Ч.Нацагдорж: Дипломтой болох гэж бус ирээдүйгээ бүтээх мэргэжлийг сонгож буй гэдгээ бодох хэрэгтэй

“Мэргэжил сонголт” хэмээх фэйсбүүк хуудсыг ажлынхаа хажуугаар хөтөлдөг монгол судлалын магистр, “Идэр” их сургуулийн Монгол хэл, сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Ч.НАЦАГДОРЖТОЙ ярилцлаа.

-Ахлах ангийн сурагчдын маань зарим нь одоог хүртэл мэргэжлээ сонгоогүй, эргэлзэж байж мэднэ. Тэдгээр хүүхдэд та хамгийн түрүүнд ямар зөвлөмж өгөх вэ?

 

-Хүний амьдралд алдаж болохгүй хоёр чухал сонголт бий. Нэгдүгээрт, насан туршдаа хоолоо олж идэх мэргэжил, хоёрдугаарт, нэгэн насны жаргал, зовлонгоо хамт туулж хорвоог элээх ханиа зөв сонгох явдал юм. Хэрэв мэргэжлээ сонгож амжаагүй, сонголтдоо эргэлзэж буй хүүхдүүд байгаа бол, хамгийн түрүүнд өөрийн онцлогийг танин мэдэх нь чухал. Өөрийн онцлогийг зөв тодорхойлоход дараах гурван зүйлд тулгуурлаж дүгнэлт хийх хэрэгтэй. 1. Өөрөө өөртөө дүгнэлт хийх, 2. Багш, гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүсээр дүгнэлт хийлгэх 3. Мэргэжил сонголтын тест, сорилоор тодорхойлох. Үүний эхний хоёр нь практикт тулгуурлаж буй бол гуравдах нь шинжлэх ухааны үндэслэлтэй өөрийгөө танин мэдэх арга юм. Хүний эзэмшиж болох мэргэжил, сонирхлыг Оросын эрдэмтэн, сэтгэл судлаач Е.А.Климов хүн+хүнтэй харилцах, хүн+техниктэй харилцах, хүн+тэмдэгт харилцах, хүн+урлаг, уран сайхантай харилцах, хүн+байгальтай харилцах хэмээн таван бүлэгт хуваан авч үзсэн байна. Тэгэхээр, таны сонирхол онцлог аль бүлэгт нь хамаарч байна гэдэг хамгийн чухал юм. Тухайлбал, хүн+хүнтэй харилцах чадвар давамгай хүүхдийн хувьд багш, эмч, хуульч, сэтгэл судлаач, менежер, нийгмийн ажилтан, хүний нөөцийн ажилтан зэрэг мэргэжлээс сонговол амжилттай суралцах, үр бүтээлтэй ажиллах магадлал өндөр юм.

 

-Мэргэжил сонгохдоо юунд голчлон анхаарах вэ?

 

-Тухайн хүүхэд өөрийн онцлогоо танин мэдэж, зөв тодорхойлсон бол сонгож болох мэргэжлүүдийнхээ эрэлт, ирээдүйг судлах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, миний сонгож болох, онцлогт тохирох мэргэжлүүд маань өнөөдөр ямар эрэлттэй байна, 4, 8, 10 жилийн дараа хэр хувьсан өөрчлөгдөх вэ гэдгийг маш сайн судлах ёстой. Саяхан л бид тодорхойлолт авах гээд иргэний бүртгэлд, мөнгө авахаар банканд дугаарладаг байсан бол одоо долоовор хурууныхаа хээг уншуулаад тодорхойлолт авчихдаг, карт уншуулаад мөнгөө авчихдаг, гар утсаа ашиглаад шилжүүлэг, тооцоо хийчихдэг болоод байна. Энэ мэт хүний хийдэг ажил ухаалаг технологид шилжиж, тухайн ажлыг хийдэг хүмүүсийн ажлын орон тоо цөөрч, цаг хугацааны явцад үгүй болохыг мэргэжлийн хувьсан өөрчлөлт, технологийн хөгжил гэж байгаа юм.

 

Залуучууд, ирээдүйгээ сонгох гэж буй дүү нар ийм өөрчлөлт, шинэчлэлийг харах нь чухал юм. Гоё дипломтой болох гэж бус ирээдүйгээ бүтээх гэж тухайн мэргэжлийг сонгож буй гэдгийг бодох хэрэгтэй.

-Мэргэжлээ буруу сонгосноор нийгэмд ажилгүйдэл өсөх хандлага ажиглагдаж байна. Нэгэнт мэргэжлээ буруу сонгосон бол орхиж, зөвийг сонгох алхмыг хийх нь тэр бүр хүнд байхгүй зориг байх?

-Манай улсын хувьд ажилгүй иргэдийн сүүлийн гурван жилийн дунджийг аваад үзэхэд 120 орчим мянган иргэн байгаагийн 20 гаруй хувийг дипломын болон бакалаврын боловсролтой хүмүүс эзэлж байна. Мөн, мэргэжлээрээ ажиллаж буй иргэдийн 30 гаруй хувь нь одоо ч гэсэн мэргэжилдээ эргэлздэг гэсэн судалгаа бий. Энэ нь сонголтоо хэр хариуцлагатай, зөв хийдэг вэ гэдэгт тодорхой хариулт болох байх. Дээд боловсрол эзэмших дөрвөн жил хүний амьдралын хамгийн чухал үе. Ирээдүйдээ хайнга хандаж болохгүй, чи яаж хандана чамд яг тийм л үр дүн гарна. Нэгэнт л би сонгочихсон юм чинь сураад үзье гэж азандаа найдах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Дургүйд хүчгүй гэж үг бий. Сонирхол нь асаж, зорилго нь тодорхой байж гэмээнэ амжилттай суралцаж, ирээдүйд үр бүтээлтэй ажиллана. Өөрөөр хэлбэл, таны дөрвөн жилийн хөдөлмөрийн үр шим ирээдүйдээ хүрэх тийз юм. Тиймээс, ирээдүйдээ хүрэх тийз худалдаж, хуримтлуулж авдаг дөрвөн жилээ үр дүнтэй зүйлд зарцуулаарай.

 

-Сурагчид нэг үеэ бодоход эцэг эхийн зөвлөмжийн дагуу мэргэжил сонгох нь багассан байх. Гэхдээ хурдан, амар хялбар аргаар мөнгөтэй болохыг хүсэж эдийн засаг, бизнес гэх мэт салбарыг сонгосоор л байх шиг?

 

-Миний хувьд сурагчид мэргэжил сонгохдоо таван зүйлд анхаарах ёстой гэж зөвлөдөг. Өмнө ярьсан өөрийнхөө онцлог, давуу талыг танин мэдэж, зөв тодорхойлох, сонирхож буй, сонгож болох мэргэжлүүдийнхээ дотоод болоод гадаад нөхцөл байдал, эрэлт, ирээдүйг судлах, тухайн мэргэжлийнхээ дагуу ном сэтгүүл олж үзэх, уг салбарын хүнтэй яриа өрнүүлж тандах, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөх, төгсөөд хаана ажиллаж болохыг тодорхойлох ёстой. Амар хялбар аргаар мөнгө олох, хэт яарах нь сайн юманд хүргэхээсээ илүү саар зүйлийг дагуулах нь бий. Суурь сайн бол илүү тогтвортойгоор өндөрт хүрдэг гэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд хурдан, түргэн нь гол бус зогсолтгүй хөдөлмөрлөх, суралцах л чухал юм.

 

-Ер нь манай орны хувьд ямар мэргэжлийг илүү эрэлттэй гэж та боддог вэ?

 

-Дэлхий дээр 9000 гаруй, манай улсын хувьд 200 орчим мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Эдгээр мэргэжлээс хүний хөдөлмөр маш бага орох, магадгүй хүний хөдөлмөр шаардлагагүй болж буй мэргэжил маш олон болсон. Хүүхэд, залуучууд маань зөв мэргэжил сонгоно гэдэг өөрийнхөө маргаашийг бүтээхээс гадна улс орны ирээдүй, хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, илүүдэлтэй, ажилгүйдлийг нэмж буй мэргэжил бус эрэлт, хэрэгцээтэй мэргэжлүүдийг сонгож өөртөө болон улс орныхоо цэцэглэлтэд хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Бизнес, санхүүгийн чиглэлээр 10 мянган залуу сурах бус мэдээлэл технологийн чиглэлээр 10 мянган залуу сурмаар, сургамаар санагддаг. Дэлхий нийтийн хөгжил, бидний өдөр тутмын амьдрал технологид суурилсан цахим хэлбэрт шилжиж байна.

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)