнийг “хэвийн, ухаалаг” гэж үзэж болох ч уг нөхцөл бодит байдалд ямар байгаа талаар байнга хянах хяналт байхгүй гэж тэмдэглэжээ.

4. Жириновский “Удирдлагын арга” гэж авлигыг зөвтгөв

Хяналттай байхын зэрэгцээ авлигажсан байх нь хүн амыг үр дүнтэй удирдахад зайлшгүй шаардлагатай гэж Оросын Либерал ардчилсан нам /ЛДПР/-ын дарга Владимир Жириновский мэдэгдэв.

Бүхэлд нь хяналт тавих, эсхүл хяналтыг үгүй хийж хүссэн бүхэнд боломж олгох хоёрын аль нь илүү сайн болох нь улс төрчийн хувьд тодорхойгүй байна. Эхний тохиолдлын хувьд “Оросын эсрэг баримт материал бага байгаа” гэж тэрээр мэдэгдэв.

Хяналтгүй, авлигагүй байх бололцоогүй бөгөөд энэ бол хүмүүсийг удирдах арга мөн гэсэн санааг намын тэргүүн санал болгожээ. Хэрэв энэ мэт аргыг хэрэглэхгүй бол түүний үзэж буйгаар оросууд нэг нэгнээ хөнөөж эхлэх болно гэж Regnum агентлагаас мэдээлсэн байна.

Владимир Жириновский 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа талаараа өнгөрсөн оны намар зарласан. Социологийн санал асуулгын дүнгээр тэрээр өндөр рейтингтэй улстөрчдийн хоёрдугаарт бичигдсэн байна.

Эх сурвалж: pasmi.ru

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)