Америкийн “дөрвөл” Оросын “гурвал”-тай нүүр туллаа

Кремль холбоотон орнуудгүй ч ойрын түншүүдтэй гэдгээ Вашингтонд харууллаа. Москва түншүүдтэйгээ хамтран дэлхийн дэг журам гэгддэг Атлантын даяаршлын төслийг өөрчлөхийг хүсэж байна. ОХУ дэлхийн дэг журмыг Евразийн эрин үеэр сольж, БНХАУ, Энэтхэг улстай удаан хугацаанд түншлэхийг зорьдог. Жо Байдены засаг захиргаа Хятадын талтай Аляскад уулзахаар товложээ. Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Салливан нар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Коммунист Төв хорооны Улс төрийн товчооны гадаад бодлогын гишүүн Ян Жиечи нартай уулзана. Уулзалтын өмнө АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн төлөөлөгчид QUAD (Аюулгүй байдлын тухай дөрвөн талт яриа хэлэлцээ)-ийн удирдагчдын анхны дээд хэмжээний хэлэлцээр хийсэн юм. Уулзалтад оролцогчид бүгд Хятадад сэтгэл дундуур байгааг Вашингтон онцолсон нь санамсаргүй хэрэг биш. Салливаны хэлснээр тэд Хятадын хөрш орнуудад үзүүлэх шахалтын талаар ярилцжээ. Америкчууд Энэтхэгийг Бээжингийн эсрэг фронтод оруулсандаа баяртай байгаа.

QUAD дөрвөлийг Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ 2007 онд санаачилжээ. Вашингтон Хятадад шахалт үзүүлж, Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн үзэл баримтлалыг сурталчилж эхэлсэн 2007 оноос хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн юм. Тэдний гол зорилго нь Энэтхэгийг БНХАУ-ын эсрэг холбоонд татан оролцуулах явдал. “Дөрвөл” нь цэргийн нэгдэл биш. Гэхдээ Энэтхэгээс бусад гишүүн орнууд цэрэг, тагнуулын хэлхээ холбоогоо сайжруулсан. Хэрвээ Энэтхэг төсөлд нэгдвэл Москвагийн түншүүдэд түгшүүр төрүүлнэ. Хятад, Орос, Энэтхэг улс БРИКС, ШХАБ төдийгүй 2006 онд байгуулсан RIC формат буюу “гурвал”-ын гишүүн орнууд. “Гурвал” сайдын түвшний хэлэлцээрээс хальж В.Путин, Ши Жиньпин, Н.Моди нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах болсон. Москва олон жилийн турш гурван улсыг ойртуулах, тэр дундаа Энэтхэг, Хятадын зөрчилдөөнийг багасгахын тулд Вашингтоны эсрэг мөрий тавьж ирсэн. Цагаан ордон Хятадаас “айдаг” Энэтхэгийг Бээжинг тогтоох стратегидаа ашиглахыг хичээдэг. Гэхдээ Энэтхэг АНУ-ыг давхар ашиглах зорилготой байна. Жишээлбэл, Энэтхэгийн далайд Хятадын флот ноёрхохоос сэргийлж Бенгалийн буланд болсон QUAD-ын тэнгисийн цэргийн сургуулилалтад оролцжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин энэ долоо хоногт Токио, Сөүлээс гадна Энэтхэгт айлчилна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди QUAD-ийг “дэлхийн сайн сайхны дөрвөл” гэж нэрлээд хамтран ажиллахаа мэдэгджээ.

Моди энэ холбоонд нэгдсэн нь Хятадаас эмээх айдастай холбоогүй гэж зарим шинжээч үзжээ. Хилийн асуудал бол Британийн колоничлолын үеэс улбаатай бөгөөд хоёр улс зарчмын хувьд энэ асуудлыг шийдэх боломжтой. Делийн санааг зовоож буй сэдэв бол Бээжин Энэтхэгийн түүхэн өрсөлдөгч Пакистантай харилцаагаа гүнзгийрүүлсэн явдал. Хятад Пакистаны Гвадар боомтыг хүлээн авсан бөгөөд Шри Ланка дахь боомтыг Мьянмарт шилжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр улс Энэтхэгийн ашиг сонирхлын бүсэд багтдаг дэд геополитикийн орон зайн нэг хэсэг юм. Энэ тухай Англо-Саксоны стратегичид хэдийнэ онцолсон. Үүний зэрэгцээ Бээжин, Дели хоёр харилцаагаа стратегийн түншлэл гэж нэрлэдэг бөгөөд хоёр орны удирдагчид үүнд хариуцлагатай хандахыг хичээдэг. Түүгээр ч барахгүй хоёр улсыг ойртуулахад ОХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Москва тэдний нийтлэг ашиг сонирхлыг сануулаад зогсохгүй, зөрчилдөөн дээр огтлолцолгүйгээр, айдас түгшүүргүйгээр харилцаа холбоо тогтоох боломж олгосон.

Гэсэн хэдий ч Энэтхэгийн улс төрийн анги тусгаар тогтнолын төлөө үргэлж зүтгэж ирсэн бөгөөд Нарендра Моди бол жинхэнэ үндсэрхэг үзэлтэн. Ши Жиньпин, В.Путин нарын адилаар ард түмэн, улс орныхоо эрх ашгийг хамгаалж, стратегийн түр зуурын холбоо байгуулдаг. Азийн цар хүрээ, дэлхийн хэмжээнд хүрснээр Атлантын эрин үе дуусаж байгаа. Энэ үед Америкийн “дөрвөл” Оросын “гурвал”-ыг ялах эсэх нь эргэлзээтэй юм.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)