“Синофарм”-ын вакцины хоёр тун хоорондын зай нь хэр хол байж болох вэ?

КОВИД-19 вирусийн тархалт Монголд газар авч, нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн 18-д нь одоогоор уг вирусийн дотоодын халдвар бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 4 дүгээр сарын 10-наас 25-ны хооронд улс орон даяар бүх нийтийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хөл хориог илүү үр дүнтэй болгож, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүйн тул дархлаажуулалтыг хөл хорио дуустал зогсоож буйгаа Эрүүл мэндийн яам мэдэгдсэн.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад Монгол Улсын хувьд 4 төрлийн вакцин ашиглаж байгаа юм. Эдгээрийн дотроос манай улсад одоогоор хамгийн ихээр орж ирээд буй нь БНХАУ-ын төрийн өмчийн “Синофарм” эмийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн “Вероцелл” вакцин юм. КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын тэмцэлд дэмжлэг болох зорилгоор хоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ “Синофарм”-ын 300 мянган тун вакциныг Монгол Улсад хандивласан. Мөн Хятад улсаас Монгол Улсын Засгийн газрын худалдан авсан 300 мянган тун вакцин 4 дүгээр сарын 2-нд Улаанбаатарт буусан билээ.

“Синофарм”-ын вакцины хоёр тун хоорондын зай хэр хол байж болох вэ?

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудаст бичсэнээр, илүү дархлаа тогтоохын тулд вирусийн идэвхгүйжүүлсэн вакцинуудыг ерөнхийдөө нэгээс илүү тунгаар хийдэг аж.

Шинэ коронавирусийн идэвхгүйжүүлсэн вакцины хувьд эхний тун нь бие махбодийн дархлааны хариу урвалыг өдөөдөг бол хоёр дахь тун нь дархлааг илүү тогтоож өгдөг байна.

Хэрвээ вакцины хоёр дахь тунг дархлаажуулалтын товлосон хугацаанд хийлгүүлж чадаагүй бол боломжтой үедээ аль болох эрт хийлгэхэд болох бөгөөд дархлаажуулалтыг дахин эхлүүлэх шаардлагагүй гэжээ.

“Синофарм”-ын үйлдвэрлэсэн “Вероцелл” вакцин нь уламжлалт аргаар гарган авсан буюу вирусийн идэвхгүйжүүлсэн вакцин юм.

Тус үйлдвэрээс гаргасан мэдээдэлд дурдсанаар, уг вакцины хоёр дахь тунг эхний тунг хийлгэснээс хойш багадаа 3-4 долоо хоногийн зайтай хийлгэх нь тохиромжтой аж. Цаашилбал, хоёр дахь тунг 8 долоо хоногийн зайтай хийгэж болно.

КОВИД-19 вакцины хоёр дахь тунг товлосон хугацаанд хийлгэж чадахгүй бол үр дүнд нь нөлөөлөх үү?

Дэлхийн бүх л улс орон энэ цар тахлыг дарж авахын тулд вакцинжуулалтыг өрнүүлж байна. Гэхдээ вакцин үйлдвэрлэл, нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан вакцинжуулалтыг хойшлуулах асуудал гарч байна. Вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүс дараагийн тунг товлосон хугацаанд хийлгэж чадахгүй бол үр дүн нь буурах, эсвэл нэмэлт тунгаар хийлгэх шаардлагатай болох болов уу гэж Монголын төдийгүй дэлхийн олон улсын орны иргэд санаа зовж байна.

Тэгвэл АНУ-ын Нью-Йорк хотын Рочестер их сургуулийн дархлаа судлаач, микробиологич Дэвид Топхэм саяхны нэгэн ярилцлагадаа “Одоогоор дэлхий даяар гарган аваад буй коронавирусийн вакцинууд нь ерөнхийдөө хоёр тунгаар хийлгэдэг вакцинууд байна. Эхний тунг хийлгэсэн хүмүүс 3-4 долоо хоног, түүнээс ч урт хугацааны завсарлага авч байж хоёр дахь тунг хийлгэж байна” гэв.Тэрбээр цааш нь ярихдаа “Дархлаажуулалтын товлосон хугацааг хойшлууллаа гэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд вакцины үр дүн буурахгүй” гэжээ.

Мөн Америкийн Нью-Йоркийн их сургуулийн харьяа “NYU Langone Health” эрүүл мэндийн эрдэм шинжилгээний төвийн халдварт өвчний эмч, вакцин судлаач Адам Ратнер“Time” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Коронавирусийн вакцинуудын хоёр тун хоорондын зай нь 3-4 долоо хоногийн зайтай байх нь хамгийн тохиромжтой. Эхний тарилгаас 6 долоо хоног буюу түүнээс дээш хугацааны дараа хоёр дахь тунгаа хийлгэлээ гээд вакцинжуулалт үр дүнгүй болно гэсэн үг биш” гэжээ.

Дэлхийн хэд хэдэн улс орон, тухайлбал Их Британи коронавирусийн вакцины эхний тунг илүү олон хүнд хүртээхийн тулд хоёр дахь тунг хийх хугацааг зориудаар хойшлуулж буй бөгөөд АНУ-ын зарим мэргэжилтэн ч адил бодлого хэрэгжүүлэхийг улс орнуудад зөвлөж байна.

 

БичсэнСолонго

Ашигласан эх сурвалжууд:

http://www.nhc.gov.cn/wjw/hygq/202104/8e62004e41d6...

https://time.com/5952716/missed-second-vaccine-app...

http://www.health.gov.sc/index.php/2021/02/09/chan...

https://qz.com/1962114/what-if-i-dont-get-my-secon...

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)