О.Мөнхсайхан: Цэцийн гишүүний томилгоонд хориг тавьсан нь Ерөнхийлөгч бүрэн эрхээ урвуулан ашигласан үйлдэл
- 2021-03-29
- Улс төр
- 1

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургаадугаар сард болох Төрийн тэргүүний ээлжит сонгуульд дахин нэр дэвших асар их сонирхолтой. Үүний тулд албан тушаал, эрх мэдэл, танил тал зэргээр байж болох бүхий л боломжоо ашиглаж буй. Тиймээс тэрбээр өнгөрсөн баасан гарагт сүүлчийн сумаа тавилаа. Энэ удаагийнхийг Цэцийн дээр залрах гэсэн оролдлого гэж дүгнэж болохоор байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг бол “Х.Баттулга байж болно” хэмээн тэр сэтгэсэн бололтой, Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоонд хориг тавьж орхив. Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш хамгийн их бөгөөд сайн хийсэн ажил нь хориг. Жил болгоны улсын төсвөөс авахуулаад УИХ-аас баталсан тодорхой хуулиуд төдийгүй сайдын томилгоог хүртэл хориглож байсан тэрбээр барьцаа ахиулсаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоонд хориг тавиад байна. Гэтэл энэ нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрхээс давсан буюу Төрийн тэргүүн бүрэн эрхээ урвуулан ашигласан үйлдэл болжээ.
Амин хувийн эрх ашиг нь хөндөгдсөн учраас Ерөнхийлөгч энэ удаад тун яаруу сандруу хориг тавьсан. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилдог бөгөөд бүрэн эрх нь дууссан хоёр гишүүн байсан учраас Улсын Дээд шүүхээс санал болгосны дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ талаарх хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох санал хураалтад 66 гишүүн оролцсоноос 53 нь дэмжсэн юм. Улсын Дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ш.Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлсөн нь энэ. Энэхүү тогтоолыг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс дагаж мөрдөх юм. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр амжилттай ажилласан Ш.Цогтоод УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлээд “Шинээр томилогдож буй Ж.Эрдэнэбулган гишүүнд гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, хэнээс ч хараат бусаар, Үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ чин шударгаар биелүүлэхийг хүсье. Улсын дээд шүүх, ойрын хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хоёр дахь саналаа хэлэлцүүлээрэй’’ гэлээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилсон УИХ-ын тоггоолыг баталсан даруйд Ерөнхийлөгч хориг тавьж байгаагаа зарласан юм. Гэтэл энэ нь Үндсэн хуулийг сахин хамгаалах үндсэн зорилго бус улс төрийн ашиг сонирхолтой шийдэл байсан гэдгийг хуульчид төдийгүй олон нийт дүгнэж эхэллээ. Учир нь өдгөө Үндсэн хуулийн Цэцэд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ба Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бусад хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх маргаан үргэлжилж байгаа юм. Энэ тухайд хуульч О.Мөнхсайхан, Д.Үүрцайх нарын зүгээс Цэцэд мэдээлэл хүргүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байсан ч Ерөнхийлөгч Цэцэд биечлэн очсоны дараа дээрх үүсгэсэн маргааныг хүчингүй болгох шийдвэрийг Цэц гаргачихаад байгаа юм. Энэ нь Үндсэн хуульт ёсны түүхэнд гарсан анхны тохиолдол болсон бөгөөд Цэцийн гишүүд нэгнийхээ хараат бус байдалд халдаж, гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон нь гаднын нөлөөлөлтэй гэж хуульчид дуу нэгтэйгээр дүгнэж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн санал болгосноор Цэцийн гишүүн болсон Б.Буяндэлгэр өөртэй нь ижил тэнцүү эрх мэдэлтэй гишүүний гаргасан шийдвэрийг эсэргуүцсэнээр хүчингүй болгуулсан нь ямар нөлөөнд автсаныг шуудхан илэрхийлчихэж байгаа юм. Энэ мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх, улмаар хараат бус байдалд нь халдах гэсэн оролдлого хийж эхэлсэнд хуульчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Учир нь цаашид Ерөнхийлөгчийн зүгээс энэ мэтээр буруу шийдвэр гаргаж, улмаар буруу жишиг тогтох вий гэсэн болгоомжлол байгаа учраас эхнээсээ дуугарч эхэлсэн хэрэг. Жишээлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоонд тавьсан хориг нь хуулийн зөрчилтэй үйлдэл болжээ.
Энэ тухайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг албан тушаалтныг томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгоогүй байна. Тэр бүү хэл, ийм хориг нь Ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашиглаж буй хэлбэр мөн гэж үзэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХЭЭР САНАЛ ХУРААГААД ОЛОНХООРОО ТАТГАЛЗАХ НЬ ЗҮЙТЭЙ
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлж, томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхгүй гэж хуульч О.Мөнхсайхан үзэж байгаа юм. Энэ тухайд тэрбээр гурван үндэслэл бүхий тайлбарыг хийлээ. Тодруулбал,
Нэгдүгээр үндэслэл:
Ерөнхийлөгч 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон УИХ-ын 58 дугаар тогтоолын холбогдох заалтад хэсэгчлэн хориг тавьж буруу жишиг тогтоосон. Өнөөдөр Цэцийн гишүүн томилсон тогтоолд хориг тавьжээ. Цаашид Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, ХЭҮК-ийн гишүүн зэрэг УИХ-аас томилдог аль ч албан тушаалтны томилгоонд Ерөнхийлөгч хориг тавих байдал үргэлжлэх бодит эрсдэл үүсээд байна. Үндсэн хуулийн 33.1-д зааснаар Ерөнхийлөгчийн хоригыг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж байгаа. Энэ бол маш өндөр босго. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүн цөм хуралдаанд оролцсон тохиолдолд 26 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжчихээд байвал УИХ-ын бүх томилгоог эдгээр цөөнхийн гишүүн болон Ерөнхийлөгч зогсоодог, мэддэг, нөлөөлдөг болох, улмаар парламентын засаглал үгүй болно. УИХ-ын хуралдаанд суусан гишүүдийн олонхоороо томилгоо хий гээд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг Ерөнхийлөгч болон цөөнхөд шилжүүлэх нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил болно.
Хоёрдугаар үндэслэл: Энэ удаагийн болон өмнөх УИХ дахь олонх 60 гаран гишүүний судалтай тул Ерөнхийлөгчийн энэ мэт эрх хэмжээгээ хэтрүүлсэн хоригийг давж шийдвэрээ гаргах чадвартай. Гэтэл 2024 он болон түүнээс хойш УИХ-д 40 гаран суудалтай олонх бүрдлээ гэхэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг албан тушаалд томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавибал хоригийг нь давж чадахгүй хямралд орно. УИХ дахь олонх Ерөнхий сайд, УИХ-ын даргаа томилох парламентын засаглалын мөн чанар үгүй болно. Бусад томилгоог ч УИХ дахь 20 гауй гишүүн болон Ерөнхийлөгч нийлээд мэддэг эсхүл хэт нөлөөтэй болно. Үндсэн хууль үүнийг зөвшөөрөөгүй юм.
Гүравдугаар үндэслэл: Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.1-ийн “Ерөнхийлөгч хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих” үгчлэн туйлын утгаар бус, харин Ерөнхийлөгчийн институтийн төрийн эрх мэдэл хуваарилж, хяналт, тэнцэл хангасан тогтолцоонд эзлэх байр суурьд тулгуурлан тайлбарлах нь зүйтэй. Энэ үүднээс авч үзвэл УИХ-ын бүхий л томилгооны эрх мэдлийг зогсоох, саатуулах эрх мэдлийг Үндсэн хууль Ерөнхийлөгчид олгоогүй хэмээн тайлбарлалаа. Хуулийн ийм үндэслэл байгаа учраас “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэх юм бол ийм тогтоолд хориг тавих бүрэн эрхтэй гэж ойлгогдоно. Үүний оронд хэлэлцэх эсэхээр санал хураагаад олонхоороо хэлэлцэхээс татгалзах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа тэрбээр хэлсэн. Энэ удаагийн хоригийг хэрхэн, яаж шийдсэнээс үл хамаарч цаашид Ерөнхийлөгчийн хориг тавьж болохгүй асуудлыг жагсааж хориглож хуульчлах хэрэгтэй. Жишээлбэл, "Үндсэн хууль эсхүл бусад хуульд заасны дагуу тодорхой албан тушаалтныг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэр"-т Ерөнхийлөгч хориг тавихыг хориглох хэрэгтэй. Мөн, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан тогтоолд одоогийн Ерөнхийлөгч хориг тавьж эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан. Үүнийг ч мөн хориглож хуульчлах нь зүйтэй” гэдгийг хуульч О.Мөнхсайхан хэллээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл (1)
(202.55.188.93)
Ийм ерөнхийлөгчтэй улс хэзээ ч хөгжихгүй дахиж чамд нэр дэвших эрх байхгүй шүү